Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэл хийв. Энэ үеэрээ тэрээр:  “Ерөнхий сайд асан С.Баяр 461 дүгээр ангид хоригдсон. Бид дөрөвдүгээр сарын 30-нд хоригдсон эсэхийг шалгаад олон нийтэд мэдээлсэн. Энэ сарын 3-ны өдөр АТГ-ын дарга Х.Энхжаргал түүнийг авчраад, өрөөндөө оруулан дарамталсан байх магадлал өндөр байна. Учир нь С.Баярыг авчраад мөрдөн байцаах ажиллагаа явуулсан бол тусгай камертай өрөө байдаг. Түүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой юм. Харин Х.Энхжаргал мөрдөн шалгах үйл ажиллагааны хуулийг зөрчиж, давуу байдлаа ашиглан С.Баярыг өрөөндөө оруулсан. Яагаад өрөөндөө оруулав гэдгийг тогтоохоор “Камерын бичлэгээ өгөөч” гэхэд  “Мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг учир та нарт хамаагүй” гэдэг хариу өгсөн. АТГ-ын даргын өрөөнд мөрдөн шалгах ажиллагаа явагдах ёсгүй шүү дээ. Тийм учраас бид Х.Энхжаргал С.Баярыг дарамталсан гэж үзэж байна.
Энэ дөч хоногийн дотор С.Баярын бие маш их муудсан. Олон нийтийн зөвлөл дээр хүмүүс С.Баярт хор өгчихөөгүй биз, хянаарай гэж уурлаж байна. Тиймээс бид Ерөнхий прокурорт С.Баяртай уулзалт хийх хүсэлт хүргүүлж байна. Энэ хүнийг нийгмээс тусгаарлаад, ямар нэгэн авлигын том гэрчийг устгах гэж байгаа юм биш байгаа гэдэг хардлага төрж байна" гэв.