sonin.mn
Ийм асуулт тавигдах болоод олон жилийн нүүр үзэж байна. Зургаан жилийн өмнөөс буюу 2012 оноос хойш энэ компанийн нэр олонд дуурсагдах болсон юм.
Уг нь “Хишиг Арвин Индустриал” ХХК нь 1997 оноос хойш уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өдгөө тэд “…Монгол Улсад гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлэн өргөжин тэлж буй үндэсний оператор компани” хэмээн тодорхойлдог болсон.
Гэхдээ “Хишиг Арвин Индустриал” ХХК нь 2011 оноос “Эрдэнэс Тавантолгой”-н Баруун, Зүүн цанхи, “Саусгоби Сэндс”-ийн Олон овоот, Оюутолгойн далд уурхай зэрэгт гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажлуудыг хийдэг болсон. Түүнчлэн зам, барилга зэрэг дэд бүтцийн олон ажлын үндсэн болоод туслах гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн байна. Тодруулбал, 2011 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-нийн зам засварын ажил, уурхайн олборлолт, хөрс хуулалт, тээвэрлэлтийн ажлууд, 2012 оноос “Оюутолгой” ХХК-ний олон улсын нисэх буудал барих ажлын туслан гүйцэтгэгч, 2013 оноос ““Эрдэнэс Тавантолгой” ХК-нийн Баруун Цанхийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээт оператор, нүүрс ачилтын ажил, 2015 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-нийн Зүүн Цанхийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг, 2016 оноос “Тийс”с компанитай хамтран “Рио Тинто”-гийн Оюутолгой зэс, алтны уурхайн налуу ам барих төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна.
Энэ компанийн ерөнхий захирал нь Батхишигийн Хишигдорж гэдэг хүн бий. Тээврийн техникумыг 1992 онд механикч мэргэжлээр,“Газарчин” дээд сургуулийг 2010 онд уул уурхайн бизнес удирдлагын мэргэжлээр төгссөн. 1997 оноос “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа юм байна.
“Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн нэр зургаан жилийн өмнөөс дуулдах болсон талаар өмнө нь хэлсэн.
Тэр үеэс л “Баруун Цанхийн “Хишиг Арвин Индустриал” компани хэнийх вэ” гээд хэвлэлүүд дуугараад эхэлсэн байдаг юм. Тухайлбал, www.uuluurhai.mn сайтад /http://www.uuluurhai.mn/?p=2493/ яг ийм гарчигтайгаар нийтлэлч С.Баяр бичиж байв.
Уг нийтлэлд “…Нэгэнт үндэс сууриа тавиад ажлаа эхлүүлчихсэн Тавантолгойн орд газрын ажлыг тун ч урагш муутай байна хэмээн эрх баригчид дүгнэв. Үүнийхээ дараа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Баруун Цанхид “Хишиг Арвин Индустриал” хэмээх компанийг оруулчихсан нь ихээхэн сонирхол татах болов. Засгийн газраас тендер зарлаж, нэлээд өндөр шалгуураар хууль журмын дагуу шалгаруулах ёстой атал ийнхүү эрх баригчид дур мэдэн компани оруулчихлаа. Чухам хэнийх нь халаасны компани вэ гэдгийг эрх баригчид машид нууцалж байгаа тул одоохондоо бид асуулт хэвээр үлдээлээ.
Зүүн Цанхид олборлолт явуулж байгаа “Энержи ресурс” Ухаа худагт боловсруулах үйлдвэрээ барьж, эрчим хүчний асуудлаа шийдчихсэн байхад “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага Тавантолгойн орд газарт ажил зогслоо гэсэн галыг нийгэмд асааж байгаа нь цаанаа учиртай. Тэр тусмаа энэ галыг эрх баригчид улам өрдөж байгаагаас харахад бүр ч ойлгомжтой.
Үүнээс ч  илүү сэтгэл зовоосон зүйл гэвэл Зүүн Цанхид ажил эхлүүлчихсэн компаниудад халдах хявдал.  Тиймээс Баруун Цанхийг яаравчлан ашиглахаар шуударлаа. Шуударч болноо, Гагцхүү тендэргүйгээр ямар гээчийн компани оруулчихав даа гэдэгт л асуудлын гол оршиж байгаа юм. Эрх баригчид яагаад сонгон шалгаруулалтгүйгээр Тавантолгойд компани оруулав гэсэн асуултад хариулахдаа “Цаг алдалгүй ажиллах хэрэгтэй. Орд газруудын ажил удааширч байна. Тэгэхээр бүх зүйл цэгцэртэл “Хишиг Арвин Индустриал” компанийг хөрс хуулалт хийлгэж байгаа” хэмээн хэнэг ч үгүй залж байна. Юу гэсэн үг вэ, хуулиа зөрчиж болно. Энэ хэнд ч хамаагүй л гэсэн үг биз дээ. Уг нь Засгийн газраас Тавантолгойн Баруун Цанхид үйл ажиллагаа явуулах тендер зарласан. Ийнхүү тендер зарласны дагуу АНУ- ын “Пибоди Энержи” саналаа ирүүлсэн ч үүнийг үл харгалзан өөрсдийн халаасны компаниа оруулсан тухай таагүй яриа газар авлаа. Авахаар барах уу, түймэр шиг дэгдэж байна, огт цурманд орох шинжгүйгээр дүрэлзэж эхэллээ. Эрх баригчдын стратегийн орд газар түшиглэсэн улстөржилт хийгээд санхүүгийн асуудал улмаар Зүүн Цанхи уруу ч дайрахад бэлэн байна. Учир нь Зүүн Цанхид ажиллаж байгаа Австралийн “Макмахон” компанийг шахах бодлого явуулж эхэлж байгааг эх сурвалж хэлсэн төдийгүй зарим хэвлэлд ч дурдсан байна.
Учир нь “Макмахон” компани нэг тонн нүүрсийг 27 ам.доллараар олборлож байгаа нь хэтэрхий өндөр үнэ юм байх. Харин дотоодын аж ахуйн нэгжийг оруулбал, тонн тутмыг 7900 төгрөгөөр олборлох боломжтой, тийм саналаа ирүүлсэн компани ч байгаа гэсэн юм. Тэгэхээр дотоодын компанийг шалгаруулаад ажиллуулах юм бол эдийн засгийн хувьд ашигтай, дотоодын компаниудаа дэмжсэн хэрэг болно гэсэн пиарыг нэгэнтээ цацаад эхэлжээ. Хэрвээ энэ үнэн бол сайхан л хэрэг боловч энэ бол худлаа, “Макмахон” компанийг шахах бодлогын эхлэл бөгөөд эрх баригчид өөрсдийнхөө халаасны компанийг энэ зүгт бэлдэж байна гэсэн мэдээлэл үнэний ортой юм.. Хамгийн гол нь манай дотоодын компаниуд уул уурхайн салбарт туршлага юу билээ, хөрөнгө мөнгөний асуудал ямар билээ, боловсон хүчин хэр билээ гээд олон асуудал хөндөгдөнө. Аливаа зүйлийг сурахын тулд туслан гүйцэтгэгч, орлон гүйцэтгэгчээр ажилладаг юм байна. Тэгэхээр бид эхний ээлжинд туслан гүйцэтгэгчийн хэмжээнд хэрнээ суралцах, баялгаа хянах маягаар ажиллах ёстой байсныг ч судлаачид дүгнэж хэлдэг. Эрдэнэтийн жишээ гэхэд л орос ах нар гардаад, бид туслан гүйцэтгээд, суралцаж ирсэн. Өдгөө Эрдэнэт хэмээх их айл Монголын ДНБ- ий багагүй хувийг дангаараа бүрдүүлсэн хэвээр. Одоогийн байдлаар бол Тавантолгойн Зүүн Цанхид Хятад 40 хувь, АНУ 24, Монгол Орос нийлээд 36 хувийг хуваан эзэмшиж байна. Эдийн засагчид болон мэргэжилтнүүдийн сүүлийн үеийн байр суурийг сонсоход “Тавантолгойн Баруун Цанхид Хятад, Америк, Орос-Монгол гэж хуваасан нь маш сайн болсон” гэлцэх болжээ. Уг нь бол нэг жилийн өмнө эдгээр эдийн засагчдын хувьд хуваарилалт нь маш муу болсон. Хуулиа зөрчсөн гэж хэлдэг байв. Уг нь “Улсын хөрөнгөөр хайгуул хийн ордыг илрүүлж, нөөцийг нь тогтоосон бол тухайн стратегийн ач холбогдол бүхий ордын 51-ээс дээш хувийг Монголын төр эзэмшинэ” гэсэн заалт Ашигт малтмалын хуульд байдаг. Мэдээжийн хэрэг Тавантолгой нь 6.5 тэрбум тоннын нөөцтэй, дэлхийд тэргүүлэх аварга том орд газар. Үүнээс Баруун Цанхийн нөөц тодорхой болж, 1.7 тэрбум орчим тонн, 800 орчим мянган тонн нь коксжих нүүрс юм билээ. Гэтэл ийм хэмжээний том хэсэгт эрх баригчид ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдийнхөө халаасны “Хишиг Арвин Индустриал”компанийг оруулчихаад ирээдүйгээ яаж харах гэсэн хэрэг вэ. Түүний оронд харин АНУ-ын компани орсон бол техник технологийн хувьд ч тэр, аль ч талаараа тэргүүлэх байлаа. Үндэсний компаниа ад үзсэн хэрэг огт биш шүү дээ. Стратегийн том орд газарт ямар ч тендергүйгээр орж байгаад л хамаг учир бий. Улс орны эдийн засаг, үндэсний эрх ашгаас эхлээд олон зүйл бий. Тиймээс “Хишиг Арвин Индустриал” хэмээх компани хэнийх юм, ямар учраас шалгаруулалтгүйгээр стратегийн том орд газарт орж ирж байна гэдгийг шалгах цаг нь иржээ” хэмээн бичсэн байдаг юм.
Бас www.tvmongolia.mn сайтад /http://tvmongolia.mn/read/2265?symfony=728d27105dd79a1afbb715bc299b4335/ “…“Эрдэнэс Тавантолгой” компани цахим хуудсаараа дамжуулан cap бүр шинэ тендер зарлаж байгаа. Тендер бүрийг оролцогчдынх нь нүдэнд ил тод нээлттэй задална хэмээн мэдэгддэг. Харамсалтай нь ил тод нэртэй ч далд өрнөдөг болсон Тавантолгойн тендерийн фактууд эхнээсээ ил болж эхлээд байна.
Тавантолгойн тендерийн талбар дахь улс төрийн олон үзэгдэлт тоглолт үргэлжилсээр байгааг ойрын өдрүүдэд болж буй үйл явдлуудаас харж болно Будилаантай, тодорхойгүй тендерүүдийн эгнээ өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын чуулганы танхимд “Эрдэнэс Тавантолгой”-н захирлыг дуудаж нэгэн үүрэг өгснөөр өргөжсөн юм. Урагшгүй уурхайн нүүрсний тээвэрлэлтийг шуурхайлахын тулд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Баруун Цанхид “Хишиг Арвин Индустриал” компанийг тодруулсан билээ. Үүнийгээ эрх баригчид “Цаг алдалгүй ажиллах хэрэгтэй. Орд газруудын ажил удааширч байна. Ажил цэгцэртэл “Хишиг Арвин Индустриал” компаниар хөрс хуулалтыг хийлгэж байгаа” гэж тайлбарлав. Уг нь Тавантолгойн Баруун Цанхийн тендерийг Засгийн газраас зарласан. Ялагчийг шалгаруулалтгүй тодруулж, томилох байсан бол тендер зарлаж, АНУ зэрэг гаднын орнуудын компанийн санал авч ганцаарчилсан тоглолт хийх хэрэг байсан уу гэх асуултад уул уурхайн салбарынхан “Улстөрчдийн халаасны компанид тендерийн шалгуур үйлчлээгүй” гэж хариулсан байдаг” гэсэн нь байна.
Мөн www.fact.mn сайтад /http://www.fact.mn/96610.html/ 2013 оны гуравдугаар сард “…Эрх баригчид өмнөхөө эрс үгүйсгэдэг өвчнөөр хүнд “өвджээ”. Сүүлдээ өөрсдөө засаг хамтарч барьж байснаа умартан юм л бол баруун хойд овоохой гэдэг шиг хамаг болохгүй бүтэхгүй муу муухай бүхнээ МАН руугаа чихдэг болов. Хоёр нам хамтарч засаг барьж байхдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулсан. Гэвч одоо энэ компани санхүүгийн хүнд байдалд орж, ажил үйлчилгээний төлбөр тооцоогоо ч хийж чадахаа больсон, ер нь л дампуурч байгаа юм байх. Үнэхээр дампуудав уу, яав гэдэг нь тийм ч тодорхой бус.
Юутай ч чоно борооноор гэгчээр цагаан сарын дараахан буюу шинийн 6-наас эхлэн Тавантолгойн Баруун Цанхид “Хишиг Арвин Индустриал”гэдэг компани бүрэн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулах болжээ. Уг компанийг хэзээ, ямар тендерээр хэн гэдэг эрх мэдэлтэн оруулсан нь одоогоор маш их нууцлагдаж байгаа ч сонгон шалгаруулсан мэтээр хэдийнэ оруулаад амжжээ.
Эндээс энэ онд 3.5 сая тонн нүүрс олборлох тооцоог Уул уурхайн яам гаргасан аж.
Тавантолгойд гэнэт тодорч гарч ирсэн “Хишиг Арвин Индустриал” хэмээх том лоббитой энэ компанийн талаар одоогоор хэн ч мэдэхгүй байна. Ямар ч байсан Монгол Улсын засаг төрийн толгой дээгүүр гараад ирж чаддаг л компани юм” гэж бичсэн байдаг юм.
Ийм өнгө аясаар өөр бусад хэвлэлүүд ч ингэж дуугарсан нь олон. Ингэсээр 5-6 жилийг ардаа орхиж өдгөө 2018 он болоод байна. Гэсэн ч “Хишиг Арвин Индустриал” компанийн дархан эрх улам зузаарч, Тавантолгойгоос гадна Оюутолгойн хамаг ажилд эзэн суудаг гэсэн яриа ч гэх үү, мэдээлэл ч гэх үү, нэг тийм “бор шувуу” байнга нисэх болов.
Түүнчлэн өнгөрсөн жил 2017 оны долдугаар сарын сүүлчээр www.newsmedia.mn сайтад / http://newsmedia.mn/8828/ нийтлэлч Б.Хурц “Ачилт зогсож, архидалт ихэссээр байна” гэдэг гарчигтай мэдээлэл нийтэлж байлаа. Түүнд “…Монголын 6000 орчим жолооч Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж аж амьдралаа залгуулдаг. Гэтэл ачилт зогсоод даруй тав дахь хоногийнхоо нүүрийг үзэж байна. “Ажилгүйчүүдийн эгнээг” дагасан архидалт газар авч, сошиал орчныг жинхэнэ утгаар нь “хөгжөөж” эхлэв шив. Харин энэхүү байдлын талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэргэжилтнүүд аргацаасан хариулт өгч, өдөр хоногийг өнгөрөөсөөр…Мэргэжилтнүүд “Та бүхний асуудлыг ойлгож байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг аль болох хурдан шийдвэрлэх талаас нь ярилцаж байгаа. Яг эцсийн байдлаар шийдвэр нь гарахаар Эрдэнэс Тавантолгой ачаа тээвэр гэсэн FB группт хариулт тавих болно” гэсэн албан бус тайлбарыг тус групын цонхонд нийтэлжээ. Үүнээс өөр ямар нэгэн хариулт байхгүй байгаа аж.
Харин жолооч нарын хувьд, үүсээд буй нөхцөл байдлын талаар дараах зүйлсийг бичжээ.
Тухайлбал, хамгийн дампуу газар бол “Эрдэнэс Тавантолгой” ХК юм. Дарга мастер ч гэж байхгүй эсвэл байдаг нь ажлаа хийдэггүй юм уу шөнийн ээлжний хэдэн цагаан жипнүүд нааш цааш давхиад л байна. Ковшнууд нь ачна гэж байхгүй, ачвал хэдхэн машин ачаад унтаад өгнө. Хэлэхээр унтах ёстой юмаа гээд өглөө 05:00 өнгөрөнгүүт ковшнууд нь буугаад явна. Тэр Хишиг-Арвины хэдэн ковшийн операторууд нь их том оо, ямар ч удирдлага байхгүй арай л нерв барсан дэндүү дампуу газар. Хэлж ярих ямар ч утас байхгүй. Энэ их нүүрс зөөж мөнгө олж байж өөрийн хэдэн ковш авч болдоггүй юм байх даа. Хоёр өдрийн орлогоороо л 20 ширхэг 780 авна…
Эрдэнэс Тавантолгойн уурхай жолооч нарыг үнэхээр гэсгээн цээрлүүлж байна. Хэдэн мянган машинд ачилт хийдэг хамгийн том уурхай байж ганц эгнээ, ганц харуулаар тэр олон машиныг хэтэрхий удаан уурхай руу нэвтрүүлэх юмаа. Уг нь дотор паркалдаг 3 том талбай байхад гаднаа оочeр үүсгэж жолооч нарыг өдөр шөнөгүй тамлаж байна. Жолоочийг хамгийн ихээр ядраадаг зүйл бол оочeр. Ганц модонд өргөн зам, унага, адууны хашаа, хоолой гээд өглөө 8:00-аас орой 20:00 цаг хүртэл оочeроор Монголын хил рүү нэвтэрнэ. 25 0 км-т шөнөжин давхиж ирээд Эрдэнэс Тавантолгойн гадна оочeрт татагдсаар маргааш өдөр нь ч уурхайд нэвтэрч чадахгүй, амрах гэхээр рeссээ алдчих гээд…гүрийсэн хэдэн жолооч нарын ажиллах нөхцөл улам л хүндрээд байх юм.
Энэ мэтчилэн сэтгэгдлүүд хөвөрч байна. Асуудал яг юундаа байгааг холбогдох байгууллагууд даруй тодруулж мэдээлэл өгөх биз ээ. Өдөр хоног өнгөрөх тусам хэдэн мянган жолооч, тэдний ар гэрийн аж амьдрал улам л доройтсоор байна шүү дээ!” гэсэн байгаа юм. Энд бичсэн мэдээллүүд ч анхаарал татна.
Ер нь энэ компани тасралтгүй 6-7 жил Монголын уул уурхайн хамгийн том ажлуудыг “хамсан” байдаг. Яг үнэндээ тэр бүх ажил нь “Хишиг Арвин Индустриал”-тай ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад бол хаа холын мөрөөдөл болж хувираад байгаа аж. Тэдэнд олддоггүй болохоор л тэр.
Бусад компани тэр ажлуудын тендерт уг нь оролцдог ажээ. Гэсэн ч  “Хишиг Арвин Индустриал” л шалгарах нь тов тодорхой болчихсон байдаг гэнэ. Хэдийгээр энэ нь компани, хувь хүмүүсийн хардлага байж болох ч бидэнд ирсэн нэгэн баримтаас харвал үнэний ортой байж мэдэхээр байна.
“Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” гэж байна. Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг шалгаруулах ЭТТ/201802173 дугаар бүхий тендерийн материал гэсэн үг. Зуугаад хуудас бүхий энэ баримт бичигт “Тендерийн материалын шаардлага” гэж хуудас байна.  Оролцогчдод тавьсан шаардлага юм л даа. Нийт 32 шаардлага тавьжээ. Үүний ганцхан нь болох Уулын ажилд ашиглагдах техник хэрэгсэл, машин механизм гэдэг дээр 90-ээс дээш тн даацтай автосамосвалтай байх шаардлагад л компаниуд бүдрээд унадаг аж. Ер нь бол зөвхөн энэ шаардлагыг давах компани “Хишиг Арвин Индустриал”-аас өөр бараг л байдаггүй юм байна.
Энэ бас л анхаарал татах факт. Зориудаар энэ мэтийн шаардлага орсон гэж үзвэл, бас энэ шаардлагыг “Хишиг Арвин Индустриал”-аас өөр баргийн компани давахгүй гэдэг нь үнэн бол ард нь асуудал байна гэсэн үг. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компани тендерээ  “Хишиг Арвин Индустриал”-д зориулж зарладаг юм байна гээд уншиж болохоор байна.
Ер нь “Хишиг Арвин Индустриал” ХХК-тай холбоотой батлагдаж нотлогдоогүй таагүй мэдээлэл ч их яригдах болжээ. Нэг ноцтой зүйл нь тус компанитай маш ойрын хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” захирал, эсвэл Ерөнхий сайдын шадар хүмүүстэй нэр бүхий томоохон зочид буудалд “покер”-дож өнждөг тухай улс төр, бизнесийн хүрээнийхэн хаа сайгүй ярьж байна. Үнэн эсэхийг нотлохоор хэвлэлүүд эрэн сурвалжилж, хуулийнхан хараа хяналтаа тавих биз ээ. Хэрвээ үнэн гэж нотлогдвол энэ ноцтой асуудал юм. Улстөрчид, албан тушаалтнууд, бизнесийнхний покерын ард өөр төрлийн “покер”  байдаг гэж ярьдаг. Гэхдээ энэ нь улс төр, бизнесийн хүрээнийхэн дунд нэвт яригдсан, нотлох шаардлагатай мэдээлэл гэдгийг дахин хэлье.
Эцэст нь “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийг тойрсон иймэрхүү эргэлзээ дагуулсан наад захын мэдээллүүд “нисдэг” болсоор удаж байна. Харин энэ бүх хугацаанд энэ компанид нөмөр нөөлөг болж, дээр дурдсан их мөнгөний томоохон ажлуудаг бөөн бөөнөөр нь тогтмол авч өгдөг цаад эзэн нь ил болсонгүй. Нууц хэвээр өнөөдрийг хүрэв. Тиймээс  “Хишиг Арвин Индустриал” гэж хэний нөмөрт байдаг компани вэ гэж асуух хүн улам олширч байна шүү?!
 
“Хишиг Арвин Индустриал” гэж хэний нөмөрт байдаг компани вэ?!
 
…“Хишиг Арвин Индустриал” хэмээх компани хэнийх юм, ямар учраас шалгаруулалтгүйгээр стратегийн том орд газарт орж ирж байна гэдгийг шалгах цаг нь иржээ