sonin.mn
Шатахуун түгээх станцууд хуурамч, чанаргүй шатахуун түгээж байгаа талаар “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос мэдэгдсэн бол үүнийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үгүйсгэсэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны тэргүүн О.БЯМБАДЭЛГЭРТАЙ ярилцлаа.
 
-Танай холбоо болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлээд байна. Шатахуун түгээх станцууд үнэхээр хуурамч, чанаргүй бензин түгээгээд байгаа юм уу. Ямар үндэслэлээр ийм мэдэгдэл хийсэн юм бэ?
 
-Маш их хэмжээний химийн бодис хил гаалиар оруулж ирж байгаа нь үнэн. Үүнийг Гаалийн ерөнхий газар ч өөрөө баталдаг. Энэ талаар тус газраас манай холбоонд албан бичиг ирүүлсэн. Тухайн албан бичигт Монгол Улсын хэмжээнд нефтийн нэмэлт бүтээгдэхүүн нэрээр жилд 50-60 мянган тонн химийн бодис оруулж ирдэг талаар бичсэн байсан. Гэхдээ тэр, энэ компани төчнөөн тонныг оруулж ирдэг гэсэн нарийвчилсан мэдээлэл байгаагүй. Хэдхэн хоногийн өмнө 280 гаруй вагон нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. Мөн 2016- 2017 онд 110 мянга гаруй нэмэлт бүтээгдэхүүн ямар ч татваргүйгээр оруулж ирсэн. Нэг вагон нэмэлт бүтээгдэхүүн 12 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан. Гэтэл онцгой албан татварыг тэглэсэнтэй холбоотойгоор энэ мөнгө гаднын компанийн ашиг болж байна.
 
-Та бүхэн Гаалийн Ерөнхий Газраас өгсөн энэхүү мэдээлэлд үндэслэж яриад байна уу. Аль эсвэл чанаргүй, хуурамч гэдгийг өөр эх сурвалжаар нотолж, баталсан зүйл байна уу?
 
-1990-ээд оны үед спирт их хэмжээгээр оруулж найруулан зардаг байсан. Шатахууны тухайд яг үүнтэй адил зүйл болоод байна. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн гэсэн нэр томьёо байдаг. Тодруулбал, өөртөө агуулдаг эрдэс бодисоос химийн 1000 гаруй төрлийн урвал буюу нэгдэл гаргадаг. Тухайлбал, хуванцар, гялгар уут хийдэг материал, никел, бүрмэл гэх мэт. Ийм олон давуу талтай. Гэтэл нефтиэс дизелийн түлш болон автобензин, моторын тосыг л зөвхөн гаргаж авдаг гэж олон нийт явцуу ойлгодог. Монгол Улс жилд сая гаруй тонн нефтийг түүхийгээр гадагш нь гаргаж байна. Манай улс одоогоос 20, 30 жилийн өмнө нефтьтэй болсноо зарлаж, шатахуунд санаа зовохгүй боллоо гэсэн ч энэ асуудлыг одоо хүртэл шийдээгүй. Тиймээс нефтийн үйлдвэрийг яагаад барихгүй, энэ асуудал хаана гацаад байгааг тодруулахаар судалж байлаа. Энэ явцад чанаргүй дизель түлш болон автобензин хил гаалиар оруулж ирдгийг тогтоосон. Эрдмийн ажлынхаа хүрээнд нефтийн туслах бүтээгдэхүүн болон автобензинийг судалдаг доктор, профессор нартай бид хамтарч ажилладаг. Тэд Монгол Улсыг нефтийн үйлдвэртэй болгох зорилго өвөртөлж түүнд амьдралынхаа 30 гаруй жилийг зарцуулсан.
 
-Ямар компани, аж ахуйн нэгж чанаргүй дизель түлш болон автобензин хил гаалиар оруулж ирээд байна вэ?
 
-Гадны “Трафигура” компани Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа нь сайшаалтай. Манай улсад тодорхой хэмжээний валютын эргэлт орж ирж байна гэсэн үг. Энэ компани дэлхийн 36 улсад химийн нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлдэг. Тэд импортолж байгаа химийн бодисоо “Транс” компанийн агуулахад хийж, сервис үйлчилгээний компаниар дамжуулан уул уурхай гэх мэт томоохон аж ахуйн нэгжид зарж, борлуулдаг. Мөн харьяа “Хар муур” импекс компани буюу шатахуун түгээх станц нь жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Ийм дамжлагаар ажиллахын зэрэгцээ шатахуун түгээх маш олон станцад нийлүүлдэг. Гэхдээ цэвэр, чанартай шатахуун түгээж буй дотоодын компани олон бий. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1300-гаад шатахуун түгээх станцын 400-500 нь тухайн компаниас чанаргүй дизель болон автобензин авч байна. Эдгээр шатахуун түгээх станц агуулах савгүй, мөн санхүүгийн чадавхи муутай учраас дээр дурдсан компаниуд тэдэнд уян хатан нөхцөлтэйгээр бүтээгдэхүүнээ санал болгодог. Тиймээс худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлж байна.
 
-Компаниудын нэрийг яагаад олон нийтэд зарлахгүй байгаа юм бэ?
 
-Тухайн компаниас дизель болон автобензин авч буй шатахуун түгээх станцуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тогтоож, олон нийтэд зарлах үүрэгтэй. Энэ асуудлаар ШӨХТГ манай холбоотой хамтран ажиллахаар болсон. Манай холбооноос тухайн компаниудын нэрийг олон нийтэд зарлаж болно. Гэхдээ зарлахгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт, эх үүсвэрийг нь таслан зогсоосноор тухайн асуудал зогсоно. Юуны түрүүнд эх үүсвэрт нь хариуцлага тооцож, арга хэмжээ авсны дараа дотоодын жижиг аж ахуйн нэгжид зохих хариулцлагыг нь тооцож болно. Хоёрдугаарт, хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн нэрийг төрийн байгууллага зарлаж, зохих арга хэмжээг авах учиртай. Бид зарлавал Зөрчлийн тухай хуулиар эргүүлээд биднийг буруутгах эрсдэлтэй. Бидний барьж буй зарчим бол эхлээд эх үүсвэрийг нь таслан зогсоох юм.
 
-Монголд хуурамч шатахуун байхгүй, чанарыг нь сайжруулах зорилгоор актон буюу чанаржуулагч нэмж болдог гэсэн тайлбарыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байна вэ?
 
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Тухайн байцаагч нефтийн бүтээгдэхүүний талаар ямар ч ойлголтгүй юм билээ. 2017 онд баталсан Монгол Улсын стандарт гэж бий. Үүнд “Бензин импортлогч, борлуулагч нь бензинд актон, тоо нэмэгдүүлэгч болон бусад чанар сайжруулагчийг нэмж, хольж болохгүй” гэж заасан. Хэрэв, дотоодын болон гаднын импортлогчид энэ стандартыг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээх ёстой. Ямар ч байгууллага, аж ахуйн нэгж, компани Монгол Улсын хууль, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Мөн Газрын тосны тухай хуульд “Монгол Улсад газрын тос, тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын болон дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд, өөрийн харьяанд байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан. Үүнээс харахад ойлгомжтой. Дээр дурдсан гаднын хөрөнгө оруулалтай компани тухайн хоёр хуулийг зөрчиж байгаа юм. Холбогдох хуульд маш тодорхой заасан байхад шалгаж, хариуцлага тооцох байгууллага нь өөр тайлбар хийж, олон нийтийг төөрөгдүүлж байна.
 
-Энэ асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад ямар хариу өгсөн бэ?
 
-Анх ажлын хэсэг хамтарч, байгуулаад энэ асуудлыг шалгах санал тавьсан. Тухайн үед биднийг дэмжээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүсэлт гаргахыг зөвлөсөн. Гэтэл тухайн газраас 2017 онд ажлын хэсэг байгуулан шалгалт явуулсан учраас дахин ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэдэг хариулт өгсөн. Тиймээс бид тухайн шалгалтын дүгнэлтийг гаргаж өгөх хүсэлт тавихад “Нэр бүхий аж ахуйн нэгжүүд хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэдэг саналыг Ашигт малтмал газрын тосны газар руу хүргүүлсэн” гэдэг хариу өгсөн.
 
-Та эсвэл танай холбооны хувьд шатахуун түгээх станцуудтай эрх ашгийн зөрчилтэй юм биш биз дээ. Ингэж хардах хүн цөөнгүй байна?
 
-Би эрх зүйч, хуульч мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ ажилладаг. Надад болон манай холбоонд шатахуун түгээх станц байтугай таван литр бензин хийх ч сав байхгүй. Үүнийг би баттай хэлнэ. Бид хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө энэ асуудлыг нийгэмд ил болгосон.
 
-Чанаргүй дизель, бензин хэрэглэснээр автомашинд хэдий хугацааны дараа сөрөг нөлөө нь мэдэгдэх вэ?
 
-Манай холбоо химич, эрдэмтэн судлаачтай хамтарч ажилладаг. Мөн автотехникийн ухааны доктор, профессоруудтай ажиллаж, зөвлөгөө авдаг. Бохир, чанаргүй бензин, дизелийн түлш хэрэглэснээр автомашинд ямар гэмтэл гарч, иргэд хэрхэн хохирч байгаа талаар судалгаа явуулсан. Тухайн автомашиныг үйлдвэрлэгч орон моторт нь норматив тогтоодог. Түүнээс илүү шаталттай, чанаргүй дизель, бензин шатахуун хэрэглэснээр эвдрэл их гардаг. Үйлдвэрлэснээс хойш зургаан жилийн хугацаанд сервис үйлчилгээ хийхгүйгээр явах боломжтой автомашин бохир, чанаргүй шатахуун хэрэглэснээс үүдэн 2-3 жилээр насжилт нь багасах эрсдэл бий. Нэмэлт бүтээгдэхүүнээр хийсэн хуурамч шатахуун машины зүрх болсон моторыг гэмтээж, эдэлгээг нь богиносгодог хор уршигтай.
 
-Төрийн бус байгууллага, холбоод ямар нэгэн асуудлыг хөндөн гаргаж ирчихээд чимээгүй болдог тал бий. Танай холбооны хувьд цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
 
-Энэ асуудлын эцсийг нь хүртэл явна. Засгийг газар, Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон холбогдох байгууллага руу албан бичиг хүргүүлсэн. Нэгдүгээрт, нефтийн нэмэлт бүтээгдэхүүн нэрээр хууль бус, стандартын шаардлага хангахгүй дизель болон автобинзен үйлдвэрлэж байгааг таслан зогсоож, хариуцлага тооцох хэрэгтэй. Хоёрдугаарт, нефтийн үйлдвэртэй болох ёстой. Хэрэв, өнгөрсөн жилүүдэд нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс татвар авч байсан бол улсад 60 орчим тэрбум төгрөг төвлөрөх боломжтой байсан.
 
 
C.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин