sonin.mn
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад, нэг нэгээрээ цувран биеийн байдал нь муудсанаас эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон хэмээн Улсын II төв эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаа билээ. Энэ талаар тус эмнэлгийн захирал Г.Баясгалангаас эмчилгээний талаар тодрууллаа.
 
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн биеийн байдлын талаар хэр байгаа вэ?
 
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр /уржигдар/ манай эмнэлэгт ирсэн. Мэс заслын эмгэгтэй байгаа. Түүнд үзлэг, шинжилгээ хийгдэж байна. Биеийн байдал нь амь насанд нь нөлөөлөх биш ч яаралтай мэс засал хийгдэх шаардлагатай байгаа.
 
-Ямар оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна?
 
-Оношийн тухайд яаралтай журмаар хагалгаанд орох шаардлагатай. Хувь хүний эрүүл мэндийн нууц гэж асуудал бий. Тиймээс яг тийм, ийм оноштой гээд улс орон даяар зарлаад байх боломжгүй.
 
-Хэзээ мэс засал хийх вэ?
 
-Маргааш /өнөөдөр/ өглөө.
 
-Мэс заслын дараа хэд хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай вэ?
 
-Хувь хүний биеийн байдлаас болно.
 
-Ерөнхий сайд асан С.Баяр хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдал ямар байгаа бол?
 
-С.Баяр даргын бие сайжирч байгаа. Архаг өвчин учраас тодорхой хэмжээнд эмчилгээ үргэлжлүүлэн хийх шаардлагатай.
 
-Эмнэлгээс гарах хугацаа нь тодорхой болсон болов уу?
 
-Яг тэдэнд гэж хугацаа хэлэх боломжгүй.
 
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"