sonin.mn
Ой хээрийн хортон шавжийн нэг хачигны идэвхжил эхэлж, одоогийн байдлаар 700 гаруй хүн хазуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч Л.Роломжаваас дараах зүйлийг тодрууллаа.
 
-Амралт зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед хачигт хазуулсан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг талаар зөвлөгөө өгнө үү?
 
-Ойн хачигны шүлс мэдээ алдуулах бодистой байдаг учраас хүн хазуулж байгаагаа мэдэхгүй өнгөрөх нь бий. Тиймээс ой модтой газар аялж байгаа бол 3-4 цаг тутамд өөрийн болон бусдынхаа биед үзлэг хийж, шалгаж байх нь чухал. Хачигт хазуулсан бол нүд үрэвсэх, ухаан алдах улмаар гар, хөл саажих эрсдэлтэй. Хачиг нь ихэвчлэн хүний нимгэн арьстай суга, цавь, чихний ар хэсэг, үсэнд байрладаг.
 
-Хачигны голомтот газар гэж байдаг уу. Бодвол ой мод ихтэй нутаг оронд л байх болов уу?
 
-Манай улсын 12 аймгийн 53 сум, нийслэлийн долоон дүүрэгт хачигт рексиозын байгалийн голомттой гэж үздэг. Тэдгээр нь ихэвчлэн ой мод, өвс ногоо ихтэй газар гэж ойлгож болно.
 
-Түүнээс урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?
 
-Юуны өмнө вакцин хийлгэж болохоос гадна тод өнгийн хувцас өмсөх нь хамгийн энгийн арга зам. Хачигт хазуулснаас өндөр хэмтэй халуурах, огиулж бөөлжих, толгой, булчин, хүзүү нуруугаар өвдөх зэрэг анхны шинж тэмдэг илэрдэг. Хачигны идэвхжил 5-7 дугаар сард эрс нэмэгддэг учраас ой мод, өндөр өвс ногоотой газраар алхах, аялж зугаалахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрвэл нийслэлийн ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын төв болон орон нутгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хандах нь зүйтэй.
 
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин