sonin.mn

Амьдын зол, үхсэний хохь гэж үг бий. Эсрэгээр нь үхсэний зол, амьдын хохь ч гэж хэлж болно. Чухамдаа аливаа луйврын ард дээр хохирогч байх нь зүй ёсны хэрэг. Харин хэд хичнээн байна гэдэг тоо, чанар нь онц биш. Сүүлийн хэдэн cap хурцаар яригдаад байгаа “Хэнтий Хангай” ХХК-ийн асуудлаар иргэд гомдоллох боллоо. Тус компанийн захирал Ц.Амгалан нь 2012 оны 05-р сарын 19-нд зуурдаар нас барсан. 60 ажилчин нь ажилгүй болж, компанийн дөрвөн тендер нь буцаагдлаа. Талийгчийн гэр бүлийнхэн дарамтанд амьдарч байна. Тэдний хувьд “Үнэн” гэдэг зүйл өссөн төрсөн нутагт нь үйлчлэхгүй болжээ. Бурхангүй газар бумба галзуурна гэгчээр Ц.Амгалан агсаныг өнгөрснөөс хойш тус компанийн ня-бо Ц.Оюунтуяа нь хэрээс хэтэрсэн эрх мэдэл гаргах болжээ.

Баримт 1

Эх сурвалжуудын мэдээлснээр Ц.Оюунтуяа нь эрүүгийн хэргийн 150-р зүйлийн 150-3 дахь хэсэгт заасан хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдаа прокурорт шалгагдаж байгаа нэгэн бөгөөд 2011 оны 11-р сарын 30-нд Хэнтий аймгийн Прокурорын газраас улсын бүртгэлийн хэлтэст албан тоот явуулсан байна. Түүндээ “Тус мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа Ц.Оюунтуяа үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх лавлагааг гаргаж өгч манай албанд туслана уу” гэжээ.

 

Уг албан тоотод Цагдаа, Прокурорын газрын холбогдох хүмүүс гарын үсгээ зурж явуулсан байна. Хариуд нь 2011.12.01 №212184 тоотоор Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс албан тоот илгээжээ. Албан бичигт танай 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгийг хүлээн авч танилцлаа гэж дурьдаад “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн гуравдутаар зүйлд зааснаар Ц.Оюунтуяа нь эд хөрөнгө өмчлөх, эзэмших ашиглах бүртгэл манай цахим бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэсэн хариу өгч тус хэлтсийн дарга гарын үсгээ зурж, тамгаар баталгаажуулсан байна.

 

Гэтэл Ц.Оюунтуяаг хөрөнгөгүй болохыг мэдэгдсэн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Энхцэцэг 2012.08.16-ны өдөр нотариатчаар баталгаажуулсан нэгэн тоотыг мөн баталгаажуулжээ. Гэхдээ үүнийгээ /эрхийн улсын бүртгэлийн Ү-1817002574 дугаарт бүртгэгдсэн, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С-29 дүгээр байрны 29 тоот орон сууцны өмчлөгч нь Ц.Оюунтуяа бөгөөд мөн хоёр эзэмшигчийн хамт бүртгэгдсэн байхыг дурьдаад өнөөдрийн байдлаар үл хөдлөх, эд хөрөнгөнд үүрэг ноогдуулсан бүртгэл бүртгэгдээгүй байна гэжээ.



Баримтын тайлбар :

Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдаа прокурорт шалгагдаж байгаа “Хэнтий Хангай” ХХК-ийн ня-бо Ц.Оюунтуяад аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга асан Х.Энхцэцэг мөн тус хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч У.Мөнхцэцэг нар нийлэн эрх мэдлээ ашиглан юуны тулд, ямар учраас хуурамч баримт бичиг үйлдэж өгсөн юм болоо?

 

Төрийн жинхэнэ албан хаагч, УБХэлтэс ахлаж явсан хүн энэ мэт алдаа, хоёр талтай албан тоот үйлдэж, ард түмнээр тоглож, тохуурхаж, хууль хяналтын байгууллагыг доромжилж болох уу. Х.Энхцэцэг үнэн учрыг нь мэдээд гомдол гаргахаар очсон талийгчийн гэр бүлийнхэнд “би мэдэхгүй, компьютерийн алдаа” гэж хариулт өгсөн гэж байгаа.

 

Тэгээд ч зогсохгүй Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүрэгт ажлаа түрүү долоо хоногт хуучин даргад нь хүлээлгэж өгсөнийг олон хүн гайхаж байсны гол учир зангилаа энд байсан юм биш биз гэсэн хардалтыг өөрийн эрхгүй төрүүлж байх шиг. Ямартаа ч хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр ажлаа хүлээлгэж өгөх нь асуудал, хариуцлагаас мултрах шалтаг, шалтгаан биш байлтай.

 

Тэр ч утгаараа Авилгатай тэмцэх ерөнхий газраас талийгчийн хоёр охины нэр дээр албан тоот ирүүлсний дотор “Хэнтий аймгийн УБХ-ийн дарга Х.Энхцэцэг Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүлийн 7.1.3-т заасныг зөрчиж,    бусдад давуу байдал олгон баримт бичиг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар албан бичиг хүргүүлээд байна” гэжээ. Тэгэхээр энэ асуудал Х.Энхцэцэгийг ажлаас гарсанаар дуусахгүй нь тодорхой боллоо...



Баримт: 2

Ер нь Ц.Оюунтуяа гэгч энэ эмэгтэйтэй холбогдох энгийн баримтаас нягталж үзэхэд л дээрх даргаас эхлээд төрийн хэд хэдэн албан хаагчдыг Авилгалын торон сүлжээндээ татан оруулж, хуулийг гууль болгож, гуулийг лууль болон завхруулсан буй нь илчлэгдэж эхэлж байна. Харин үүний ардах хохирогчдыг төр засаг, удирдлагууд хар нүднээс хөмсөг гадуур” гэдэг шиг харах болсонд л хамгийн гол учир байгаа юм хэмээн “Хэнтий Хангай” ХХК-ийн захирал Ц.Амгалан агсны гэр бүлийнхэн гомдоллож манайд хандсан билээ. Тэгэхээр асуудлын гол эзэн болсон, тангараг өргөсөн төрийн албан хаагчийг хүртэл эгнээндээ элсүүлж хуулийг улан дороо гишгэхэд нь хамтран үүрэг гүйцэтгэсэн “Хэнтий Хангай” ХХК-ийн ня-бо Ц.Оюунтуяа гэж хэнсэн юм бол оо ?

Эх сурвалж: “Хэнтий Мэдээ”