Цагдаагийн байгууллагад энэ сард бага насны хүүхдээ эзгүй хээр ганцааранг нь орхисноос болж, сураггүй алга болсон тохиолдол хоёр бүртгэгдсэн. 
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн малчин С-н хоёр настай хүү энэ сарын 6-нд 19:00 цагийн орчимд гэрийнхээ гаднаас сураггүй алга болжээ. Түүнээс хойш орон нутгийн онцгой байдлын алба хаагчид болон цагдаагийн байгууллагын 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр баг хүүг эрэн хайх ажиллагааг найм дахь хоногтоо үргэлжлүүлж байна.
 Мөн энэ сарын 8-ны өдөр 13:00 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг, хоёрдугаар багийн Ар хоолой гэх газар буюу Баян-Уул сумын Цайдмын нуурын хойд талд (сумын төвөөс зүүн зүгт 22 орчим км-ын зайд) оршин суудаг малчин Х-ийн охин хоёр настай У ээж, эгчтэйгээ хонио эргүүлж, байгаад сураггүй болсон.
Энэ тухай дуудлагыг Сэргэлэн сумаас тухайн өдрийн 20:36 цагт Бүсийн төв Онцгой байдлын газарт утсаар мэдэгджээ. Өчигдрийн 16:00 цагийн байдлаар алга болсон охиныг эрэн хайх ажиллагааг дөрөв дэх өдрөө үргэлжилж, нийт 83 хүн  долоон автомашинтай ажиллаж, эрлийн ажиллагааг 05:00-22:00 цагийн хооронд 10 км-ийн радиус дотор явуулж байгаа гэнэ. Охиныг аврах, эрэн хайх ажилд Дорнод аймгийн Сэргэлэн сумаас 13 иргэн, гурван автомашин, Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах ангийн захирагч Ц.Даваацэрэнгээр ахлуулсан 10 алба хаагч нэг автомашин, Цагдаагийн газраас дэд хурандаа Ж.Баянжаргалаар ахлуулсан 10 алба хаагч хоёр автомашинтай ажиллаж байна.
Мөн тус аймагт байрлах Хилийн цэргийн 0132-р ангийн штабын дарга, хошууч Д.Дашдэндэвээр ахлуулсан хоёр алба хаагч нэг автомашин, хоёр нохойтой, Дорнод аймгийн Гэр бул хүүхэд залуучуудын хөгжлийн газрын гурван ажилтан, Зэвсэгт хүчний 327-р ангиас тэргүүн ахлагч П.Гантулгаар ахлуулсан 54 алба хаагч нэг автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэнэ.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр улирал, цаг агаарын тааламжтай байдлаас шалтгаалан бага насны хүүхдэд тавих хараа хяналт сулрах, анхаарал, сэрэмж алдсанаас хүүхэд төөрөх, сураггүй алга болох гол, нуурын усанд живэх, араатан амьтанд бариулах зэрэг тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Энэ төрлийн золгүй хэргээс болж өнгөрсөн онд хоёр хүүхэд осгож, таван хүүхэд усанд живж нас барсан байна. Тиймээс холбогдох байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нарт хандаж хүүхдийг гэмт хэрэг, зөрчил үйлдэх болон өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, хүүхдээ учирч болох эрсдэлээс хамгаалах, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахыг анхааруулав.
 
Б.Билгүүн
Эх сурвалж: "Өглөөний" сонин