sonin.mn
Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Баян-Өлгий болон Дорнод аймагт малчин айлын хоёр настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд сураггүй болсон. Алга болоод охин найм, хүү 11 хонож байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын "Загаст нуур" гэх газарт тус сумын харьяат малчин С-ийн хоёр настай хүү алга болсон юм. Хүү зургаадугаар сарын 6-ны өдөр 19.00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон байна. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн албан хаагчид эрлийн ажиллагааг зургаадугаар сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учир хүүгийн ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийг зогсоосон байна. Харин охины хувьд Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян-Уул гэх газарт ээжтэйгээ хамт малд явж байгаад сураггүй алга болсон.Тус аймгийн Онцгой байдлын газарт охиныг алга болсон талаарх мэдээлэл зургаадугаар сарын 8-ний өдрийн 20.36 цагт иржээ. Дуудлагын дагуу эрэн хайх аврах ангийн алба хаагчид "Баян-Уул, "Цайдамын нуур" гэдэг газар 10 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зургаадугаар сарын 12-ны өдөр эрлийг түр зогсоожээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Алга болсон газрууд нь хүний хөлөөс зайдуу, төв суурин биш алслагдмал учраас хүн авч явсан байх магадлал бага. Тиймээс хүүхдүүдийг гол усанд осолдсон, эсвэл тас шувуу шүүрсэн байж болзошгүй гэсэн нөхцөл байдлаар эрлийг үргэлжлүүлж байгаа аж.
 
Эх сурвалж: "Монголын үнэн"сонин