sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Захиргааны ерөнхий хуульд Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах буюу үйлчлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах эрхтэй байхаар заасан. Энэ нь Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэж,  45 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” хэмээн заасантай зөрчилдөж буй юм. Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 тоот дүгнэлтэд “Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газрын эрх хэмжээнд халдсан” хэмээн дурьджээ. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлийг тодорхой болгох буюу хуулийн үйлчлэлд Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захирганы төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хамаарахгүй байхаар төсөлд тусгасныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.
Мөн тэрбээр, “УИХ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Үүний дагуу Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой тогтоол баталсан ч үүнийг Захиргааны хэргийн шүүх дээр удаа дараа унагаж байна. Тиймээс энэ ойлгомжгүй байдлыг таслан зогсоохын тулд хуулийн төслийг боловсруулсан” гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд хуульд өөрчлөлт оруулахгүйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах боломж байгаа эсэхийг тодрууллаа.
ХЗДХ-ийн сайдын зүгээс Захиргааны хэргийн шүүх УИХ, Засгийн газрын шийдвэрийг олон удаа зогсоож байгааг дурьдаад, “Энэ шүүхэд ашиг сонирхлын зөрчилтэй олон хүн ажиллаж байгаа. Худалдаа, хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн ажиллаж байна. Тиймээс хуульд өөрчлөлт оруулахаас өөр арга байхгүй” хэмээв.
Өнгөрсөн онд Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцсэн 2000 гаруй нэхэмжлэлийн 80 хувийг хууль бусаар ажлаас халагдсан иргэдийн асуудал эзэлжээ. Өөрөөр хэлбэл, бүх шатны төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг Захиргаан хэргийн шүүх хянахгүй байхаар зохицуулах нь хууль бусаар ажлаас халагдсанаас эхлээд жирийн иргэн, төрийн албан хаагчдын эрх ашгийг зөрчих магадлалтай юм. Тиймээс зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь болон бусад стратегийн орд, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой Засгийн газрын шийдвэрүүдийг томоохон Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй байх, бусад шийдвэрийг хянан зохицуулахаар тусгах хэрэгтэй гэдгийг Л.Мөнхбаатар, Ж.Батзандан нарын гишүүд хэлэв. 
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг