sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Энэ үеэр Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн үгнүүдээс ишлэн хүргэж байна.
 
...Нэгдүгээрт, Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. 2005 онд энэ асуудлаар маргаан гараад Цэцийн дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтэд Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Хоёрдугаарт, УИХ “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар тодорхой шийдвэр гаргасан. Энэ бол төрийн эрх барих дээд байгууллагын тогтоол. Засгийн газар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу тогтоол гаргасан. Гэтэл УИХ-аас Засгийн газарт өгсөн даалгаврыг шүүх дээр удаа дараа унагах ажиллагаа хийгдэж байна. Үүнийг засах гэж энэхүү хуулийн төслийг өргөн барьсан юм. Гишүүдээс ажил хэрэгч санал гарвал хамтарч ажиллахад бэлэн байна.
 
... Энэ хуулийн төслийг  өргөн барьсантай зэрэгцсэн захиалгат үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Би үүнийг их сайн зүйл болж байна гэж харж байна. Нуугдаж байгаа хүмүүс нь ил гарч ирж байна. Үүнд олзуурхаж байна.
 
...УИХ, Засгийн газрын шийдвэрийг хянадаг цорын ганц байгууллага бол Цэц. Цэц бол Үндсэн хуулийн хуулийн шүүх. Л.Болд гишүүн асууж байна. Өөр арга алга уу гэж байна, тиймээ алга.  Шүүх цагаандаа гарсан байна. Ц.Элбэгдоржийн гол хүмүүс хөдөлж эхэллээ. УИХ-ын даргын хуулийн зөвлөх хөдөлж эхэллээ. Хотын даргын хуулийн зөвлөх ярьж эхэллээ. Ингэж тал талаасаа ашиг сонирхлоо хамгаалж байна. Тийм учраас эзэнтэй нь ярьж байна...
 
... “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхээс шийдвэр гаргах гэж байгаа юм. Үүнд нь энэ хуулийн төсөл саад болох юм. Өчигдөр АН-ын даргын зөвлөх байсан нөхөр намайг АТГ-т өгсөн байна лээ. Үүний өмнө “Эрдэнэт”-ийн ТУЗ хуралдаж томилгоо хийсэн юм билээ. Тэгсэн тэр хүнийг нь миний найз гэж байгаа юм. Ийм л байдалтай эцсийн арга хэрэглэж байна. Бүгдийг нь ил гаргаж ярих ёстой. Шийдвэр гаргаад байгаа шүүгч нар чинь даалгавраар ажилладаг болсон. Мөнгөтэй хүмүүс төлөөний хүмүүсээ шүүгчээр тавьдаг болсон. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж үзээд байгаа юм. Төрийн өмчийн хороонд өөрт нь ашигтай шийдвэр гаргадаг байсныг нь үнэлж Одмаа гэдэг хүнийг шүүгч болгочихсон юм. Тэр нь үүргээ гүйцэтгэж байна.
 
 ...Хуульч гэж яриад байгаа хүмүүсийн саналыг сонсож байгаа. Анхааралтай хандаж, ажиглаж байгаа. Тиймээс хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлчихсэн. Мөн намайг Төрийн  банкийг авах гэж байна гээд гүтгэлэг тарааж байна. Тэр надад ямар ч падгүй асуудал.
 
... "Засгийн газрын мэдээ" гээд сонин байна. Худалдаа хөгжлийн банкны эзэн Эрдэнэбилэгийн сонин шүү дээ. Миний эсрэг удаа дараа дайрч байна. Хэвлэлийнхэнтэй хаалтын гэрээ хийчихсэн мөртлөө өөрсдөө захиалга өгчихсөн. Ингэж цагаандаа гарсан байна. Үүнийг Монголын төр таслан зогсоох цаг болсон.