sonin.mn
Баянхонгор аймгийн Заг сумын "Эх булаг" (Их булаг ч гэж нэрлэдэг) нэртэй газарт "Централ Эшиа Майнинг" ХХК нь Ашигт малтмал, Газрын тосны газрын шийдвэрээр 411 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч "Алт ухна" хэмээн орон нутагт заналхийлж байгаа билээ. Хангайн нурууны мөстлөгөөс (Хөрсөн дороо мөсөн голтой) үүдэлтэй 20 гаруй булаг, горхиуд Заг Байдрагийн голын урсац үүсгэдэг юм. Баянхонгорчууд "Монголын Нууц Товчоо"- нд нэрлэгдсэн Заг Байдрагийн хүрэн бэлчирээ даган зуун зуун жил малаа маллан аж төрсөөр ирсэн түүхтэй.
Заг гол нь Заг сум, Бөмбөгөр сум, Бууцагаан сум, Баацагаан сумдын нутаг дэвсгэр дамжин хүн, малыг ундаалахаас гадна Говийн ганц нуур Баацагаан суманд орших Бөөнцагаан нуурийг үүсгэн тэтгэдэг билээ. Байгаль ээжийн бүтээл Бөөнцагаан нуурийн эх болсон ундарга бүхий газарт алт ухах "Централ Эшиа Майнинг" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, Аялал жуулчлалын яаманд удаа дараа хүргүүлсэн.
Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар албан бланк дээрээ тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт холбогдох бүхий газруудад хүргэсэн ч "Централ Эшиа Майнинг" компани "зэвсэг" техник жагсаан дайрсаар байгаа билээ. 4 сумын олон зуун айлын уух ус, ундаалах малаас гадна байгаль дэлхийн ан амьтан, жигүүртэн шувууд, өвс ургамал сөнөх, харангадах аюултай нөхцөл үүсэх юм. "Централ-Эшиа Майнинг" компанийн өмнө ард иргэд, орон нутгийн удирдлага, Засгийн газрын гишүүд ч хүчин мөхөсдөхөд хүрлээ.
 
 
 
 
Энэ компанийн ард талд хэн байдаг вэ гээд үзтэл 99 хувийг Баянхонгор аймгийн унаган хүүхдийн нэг Должингийн Эрдэнэбилэг та эзэмшдэг юм байна. Энэ нь нэг талаараа Баянхонгорчуудад таатай мэдээ байлаа. Баянхонгор нутгаас төрөн гарсан алдартай бизнесмэн Х.Баттулга, Ж.Оджаргал, Д.Эрдэнэбилэг нараар үргэлж бахархаж явдаг. Тийм учраас орон нутгийн иргэд, ан амьтад элэг татан таниас өршөөл эрэн гуйх гуйлт байна.
Та Хонгор нутгийг экологийн сүйрэлд хүргэж мэдэх, алт ухах ажиллагаагаа зогсоогооч ээ. Эцэг дээдсийн булш бурхан, хиригсүүр оршоосон, эх болсон байгаль дэлхийгээ тайван байлгах эр зориг, ухамсар, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага Д.Эрдэнэбилэг танд байгаа гэдэгт итгэж байна. Түүнчлэн Баянхонгорчууд бид "Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" гэдгийн адилаар малчид маань Д.Эрдэнэбилэг танд сэтгэлийн бэлэг барих хүсэлтэйг таалан болгооно уу. Монгол Улсын ямар ч иргэн 100 бог малтай байхад алт ухахгүйгээр сайхан амьдрах бололцоотой гэдэг.
 
 
Тийм учраас Заг сумын нутгийн малчид танд өсөх, үржих бололцоотой эм голдуу 100 залуу хонь өгөх хүсэлтэй байна. Хэрвээ таныг хүсвэл 100 хонийг оршин суугаа газарт тань хүргэхдээ баяртай байх болно. Заг Байдрагийн хүрэн бэлчир, гол усаа даган амьдрах Баянхонгорчууд бидэнд алтнаас илүү уух ус, үр ач нартаа үлдээх үзэсгэлэнт нутаг амьнаас үнэтэй гэдгийг бодолцон "Централ Эшиа Майнинг" компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоож өгнө үү хэмээн хичээнгүйлэн гуйцгааж байна.
Бидэнд албан ёсны хариу өгөхийг хүсье.
 
“Загийн голоо аварья” ТББ