Улаанбаатар хот хүүхдэд ээлгүй хот гэдгийг нь сүүлийн сар гаруй хугацаанд цахилгааны хүчдэл, элдэв  ахуйн ослоос амиа алдсан багачуудын тоо батлаад өгсөн. Гудамж талбайд хэд алхаад л ил утас, элдвийн хог хаягдал, золбин нохдоор дүүрсэн эрсдэлтэй орчин байх атал төр иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарах нь бүү хэл, ядаж эмчилгээ үйлчилгээ хийлгэх орчиныг нь бүрдүүлэхгүй, чив чимээгүй байсаар.... 
Жил тутам хүрээгээ тэлж буй их хот маань түлэгдэж, хөлдөж осгосон, амьтанд хазуулж хатгуулсан, арьс зөөлөн эдийн дутмагшил, арьсны том хэмжээний шарх, сэдрэлтэй идээт хүндрэл гэмтэлд зорих цорын ганц эмнэлэгтэй. Тэр эмнэлэг нь өнөөдрийг хүртэл “орох оронгүй”...
 
 
 
 
Улирлын шинжтэйгээр дээрх гэмтлийн зэрэг давталт ихтэй байдаг бөгөөд тус эмнэлэгт өдөрт дунджаар 200 гаруй хүн ханддаг бөгөөд, 30 орчим хагалгаа хийгдэж жилд дунджаар 7000 орчим хүнд яаралтай болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.
ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн байрыг МХЕГ-аас 2009 онд актласан ч төр асуудлыг нь шийдэж өгөхгүй “гүрийлгэсээр” ачааллаа дааж ядан коридортоо хүртэл өвчтөн хүлээн авах байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан ч эмнэлгийн хуучин муу байр хана таазнаасаа нурж, хөгц мөөгөнд идэгдэн өвчтөн авах нь байтугай эмч нар нь  байж суух аргагүй болсон тул эцэстээ эмнэлгийн барилгыг нурааж, Түлэнхийн төвийг нүүлгэсэн.
Хувийн эмнэлгийн хаяа бараадан, түрээсийн байранд хүндхэн нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байгаад одоо ГССҮТ-ийн бөөрөнд толгой хоргодож буй эмнэлгийн байрыг Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжаар барих шийдвэрийг Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэчихсэн. Буцалтгүй тусламжийн мөнгөөр тус төвийн барилгыг цогцоор нь барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгөөр хангаж 2017 онд ашиглалтанд оруулна гэсэн төлөвлөгөөг холбогдох яамнаас албан ёсоор мэдэгдсэнээр Түлэнхийн төвийн шинэ байртай болох хүлээлт Улаанбаатарчуудын дунд үүссээр удаж байна.
2012 оноос хойш үргэлжилсэн улсын эмнэлгийн “түрээсийн амьдрал” энэ намар эцэслэнэ гэсэн шийдвэр замхарч, барилгын явж ахицгүй, холбогдох албанаас чимээ ч үгүй байсаар.
Барилгын гүйцэтгэгчээр “Цаст” констракшн, “Нутгийн зам” компаниуд ажиллаж байгаа бөгөөд, төсөв төлөвлөгөө нь шийдэгдчихсэн гэх энэ барилгыг хэн ийнхүү “царцаагаад” байгаа нь сонин....
 
 
 
 
 
SONIN.MN