“Хус модонд уяулж, хотонгийн хошуугаар хусуулахсан”. Морь ингэж хүсдэг юм гэнэ лээ. Хүсэл нь биелвэл жигүүртэн мэт хурдалж, үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр…. Хэрэв ярьдаг бол мориноос өөрөөс нь “Чи үнэхээр тэгж хүсдэг юм уу” гэж асуухсан. Мөн л эрт дээр үеэс, үе уламжлан ирсэн гэх тодотголтой энэ яриа Монголд төдийгүй дэлхийд нэн ховордсон борцгор хотон шувууны мөхөлд хувь нэмрээ хэдийнэ оруулсан.
Мөхөл гэдэг үгийг хэрэглэсэн нь учиртай. Уутан эвэрлэг хошуутай, цагаан, саарал өнгөтэй маш гоёмсог энэ шувуу цагийн сайханд манай орны зэгс шагшуурга ихтэй, загасаар баялаг Бөөн цагаан нуур, Орог, Айраг, Хар-Ус, Хяргас зэрэг нууранд хэдэн зуугаараа нутагладаг, үрждэг байжээ. Харин сүүлийн хэдэн жилд хос хотон шувуу олсон тухай нэг ч мэдээлэл дуулдахгүй байгааг шувуу судлаачид халаглан ярьж байна. Өөрөөр хэлбэл, хотон шувуу манайд үржихээ больж, энд тэнд ганц хоёроороо л үзэгдэх болж.
Тэдний гол нутаг болох болох Хар-Ус нуур орчимд 2014 онд 32, 2015 онд 20 хотон тоологдсон байна. Харин үүнээс хойш энэ шувууны судалгаа, тооллого хийгдээгүй гэж Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас өчигдөр бидэнд хэлсэн юм. Зөвхөн манай улсад нутагладаг Монгол орны Улаанномд орсон борцгор хотон, Их Нууруудын хотгорыг жил бүр зорьж нүүдэллэн ирдэг хотон шувуу өнөөдөр ийнхүү устаж, үгүй болжээ гээд хэлчихэд нэг их буруудахгүйг дээрх тоо батална. Нуурын загасны нөөц багасч, орчин тойронд нь хүн, мал  ихэссэн нь тодорхой нөлөө үзүүлсэн ч энэ шувууны эвэрлэг, хатуу, урт хошуу нь үхлийнх нь шалтгаан болдгийг төдийлөн ярьдаггүй. 1980-аад оны сүүлээр борцгор хотонгийн хошуугаар хурдан морины хусуур хийхийн тулд маш олноор нь буудаж алсан түүхийг шувуу судлаачид ярьдаг. Хэдийгээр хэдхэн үлдсэн хотон шувууг нэн ховордсон амьтны тоонд багтааж, хатуу чанга хуулиар хамгаалдаг болсон ч уяачид эрж, сурагласан хэвээр байгаа бөгөөд хошуугаар нь хийсэн хусуурны наймаа ил, далд явагдсаар л байна.
 
ШИНЭ ХОШУУ 1.5 САЯАР ЗАРНА
 
 
 
Хотонгийн хошууг мөнгө, алтаар бүрж тоноглод нүдэнд нь шигтгээ нааж чимэглээд морины хусуур болговол 2-3 сая төгрөгийн үнэтэй болдог юм байна.
 
“Хотонгийн хошуу яаралтай зарна” гэсэн зарын дагуу залгахад “Надад байсан нь зарагдсан. Олоод өгч болно. Шинэ сайхан хошуу байгаа. Үнэ нь 1.5 сая төгрөг” гэсэн хариулт сонсов. Хотонгийн хошууг мөнгө, алтаар бүрж тоноглоод нүдэнд нь шигтгээ нааж чимэглээд морины хусуур болговол 2-3 сая төгрөгийн үнэтэй болдог юм байна. Мөн хошууных нь дор байх загасны уутаар морины дэл, сүүлний боолт хийж, доод эрүүний ясаар дэлний хавчаар хийдэг аж. Харин хусуур хийхдээ хошууг нь дээд эрүү, толгойтой нь хамт тэр чигээр нь ашигладаг нь дэндүү харгис харагдана. Моринд хайртай монголчууд зүгээр л гангарахын тулд бас нэгэн амьтны гавлыг тэр чигээр нь бүсэндээ зүүчихээд алхах нь даанч муухай. Хотонгийн хошуугаар хийсэн хусуур нь хагас зуун жилдээ эдэлгээ даах бөгөөд үе уламжлан ирсэн эд хэрэглэлээ нэгэндээ зарж байна гэж хаацайлах нь ч байдаг аж.
Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт олон тооны хотонгийн хошуу хилээр гаргахыг завдсан хэргийг цагдаагийнхан илрүүлсэн. Нутгийн залуус энэ хэргийг үйлдсэн бөгөөд Хятад руу гаргадаг гэдгээ хүлээсэн байдаг. Эх биеийг нь газарт булаад толгойг нь тасдаад аваад явчихдаг тухай ч ярьж байв.
Хотон шувуу нь үр төлөө үхэн хатан хамгаалдаг, хараал ихтэй амьтан тул тусгай анчин, бөө хүмүүс дом үйл хийж байж агнадаг гэсэн яриаг баруун нутгийнхнаас сонсов. “Манайд буудаад байхаар хотон үлдээгүй. Казакстанд байдаг тусгай үржүүлгийн газраас хошууг нь оруулж ирдэг. Хээр талд үхчихсэн шувууны хошууг авдаг” гэж зардаг, дамладаг хүмүүс нь олон нийтийн сүлжээнд тайлбарласан харагдана. Харин энэ талаар Ховд аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын ан амьтан хариуцсан мэргэжилтэн А.Нансалмаагаас тодруулахад “Сүүлийн үед хотон шувуутай холбоотой зөрчил нэг ч гараагүй. Казакстанаас оруулж ирдэг гэж ярьдаг. Гэхдээ би орж ирж байгааг нь хараагүй” гэж хариулав.
“Хэлбэр маяг хөөцөлдсөн зарим хүмүүсийн сонирхлыг ашиг хонжоо олох бизнес болгож чадаж байна л даа. Намайг нэг удаа Ховдод очиход ийм хусуур авахыг санал болгож байсан. Би татгалзсан. Мод, хулсаараа хийсэн хусуураа хэрэглээд болоод байхад цөөхөн байгаа хэдхэн шувуугаа дуусгах ямар хэрэг байна гэхэд агнадаггүй юм, Казакстанаас оруулж ирдэг юм гэж хэлж байна лээ. Тэгсэн ч гэсэн амьтны толгойг тоноглоод гангарч байгаа нь огт таалагддаггүй. Жигүүртэн мэт хурдлахыг бэлгэддэг гэж ярьдаг юм билээ. Хэрэглээний хувьд модон, хулсан хусуурнаас ямар ч ялгаа байхгүй” гэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач С.Амартайван ярилаа.
Олон улсын нэн ховор амьтны “CITES” жагсаалтад багтдаг энэ шувууны эд эрхтнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэн авчирдаг бол хил, гааль, цагдаагийнхан яагаад зүгээр суугаад байна вэ. Энэ шувууны талаар хөөцөлдөж, сураглахад судлаачдаас өөр тоймтой хариу хэлчих нэг ч байгууллага олдоогүйг энд тэмдэглэх хэрэгтэй. Ерөөсөө манай улсад зэрлэг амьтны хамгааллын асуудал олон улсын хэдхэн байгууллага, их дээд сургуулийн багш нарын судалгаанаас хэтрэхгүй байгааг сүүлийн өдрүүдэд хангалттай ойлгов.
 
ХОТОН ХАМГИЙН ТОМ УСНЫ ШУВУУ
 
Нас биед хүрсэн хотонгийн хошууны урт 37-45 см, далавч 160-180 см урт болж дэлгэгддэг, биеийн жин 99-12 кг хүрдэг өвөрмөц, үзэсгэлэнтэй шувуу билээ. Монгол орны төдийгүй дэлхий дээрх хамгийн том усны шувуунд тооцдог. Цагаан өнгөтэй, нуруу далавч нь саарал ,хөх саарал өнгөтэй. Цагаан хүзүүтэй, уутан эвэрлэг хошуутай, дагз хүзүүний арын өднүүд нь урт бөгөөд буржгар, холоос харахад дэл маягтай харагддаг байна. Зэгс шагшуурга ихтэй, том нууруудын арал, тохой, голуудын цутгалан орчимд нутаглах дуртай бөгөөд загaсаар хооллодог. Дөрвөн нас хүрээд үржилд ордог бөгөөд хүний хөлөөс дайжин явсаар өндөглөлгүй өнжих ч тохиолдол байдаг гэнэ. Үржлийнхээ үедээ их эмзэг үргэмтгий тул үүр, өндгөө голох тохиолдол элбэг гардаг юм байна. Ялангуяа шувууд өндгөө элгээрээ дарж бүлээцүүлдэг байхад хотон савраараа дардаг тул айлгаж цочоосон үед өндгөө бяцалж хагалах аюултай байдаг аж. Харин Монгол орон энэ шувуунд үржих таатай боломжийг олгосонгүйгээр барахгүй устаж үгүй болгосон түүхийг бичих бололтой. Манай улсын хуулиар борцгор хотонг 6.5 сая төгрөгөөр үнэлдэг. Хуулиараа бол энэ амьтны хошуугаар гангарсан хэн бүхэн агнасантай адилд тооцогдож энэ үнэлгээг хоёр дахин нугалсан торгууль хүлээх учиртай. Магадгүй дэлхийд нэн ховордсон хотон шувуу устаж үгүй болох цаг ирвэл манайх мориныхоо хусууранд гавлыг нь мөнхөлж үлдээсэн шүү гээд үзүүлэх хэрэг гарах вий дээ.
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин