sonin.mn
Нийслэлийн хэмжээнд 2018 он гарсаар 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1845 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдсэний 1609 буюу 87,2%-ийг объектын гал түймэр, 235 буюу 12,7%-ийг эрэн хайх, аврах ажиллагаа, 1 буюу 0,5%-ийг ой, хээрийн түймрийн дуудлага тус тус эзэлж байна.
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 35%-иар өсч, объектын гал түймэр 18,6%-иар, нийт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 3,9%-иар тус тус буурсан дүнтэй байна.
2018 оны 06, 07 дугаар саруудад аюулт үзэгдэл, техникийн болон ахуйн ослын нийт 399 удаагийн дуудлага бүртгэгдсэнээс объектын гал түймрийн 315, эрэн хайх. аврах ажиллагааны 83, ой, хээрийн түймрийн 1 удаагийн дуудлага тус тус гарсан байна
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймрийн дуудлага 19,8 хувиар буурч, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 62,7 хувиар өсч, нийт аюулт үзэгдэл, техникийн болон ахуйн холбогдолтой ослын тоо 10,7 хувиар буурсан байна.
Дээрх хугацаанд бүртгэгдсэн эрэн хайх, аврах ажиллагааны 83 удаагийн дуудлагаас үер усны холбогдолтой 37, зам тээврийн ослын 8, ахуйн ослын 16, барилгын холбогдолтой 4, бусад 18 удаагийн дуудлагаар тус тус ажилласан.
Эрэн хайх, аврах ажиллагааны 83 удаагийн дуудлагад 17 хүн амь эрсдэж, 181 иргэнийг авран хамгаалж, бэртэж гэмтсэн 11 иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ажилласан.
Мөн хугацаанд тохиолдсон гал түймрийн дуудлагыг шалтгаан нөхцлөөр нь авч үзвэл нийт дуудлагын 55,8 хувь нь ил задгай хог, хогийн суваг, өнжмөл өвс шатсанаас, 19,4 хувь нь цахилгаан техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас, 10,8 хувь нь пийшин зуух, яндангийн цонолтоос шалтгаалан гарсан байна.
Сүүлийн 2 сарын хугацаанд гал түймэрт өртөн 5 хүн нас барж, нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид гал түймрээс 107 иргэний амь насыг аварч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 1,4 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалсан байна.
Нийслэл хотод сүүлийн өдрүүдэд усархаг аадар бороо орж, зарим газраар үер бууснаас айл өрх усанд автсан тухай 28 дуудлага, 218 мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажилласан.
2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутаар, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2,3-р хэлтэс, Хан-уул дүүргийн цагдаагийн 1,2-р хэлтсийн бүрэлдэхүүнтэй эргүүлээр 33 удаа гарч, Туул голын эрэг дагуу амарч, зугаалж буй ард иргэдэд гол, тогтоол усанд живж осолдохоос урьдчилан сэргийлэх санамж хуудас 5842 тарааж, сэрэмжпүүлэг яриаг 11730 иргэнд хийж, голын эрэг дагуу байрласан 3575 автомашиныг ногоон бүсээс 50- 100 метрийн зайд гаргаж ажилласан.
Завьт эргүүлийн хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2 иргэн 2 хүүхдийн хамтаар гол гатлах гэж байсныг аюулгүй зөөвөрлөсөн, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн 3 эмэгтэй нар гол гатлах гэж байгаад хөл алдаж живж байхад нь аварч аюулгүй болгосон. Мөн 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Завьт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрхийн гүүрний дээд талд Туул голын салаа дотор Т.Батсайхан 5 настай эрэгтэй хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн байсныг олж аав н.Төгөлдөртэй утсаар холбогдож хүлээлгэн өгч Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэдтэй анхаарал тавих талаар мэдээлэл өгч, хүлээлгэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 4 дүгээр гудамжны дэргэд бага насны хүүхэд устай нүхрүү ороод алга болсон гэсэн дуудлагаар Нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай бүлэг ажиллан тус гудамжны дэргэд үерийн ,ус зайлуулах хоолойд 6 настай хүүхэд ороод гацсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн (хагас осголтын байдалтай байсан болно) НТТТөвийн 103-т хүлээлгэн өгсөн.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангаас зүүн тийш Маршлын гүүр явах замд туул голын эрэг дээр хүүхэд алга болсон дуудлагаар хүрэлцэн очиход иргэн Б.Мөнхбаяр /8 настай эрэгтэй/ усанд хөл алдаж урсаж байсан талаарх мэдээллийг хөндлөнгийн гэрчээс авч цагийн байдлыг үнэлэн усанд эрэн хайх аврах ажиллагааг яаралтай зохион байгуулан шумбалт хийн аварч, яаралтай тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын модон гүүрнээс дээш 500 метр зайд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болсон А Ариунтунгалаг 27 настай эмэгтэй, С.Энхбаатар 25 настай эрэгтэй, Д.Энхболд 31 настай эрэгтэй нарын 3 иргэнийг гол руу унаж, голын салаа дотор байсныг аврах завь ашиглан татан гаргаж ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн х/ч А.Алтанхүүд хүлээлгэн өгсөн байна.