sonin.mn
Худалдаа, Хөгжлийн банк дахин нэг дуулианд холбогдлоо. Тус банк хуучин төв салбарынхаа буурин дээр буюу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр шинээр байр барихдаа зэргэлдээ байгууллагуудынхаа аюулгүй байдлыг алдагдуулж, хууль бус, балмад үйл ажиллагааг хүч түрэмгийлэн явуулж эхэллээ. Тодруулбал тус банкны барилгын гүйцэтгэгч болох “Рийверстөүн пропертис” ХХК, “Эгц шугам” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний шөнө амралтын цагаар нийтийн эзэмшлийн зам талбайд байсан газар доорх бохир усны шугамыг өөрийн барилгын талбайгаас зайлуулах гэж оролдсон ба ингэхдээ нийтийн эзэмшлийн явган зам талбайг хуулж, өөрийн барьсан хамгаалалтын хашааг сунган барьснаас үүдэн явган зорчигчид чөлөөтэй зорчих боломжгүй болгожээ. 
Ер нь тус банкны шинээр барих гэж буй барилгын төлөвлөгөө нь бүхэлдээ хууль зөрчиж буй бөгөөд тухайлбал Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны шинээр барихаар төлөвлөж буй барилгын бичиг баримтад хяналт шалгалт хийгээд зэргэлдээ орших нийтийн орон сууц, Дүрслэх урлагийн музейн барилга орчны аюулгүй байдлыг хангаагүй, явган болон автомашины хөдөлгөөний аюулгүй байдал орц гарцыг шаардлагын дагуу шийдвэрлээгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 14, 16, 17, 25, дугаар зүйлүүдэд заасан шаардлага хангагдаагүй байна. Иймд шинээр барихаар төлөвлөсөн оффисын зориулалттай 28 давхар барилга орчны барилгуудын буурь сууринд нөлөөлөх эсэхийг тодорхойлуулсны дараа барилгын ажлыг эхлүүлэх шаардлагыг Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн. Гэвч уг шаардлагыг үл хайхран бүх нийтийн амралтын өдөр, баярын өдрийг далимдуулан шөнийн цагаар 70 орчим бөхчүүд, залуучуудыг хөлслөн хүч түрэмгийлэн дайрч, олон нийтийн өмч хөрөнгийг сүйтгэх, хүний бие, өмч хөрөнгөд бүдүүлгээр халдах арга замаар барилгын ажлыг эхлүүлэн явуулсан нь энэ аж.
 
 
 
 
 
Мөн Худалдаа хөгжлийн банкны шинээр барихаар төлөвлөж буй барилга нь 28 давхар, газар доошоогоо гурван давхар бүхий өндөр барилга ба хөрш зэргэлдээ барилгаас 8-11 метр орчим зайтай барихаар төлөвлөсөн. Энэ нь Барилгын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1.4-т: “барилга байгууламж нь зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэж заасныг зөрчиж, орчны барилгуудын тэсвэртэй байдал, галын аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Яг хажууд нь байрлах “Занабазарын музей”-н барилгын холбогдох нормыг зөрчиж байгаа юм. Барилгын дүрэмд нэгээс нөгөөд гал дамжих боломжгүй байх, аль нэг нь нурахад үүсэх гал түймрээс хол байхаар зайтай төлөвлөсөн байхыг шаарддаг. Дээрх шаардлагыг Худалдаа Хөгжлийн Банк үл хайхарч буй ажээ.
Мэдээж уг үйл ажиллагааны эцсийн хариуцлагыг тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон л  хариуцаж, хүлээх нь зүй ёсны хэрэг.
Тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон улс төрд орохоор ихэд хорхойсч, АН-д элсэн, улмаар Сүхбаатар дүүргийн АН-ын дэд  даргаар ажиллаж буй билээ. Банкны удирдлага улс төрөөс хараат байх ёстой гэсэн зарчим уг салбарт уг нь үйлчилдэг. Ч.Ганхуяг УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсоны дараа "Хас" банк түүнийг ТУЗ-аасаа чөлөөлж байсан жишиг ч байдаг. Гэтэл олон мянган харилцагчдынхаа итгэлийг хариуцах учиртай банкны захирал улс төрийн намын алба хашиж буй хачирхалтай тохиолдол О.Орхоноор эхэлж буй нь энэ юм. Нөгөөтэйгүүр Банкны захирал байхдаа ингэж илтэд хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлж, ийм хариуцлаггүй аашилж буй О.Орхон улс төрд орвол юу болох вэ? гэдгийг ч иргэд бодолцох ёстой биз ээ.
 
 
 
 
 
П.Мандах