Соёл эрдэм дээд сургуулийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга У.Соёлт шүүгч, прокурорууд үгсэн хуйвалдаж, шударга бус үйлдэл гаргаж байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс зүйн хороонд хандлаа. Тэрээр одоогоос 10 гаруй жилийн өмнө автомашинаа хулгайд алдсан бөгөөд Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан энэ хэрэг өнөө хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Түүнээс цөөн асуултад хариу авлаа.
 
-Хэрэг шийдэгдэхгүй өнөө хүрсэн шалтгааныг та юу гэж бодож байна?
 
- Энэ хэрэг 2001 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт гарсан юм. Тухайн үед би үйлдвэрээс гараад жил болж байсан "Ланд Круйзер" автомашинаа хулгайд алдсан. Хулгайч машиныг унаж яваад осолдуулсан байсан. Шүүхийн шийдвэрийн шатанд автомашины үнийг 12 сая буюу арав дахин бага ханшаар үнэлсэн. Бид уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан. Хохирлын мөнгөнөөс талыг нь нөхөж олгосон.Үлдэгдэл зургаан сая төгрөгийг өгөөгүй хэрнээ өгсөн гэсэн хуурамч бичиг баримтыг шүүхийн шийдвэрээр гаргуулчихсан байсан. Шүүхийн ёс зүйн хороонд энэ асуудлаар олон удаа очиж уулзсан боловч хүлээж аваагүй."Прокурортойгоо очиж асуудлаа хэлэлц" гэсэн хариуг удаа дараа өгч байсан. Өнөөдөр ч ийм л хариу өгч байна. Прокурор худал мэдүүлэг бичээд "бид нараас авсан" гэх хуурамч гарын үсэгтэй байсан. Тухайн үед бид Прокурорын ёс зүйн хороонд ч уг хэргийг шийдвэрлэсэн прокурорыг шалгуулах гомдол гаргаж, хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдож ажлаас нь татан буулгуулсан ч өдийг хүртэл шүүхийн шийдвэр өөрчлөгдөөгүй. Төрийн тугандаа тангараг өргөсөн прокурор шударга байх ёстой, хуулиа зөрчиж бусдыг хохироож болохгүй.
 
-Та хууль тогтоох байгууллага шударга байгаасай гэж өдийг хүртэл хөөцөлдсөн үү, эсвэл авч чадаагүй байгаа зургаан сая төгрөгөө нэхэмжилж энэ хүрсэн үү?
 
-Мөнгөнд байсан бол ингэж арван хэдэн жил өөрт алдагдалтай зүйлийн хойноос явахгүй. Би бусдыг хүмүүжүүлдэг багш хүн учир шударга ёсны төлөө тэмцэж байна.
 
-Та хуурамч бичиг баримттай нь танилцсан уу?
 
-Би Японы иргэн. Иймээс гадны иргэншилтэй хүнд харуулахгүй гэж хариуцсан хүн нь хэлсэн. Манай байгууллагын ажилтнуудаас авсан худал мэдүүлэг дээр хуурамч гарын үсэг зурсан байсан. Эхлээд тухайн хэргийг хариуцсан цагдаагаас прокурор хүртэл хуурамч бичиг мэдүүлсэн. Уг байдал даамжирж Төв аймгийн шүүх дээр тус хэргийг хариуцсан прокурорын хүү хуульчаар ажиллаж байсан. Ингээд уг хэрэгт ах дүү, хамаатан саднаараа нийлж хэргийг дарсан. Хууль хэрэгжүүлдэг байгууллага нь өөрөө хууль бус үйлдэл хийж байхад Монгол Улсад шударга ёс хэрэгжихгүй.
Шүүхийн ёс зүйн хорооноос энэ талаар тодруулахад "Хэвлэл, мэдээллийн албанд хандаж, тэднээр дамжуулж хариу авах ёстой. Бид сэтгүүлчдэд шууд мэдээлэл өгөх боломжгүй" гэв. Соёл эрдэм дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн У.Соёлын хуулийн зөвлөх Ч.Азараас энэ талаар тодруулахад "Ёс зүйн хороонд хандахад шүүхийн тогтоол хүчин төгөлдөр учир улсын прокурорт хандаарай гэж хэлсэн. Улсын прокурортой холбогдоход "Дээд шүүхэд хандах хэрэгтэй байх. Шүүхийн шийдвэр хүчингүй болсон цагт уг асуудлыг шүүн хэлэлцэж болно" гэсэн хариу өгсөн. Шударга ёс Монголын аль ч тогтолцоонд алга. Ганцхан компанид учирсан зөрчлийгшийдэж чадахгүй арван жил өнгөрлөө. Өчнөөн хүн залилчихаад эцэст нь би хохирогч, залилуулсан гээд гэмгүй хүнийг гүтгээд явахдаа сийхгүй хүн олон болчихожээ. Эдгээр бүх гэмт үйддлийн талаарх тодорхой баримтыг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард олонд дэлгэнэ. Шүүх, прокуророор шийдэгдсэн асуудал бодит байдалдаа зөрчилдөж байна" гэлээ.
 
Л.Сайхансанаа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин