sonin.mn
ТБИЛИСИ. /The FINANCIAL/. Азийн хөгжлийн банкны нэрийг барин залилан хийж байгаа хүмүүс болон аж ахуйн нэгжүүдээс болгоомжилно уу гэж тус банкны Авлигатай тэмцэх газар анхаарууллаа.
Азийн хөгжлийн банкны ажилтан болж эсвэл тус банкны нэр, хаягийг ашиглан хүмүүсээс мөнгө нэхэж, хариуд нь зээл олгоно гэсэн залилангийн хэрэг гарсныг АХБ шалгаж байгаа ажээ. Тиймээс иймэрхүү сэжиг бүхий хувь хүн, байгууллагад хувийн болон банкны мэдээллээ илгээхгүй байхыг АХБ-наас анхааруулсан байна.
Хэрвээ та аль хэдийн иймэрхүү луйврын хохирогч болсон бол харьяа газрынхаа хууль сахиулах байгууллагад яаралтай хандаарай.
“Хөгжлийг дэмжих зорилготой АХБ нь хэзээ ч олон нийтээс мөнгө хураадаггүй. Манай банк гүйлгээний шимтгэл, захиргааны хураамж, гадаад төлбөр тооцооны хураамж гэх мэт шимтгэл л суутгадаг учир эдгээрээс өөр төлбөр тооцоог банк нэхэмжлэхгүй. Үүний зэрэгцээ ажлын байр санал болгохдоо бид хувь хүний нарийвчилсан мэдээлэл, дансны дугаар зэргийг авдаггүй болно" гэж мэдэгдэлд дурджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг