sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/  “UBike” түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрөгч долдугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн юм. Тус үйлчилгээнд иргэд олон нийт ам сайтай байгаа ч түрээсийн дугуйг эвдлэх, хулгайлах оролдлого их гарч байна.
Уг үйлчилгээг хариуцсан “Никель Ганбаа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дашням “Дугуйныхаа араас хөөцөлдсөөр байгаад өдрийг өнгөрөөж байна. “Битгий эвд, битгий хулгайл, зогсоолдоо тавиарай” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүст сануулсаар байтал дугуйг хулгайлах, эвдэлж, хэмхлэх, гэр рүүгээ авч явах, хаа хамаагүй газар орхих гэх мэт олон асуудал гарч байна. Одоогийн байдлаар 28 дугуй хулгайд алдсан. Цагдаагийн байгууллагатай хамтарч заримыг нь олж авсан. Гэхдээ GPS-ийг нь алхаар цохиж эвдлээд, дахин ажиллах боломжгүй болгох, дугуйг нь хагалах,  эд ангийг нь салгах гэх мэт хорлонтой үйлдэл гаргах юм” гэв. Түрээсийн дугуйг баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо Их тойруу дотор унаж, хэрэглэх ёстой. Энэхүү заасан хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдоно. Хамрах хүрээнээс гадна дугуйгаа түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас хамрах хүрээний хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн төлбөр дээр нь нэмнэ. Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унана, зогсоолоос өөр газар дугуйгаа үлдээвэл торгууль 500 төгрөг таны данснаас хасагдана гэдгийг түрээсийн дугуйн цэг бүрт бичиж, байршуулсан байна. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг