sonin.mn
Өнөөдөр (2018-08-09) "Иргэдийн шударга шүүх" ТББ, "Монголын худалдаачдын холбоо" хамтран МАН-ын байрны гадаа хугацаагүй суулт зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Мэдэгдэл
 
Монгол ардын нам нь 1992 оноос хойш ард иргэдийнхээ аж амьдралыг өөд нь татна, элбэг хангалуун амьдруулна хэмээн сонгуулиас сонгуулийн хооронд худал амлалтаар ард түмнээ хууран мэхэлж удаа дараа УИХ-ын сонгуульд ялалт байгуулан Засгийн газраа байгуулан ажиллаж ирсэн
Хамгийн сүүлд 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН нь ажилгүйдэл, ядуурлыг шийднэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ, татварыг багасгана, шударга ёсыг тогтооно, авилга хээл хахуультай тэмцэнэ гэх мэтчилэнгээр амлаж үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-д 65 суудал, НИТХ-д 34 суудал авч өөрсдийн амласан амлалтаа хэнээс ч хараат бусаар биелүүлэх бүрэн эрхийг авсан билээ.
Харамсалтай нь сонгууль дуусмагц амласан амлалтаа мартаж татварыг нэмж. Зөрчлийн хууль нэрээр ард түмний эрх чөлөөг боомилсон, алба гувчуур, торгууль шийтгэлийг нэмэгдүүлсэн харгис бодлогыг хэрэгжүулж улмаар төрд ямар ч дарамт шахалт учруулалгүй өөрсдийн хүч чадлаар, өөрсдийнхөө боломжоор эдийн засгийн баталгаагаа хангахаар хөдөлмөрлөж буй хувиараа худалдаа эрхлэгч иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхийн оронд хууль зөрчигч, нийгмийг хордуулагч, хог шаар мэтээр элдэв дарамт шахалт үзүүлж улмаар нийт хувиараа худалдаа эрхлэгчид өр, зээлийн дарамтанд, төрийн харгис дарангуйлал, татвар, торгуулийн хүчирхийлэлд айдастай амь зуун амьдрах болсныг бид эвлэлдэн нэгдэн эсэргүүцэхээр эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцлийг ийнхүү эхлүүлж байгаагаа уламжилж байна.
Бидний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх эрх чөлөөг боомилж цагдаа, прокуророор далайлган сүрдүүлэхийг оролдож байгаа ч цаг үе өөрчлөгдсөнийг хатуу сануулан бид шийдэмгий тэмцэх болно.
Эх орноосоо урвагч Ц.Нямдорж тэргуүтэй МАН-ын хууль, хяналтын байгууллагын арчаагүй, ядарсан дээрэлхүү, задарсан зусарч үйл ажиллагааг нухчин дарах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Бид 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн өдөр бүр МАН-ын төв байр болох ард түмнээсээ өөрсдийгөө тусгаарласан, ард түмнийхээ хөрөнгөөр босгосон ТУСГААР ТОГТНОЛЫНХ нь ордны гадна хугацаагүй цуглаан, жагсаал, суулт, өлсгөлөнгийн үйл ажиллагааг эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна.
60 тэрбум төгрөгийн авилга, хээл хахуулийн үр дүнд хууль бусаар байгуулагдсан ГЭМТ Засгийн газар, нийслэл, дүүргийн удирдлага та бүхнээс бид зөвшөөрөл хүсээгүй болно.
Бидний эсэргүүцлийн арга хэмжээнд Монголын шударга иргэд бүгд нэгдэх болно.
 
 
 
МОНГОЛЫН ХУДАЛДААЧДЫН ХОЛБОО, ТҮЦ-ЭЭР АМЬ ЗУУГЧДЫН ХОЛБОО