sonin.mn
Өнөөдөр иргэний нийгмийн “Улс үндсээ аврах үндэсний хөдөлгөөн”, “Мөнхтэнгэрийн Чингэс эзэнт Монгол”, “Нам бусчуудын холбоо”,” Монгол хүн монгол хүндээ тусалъя”, “Олон нийт – Иргэний хяналт”, “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” зэрэг хөдөлгөөний тэргүүд хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ. Тэдний яриаг танилцуулъя: 
 
-Иргэний нийгмийн бид бүхэн өмнөхи удаан хугацааны ажиглалт хяналт, судалгааны үндсэн дээр Багануурын концессын Монгол улсад үр ашиггүй, хохиролтой, хууль бус, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэрээний ноцтой асуудлыг нийгэмд дэвшүүлэн тавьснаас хойш 5 сар өнгөрлөө. Энэ чиглэлээр мэдээлэл түгээлт, хэвлэлийн хурал, жагсаал цуглаан, гарын үсэг цуглуулах, материал тараах, өргөдөл шаардлага өгөх, шалгуулах хүсэлт гаргах, мэдээлэл хайх төвлөрүүлэх гээд байж болох бүх үйл ажиллагааг явууллаа.
Ард олон, нам холбоод, хэвлэл мэдээллийнхэн асуудлыг ойлгож хүлээж авсан, засгийн газар Багануурын концессийг хэлэлцсэн, концессийн ажилчдын квотыг батлаагүй, ҮАБЗ-ийн чиглэлийг хүлээх болсон, гэрээг эргэн харах болсон, гэрээ хууль ёсны дагуу байгуулагдсан эсэхийг нарийвчлан судлах үүрэг даалгавар өгсөн зэрэг нааштай үр дүн гарсан. Гэхдээ, Монгол улс өр төлбөрт унана гэсэн зүйлийг ярьж, ҮАБЗ-д болон асуудлын шийдэгдэлд сөргөөр нөлөөлөх байдал мөн үүслээ.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: “Багануурын концессийн гэрээг цуцалбал 512 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх нөхцөл үүснэ.  Мөн гаргасан шийдвэр маань хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байх талыг харгалзан үзэх хэрэгтэй” гэжээ. 
 
Энд “Монгол улсын засгийн газар яагаад зөвхөн Хятадын талд нөхөн төлбөр төлөх асуудлыг тооцоолж хэлэлцээд, Монголын талд энэ концесс ямар хор хохирол учруулахыг тооцоолоогүй, хэлэлцээгүй, дэнслээгүй байна вэ?” гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна. Зөвхөн хятадын консорциумын ая тух алдагдах вий л гэсэн, юу юуны тухандгүй бууж өгсөн аястай мэдэгдэл хийсэн байна. “Хаанахын ЗГ хэний эрх ашгийг хамгаалаад, хэний талд ороод байна вэ?” гэсэн асуулт өөрийн эрхгүй тавигдаж байгаа юм.
Өндөр үнэтэй цахилгаан, баригдах хэтэрсэн өртөг, Монголын ДЦС-иуд дампууран хаагдах, Багануурын уурхай хэтийн төлөвгүйдэх, хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчин, цацраг, Хэрлэн гол, 7 чайнатаун баригдах үүд хаалга нээгдэх зэргээс болж Монгол улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд учрах хохирлыг яагаад ярьсангүй вэ? Монгол улс гэж байдаг гэдгийг огт бодож саналгүй, Монгол улсын хувьд зөвхөн хохиролтой гэрээ байгуулчихаад, “цуцалбал их өрөнд орно, арбитрийн шүүхэд ялагдна” гэж сүр далайлган хэрэгжүүлдэг, ард түмнээ шантаажлах үйл ажиллагаагаа хэзээ болих вэ? 
“Төсөлд нийт 214 сая ам.доллар зарцуулсан байна” гэж энэ оны 6-р сард албан ёсны эх сурвалжаас авсан, олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж нэвтрүүлэгдсэн “няцаалтад” дурдсан байдаг. Гэтэл түүнээс хойш төслийн ажил түдгэлзсэн атал яагаад 514 сая төгрөг болтлоо өртөг нь өссөн байна вэ? Зүй нь, 214 сая төгрөг гэх тоо буурах ёстой. Өмнө нь манай засгийн газрын станци барина гэж хийж байсан ажил дээр нэмж хийснээ төслийнхөн гол бүтээн байгуулалт гээд байгаа. Гэрээ хууль бусаар байгуулагдсан бол хууль зөрчигчдийн өмнө Монгол улс төлбөрт унах ямар ч үндэслэлгүй юм. Хууль бусаар байгуулагдсан гэх үндэслэлүүд бидэнд бий. 
Учир иймд, засгийн газраас концессыг зөвшөөрсөн 2015.3.9-ний 88 тоот тогтоолыг болон концессийн гэрээг хүчингүй болгуулахаар бид бүхэн Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаагаа мэдэгдэж байна. Мөн Монгол улс их өрөнд орно хэмээн хиймэл тоо хэлэн, манай ДЦС-иуд насжаад зогсох гэж байгаа тул Хятадыг дагахаас өөр аргагүй гэх мэтчилэн шантаажилж, концессийг хаацайлан хэрэгжүүлэхийг санаархаж буйг эрс эсэргүүцэж байна. Багануурын концессийн гэрээг цуцлуулах, гэм буруутнуудад хариуцлага хүлээлгэхийн төлөө бид өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн шигээ, шаардлага гарвал бүр илүү хэмжээнд эрс тэмцнэ гэдгээ илэрхийлж байна!!!” гэж тэд ярьцгаалаа.