sonin.mn
Энэ сарын 9-нд буюу өнгөрсөн Пүрэв гарагт Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга нар архидан согтуурч,  улмаар нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан билээ.Тодруулбал тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал  Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн юм. Энэ үед тус яамны нэр бүхий газрын дарга, мэргэжилтэн, жолооч, Төрийн тусгай хамгаалалтын албан хаагчид юу ч хийлгүй, кино үзэж буй мэт харж зогссон нь гэрчүүдийн яриагаар нотлогдож буй юм.
Сонирхолтой нь хохирогч, яллагдагч нар аль аль нь төрийн жинхэнэ албан хаагч биш, дарга нарын томилгоогоор ирж, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан аж. Тодруулбал талийгаач нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нутгийн, ойрын хүн нь гэх бөгөөд түүнийг Ерөнхий сайд болмогц гэнэт дэвшин,  Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын даргаар томилогдсон нэгэн аж. Харин яллагдагч буюу хүн амины хэрэг үйлдсэн гэх  Б.Махбал Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн эртний танил, ойрын хүн нь гэх агаад мөн л Ж.Бат-Эрдэнэг сайд болмогц  Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдсон байна. Түүнийг Ж.Бат-Эрдэнийн хамгийн итгэлт хүн болохыг эх сурвалжууд нотолж буй юм.
 
Л.Бямбасүрэн