sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авчээ.
Наймдугаар сарын 3-ны өдрийн 11:00 цагт Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийсэн. Дээрх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Д.Гантулгыг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг энэ сарын 17-ны өдрийн 10:00 цагт хаалттай явуулахаар товложээ. Мөн энэ сарын 15-ны өдрийн 13:30 цагт УИХ-ын гишүүн Д.Муратын нэхэмжлэлтэй, сэтгүүлч Д.Майцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр зарласан байна. “News Channel” телевизийн сэтгүүлч Д.Майцэцэгт хувь хүний нууцын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.10.1, 13.11.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэжээ.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг