sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг, Цагаан эрэг хэмээх газарт эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж байсан "Өгөөжтэй өв"  ХХК тухайн газарт баяжуулах төхөөрөмж суулгаж, гянтболд олборлох үйл ажиллагаа явуулж байсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.3, Усны тухай хуулийн 26.1, 30.6 зэрэг заалтыг тус тус зөрчсөн байна.
Эл хэрэгт холбогдсон Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа С.Батзаяа нарыг бусдаас 20 мянга гаруй ам.доллар хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдсан учир АТГ-аас цагдан хорьж, улмаар хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгасан. “Өгөөжтэй-Өв” ХХК-ийн захирал Ч, “Белон” ХХК-ийн захирал Б нар нь хууль бусаар ашигт малтмал олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа явуулахдаа орон нутгийн удирдлагууд болон дээрх цагдаагийн газрын дарга нарыг татан оролцуулсан байна. АТГ-аас энэ хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн шинжтэй гэж үзсэн тул эрүүгийн хэрэг үүсгэж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхээр уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Одоо прокуророос тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг