Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрсөн тавдугаар сард Налайх дүүргийн цагдаагийн алба хаагч нотлох баримт хуурамчаар үйлдсэн хэргээр шалгагдсан бөгөөд саяхан уг хэрэг шүүхээр шийдэгдэж, нэг жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял оноосон байна. 
Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй Б нь Налайх дүүргийн Цагдаагийн газар ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа хоёр хэргийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, “Хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ. Тэр эрүүгийн 201701080..., 201501080... дугаартай хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох С.Э-ийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, гадагш явж болохгүй тухай баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, Г.Б-г 2017 оны хоёрдугаар сард хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн байжээ. Б нь даргаа эзгүйд Мөрдөн байцаах тасгийнхаа тамгыг ашиглаж, дээрх хэргийг үйлдсэн нь гурван шатны шүүхийн явцад тогтоогдсон байна. Түүнд  ийнхүү  холбогдох хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцээд, түүнд нэг жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял оноожээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг