sonin.mn
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн боловсруулж, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Тус дүрмийн төсөлд тусгасан олон заалт жолооч төдийгүй олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад буй. Анхны Замын хөдөлгөөний дүрмийг 1925 онд Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм нэртэй баталж байжээ. Түүнээс хойш нийтдээ 11 удаа шинэчилж, таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Замын хөдөлгөөний дүрмийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, автотээврийн салбарын бүтээн байгуулалт, автомашинжилт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, зорилт, эрх зүйн шинэчлэлтэй холбогдуулан улам бүр боловсронгуй болгох зайлшгүй нөхцөл үүсчээ. Учир нь тус дүрмийг 2004 онд Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталж өнөөдрийг хүртэл нэмэлт, өөрчлөлт оруулалгүй 14 жил хүчин төгөлдөр мөрдөж байгаа юм. Тиймээс хэд хэдэн үндэслэлтэйгээр Замын хөдөлгөөний дүрмийн төслийг боловсруулсан байна. Тухайлбал,УИХ-аас 2015 оны долоодугаар сарын 8-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, мөн оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан тус дүрмийг шинэчлэн найруулах эрх зүйн шаардлага үүсчээ. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд зам тээврийн осол нэмэгдэх болсон нь Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэх бас нэгэн үндэслэл болжээ. Тодруулбал, НҮБ-аас дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, 65 тэрбум ам.долларын хохирол учирч байгааг тогтоожээ. Тиймээс2010 онд Ерөнхий Ассемблейн хуралдаанаас 2011-2020 оныг "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жилүүд" болгон зарлаж, зам тээврийн ослын нас баралтыг 50 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэний дагуу Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдпыг хангах үндэсний стратегийг зургаан жилийн өмнө баталсан. Үүнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлж, дүрэм, стандартыг боловсронгуй болгон шинэчлэх, сургуулийн насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх, хамгаалах малгай, бүс, хүүхдийн суудал хэрэглэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундаа хэрэглэсэн үед болон гар утас хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд ногдуулах хариуцлагыг чангатгах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан ч өнөөдрийг хүртэл биеллээ олоогүйг гарч буй зам тээврийн ослын статистик үзүүлэлт харуулж байна. Тус дүрэмд зам тээврийн ослын тоог бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, ялангуяа хуүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг замын хөдөлгөөнд аюул, осолгүй оролцох нөхцөлийг хангах, түгжрэл, агаарын бохирдлыг багасгах зорилгоор томоохон өөрчлөлт оруулсан байна. Тус шинэчилсэн найруулгын төсел 27 бүлэг, 224 зүйл, дөрвөн хавсралтаас бүрдэнэ. Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан гол гол өөрчлөлт болон ач холбогдлын талаар танилцуулъя.
 
"ШИНЭ ЖОЛООЧ"ГЭСЭН ТАНИХ ТЭМДЭГ ТАВИХ ЁСТОЙ
 
Жолоочийн анхаарал, болгоомжгүй байдлаас шалтгаалан зам тээврийн осол сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж буй. Иймд зам тээврийн осол, хэргийг бууруулахад зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас ба түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг ашиглах, чихэвч зүүх, хэт чанга хөгжим дуугаргахыг хориглосон байна. Мөн тусгай дуут дохио ажиллуулсан автомашин замын хөдөлгөөнд оролцохдоо бусад тээврийн хэрэгслийг шахаж, хүчээр зам чөлөөлж явах тохиолдол бий. Үүнд жолооч нар төдийгүй олон нийт нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Иймд тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолооч өөрт нь зам тавьж өгч байгааг бүрэн мэдсэний үндсэнд давуу эрх эдлэх талаар тусгасан бөгөөд хэрэв зам тавьж өгөөгүй бол хүчээр зам чөлөөлж явахгүй юм байна. Түүнчлэн хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг дээшлүүлж, зам тээврийн ослоос сэргийлэх үүднээс өдрийн цагаар мотоцикл, мопед жолоодож явах үедээ ойрын гэрлээ асаах ёстой талаар дүрэмд тусгажээ.
Зам тээврийн ослын дийлэнх нь жолоочийн анхаарал болгоомжгүй байдал болон туршлагагүйтэй холбоотой байдаг аж. Тиймээс жолоодох эрх авснаас хойш хоёр жил хүрэхгүй хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож байгаа, өөрөөр хэлбэл, дадлага туршлагагүй жолооч хөдөлгөөнд оролцохдоо автомашиныхаа ард "Шинэ жолооч" гэсэн таних тэмдэг тавих талаар тусгасан байна.
 
СУУРИН ГАЗРЫН ГАДНА ЦАГТ 60 КМ-ЭЭС ИЛҮҮ ХУРДТАЙ ЯВАХЫГ ХОРИГЛОСОН
 
Тэгвэл зам тээврийн ослын бас нэгэн шалтгаан нь хурд хэтрүүлэх явдал юм. Тиймээс тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах үүднээс хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, мотоцикль, чиргүүлтэй автомашинаар суурин газрын гадна цагт 60 км-ээс илүү хурдтай явахыг хориглосон бөгөөд энэ нь орон нутгийн замд ихээр гарч буй мотоциклын ослыг бууруулахад чухал ач холбогдолтой аж. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт малыг замын дагуу тууж явахыг хоригложээ. Хэрэв зайлшгүй зам хөндлөн тууж гаргах шаардлагатай бол замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргах юм байна. Орон нутагт, ялангуяа харанхуй үед малчид мал сүргээ зам дагуу буюу хөндлөн тууж гаргахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж, осол гаргах тохиолдол цөөнгүй байдаг учраас ийм зохицуулалт хийжээ. Жолоочийн амь насыг хамгаалах зорилгоор хамгаалах малгай өмсөхийг зөвхөн мотоциклын жолоочид үүрэг болгодог байсныг мопедын жолоочид мөн хамааруулжээ. Хамгаалах малгайн стандарт байхгүйгээс ялангуяа орон нутагт шаардлага хангахгүй малгай хэрэглэснээс бэртэж гэмтэх, амь насаа алдах явдал их гарах болсон. Орон нутгийн дийлэнх жолооч мотоцикл барихдаа хамгаалах малгай хэрэглэдэггүй, зарим нь цагдаа нарыг хуурах зорилгоор барилгын ажилчдын малгай өмсч хөдөлгөөнд оролцох тохиолдол гардаг байна.
 
ЯВГАН ЗОРЧИГЧ УТСААР ЯРЬЖ, ЧИХЭВЧ ЗҮҮСЭН ҮЕДЭЭ ЗАМ ГАРАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
 
Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын төсөлд тээврийн хэрэгсэлд зорчиж буй хүн болон жолоочийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах заалт тусгаснаас гадна явган зорчигчийн амь насыг хамгаалахад чиглэсэн заалтыг ч мөн оруулсан байна. Үүнд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа ч энэ нь яалт ч үгүй зам тээврийн ослыг бууруулах, өндөр ач холбогдолтой заалт гэдгийг Замын цагдаагийн газраас онцлов. Тодруулбал, явган зорчигч зам хөндлөн гарахдаа алгуурлах, эргэж буцах, утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, чихэвч зүүх, ном, сонин гэх мэт зүйл унших, мөн зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглосон заалтыг тусгасан байна. Сүүлийн үед хүүхэд залуус зам хөндпөн гарахдаа чихэвч зүүх, утсаар ярих зэргээр анхаарал болгоомж алдсанаас осолд өртөх тохиолдол ихсэх хандлагатай байгаа учраас ийм заалт оруулсанд эцэг эхчүүд талархалтай хандаж байна. Мөн харанхуй үед гэрэлтүүлэггүй замд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлтэй явахыг зөвлөсөн заалтыг тусгажээ. Энэхүү шаардлагыг гадаадын олон улс орон, ялангуяа европын ихэнх орон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлдэг байна. Түүнчлэн одоогийн мөрдөж буй дүрэмд гарцаар гарч байгаа хүнд жолооч зам тавьж өгөх үүрэгтэй бол төсөлд үүнээс гадна гарахаар завдаж буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэг хүлээхээр тусгасан нь явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзжээ. Ийм зохицуулалтыг гадаадын олон оронд мөрддөг байна. Мөн өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгожээ.
 
10 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙГ ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛГҮЙГЭЭР ТЭЭВЭРЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
 
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд зам тээврийн осолд 218 хүүхэд өртөж, хоёр хүүхдийн амь нас хохирч, 18 хүүхэд хүн байдлаар гэмтжээ. Нийслэлд явганаар замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн 12 хүртэл насны хүүхдийн 40 хувь нь насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 50 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа, 10 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа замын хөдөлгөөнд оролцож байсан байна. Мөн хүүхэд өртсөн зам тээврийн ослын дийлэнх нь сургууль, цэцэрлэгийн орчимд гарсан байдаг аж. Тиймээс хүүхдийг ,зам тээврийн осолд өртөхөөс хамгаалж "Сургууль орчмын бүс" гэсэн нэр томьёог дүрэмд тусгаж, тээврийн хэрэгслийн хурдыг сургууль орчмын бүс дотор цагт 20 км-ээс хэтрүүлэх, сургууль орчмын бүс дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийх, зорчих хэсэг дээр удаан зогсох зэргийг тус тус хориглосон байна. Эдгээр заалтыг мөрдөж эхэлснээр хотын зарим замд байрлуулсан "Сургууль орчмын бус" тэмдгийн үйлчлэх хүрээнд баримтлах журам тодорхой болохоос гадна хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Түүнчлэн хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл гэсэн таних тэмдэг бүхий автобусаас хүүхэд буулгах, суулгах үедээ ослын дохионы гэрлээ асаах, автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлагыг нэмж тусгажээ. Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэл дотор удаан хугацаагаар ганцааранг нь орхиж үлдээснээс хүчилтөрөгчийн дутагдал, нарны тусгалын хэт халалтад өртөн хүүхэд амь насаа алдсан тохиолдол гадаадын улс орнуудад нэлээд гарсантай холбогдуулан үүнийг зохицуулсан заалтыг зарим улс орон хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлж байна. Тиймээс осол эндэгдпээс сэргийлэх, бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд үлдээснийг анзааралгүй ачиж журамласан тохиолдол гарсныг харгалзан жолооч тээврийн хэрэгслээ орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ. Одоогийн мөрдөж буй дүрэмд гурав хүртэлх насны хүүхдийг зориулалтын суудал бэхэлгээгүйгээр тээвэрлэхийг хориглосон нь дэлхийн улс орнуудын өнөөгийн жишгээс хэт хоцрогдсон тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг зөвлөмжийг үндэслэн "Суудлын болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж өөрчилжээ.
 
ОСЛЫН ҮЕД ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД ХОХИРООГҮЙ БОЛ ЦАГДАА ДУУДАХ ШААРДЛАГАГҮЙ
 
Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлын нэгбол автозамын түгжрэл юм. Тэр тусмаа нийслэл дэх томоохон уулзварууд түгжирдэг. Иймд энэхүү түгжрэлийг багасгах зорилгоор автозамын томоохон бүтээн байгуулалт хийхээс гадна үүнтэй холбоотой хэд хэдэн заалтыг Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна. Тухайлбал, уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэх боломжийг хязгаарласан түгжрэл бий болсон үед жолооч уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асч байгаа эсэхээс үл хамааран уулзвар руу орохыг хоригложээ. Ингэснээр уулзвар дээр үүсэх түгжрэл тодорхой хэмжээнд буурна гэж тооцжээ. Мөн зам тээврийн ноцтой бус, багахан осол гаргасан жолооч нар цагдаа дуудаж, иртэл нь зорчих хэсгийг чөлөөлөхгүйгээр тээврийн хэрэгслээ удаан байлгаснаас зохиомол түгжрэл үүсгэж хөдөлгөөнд оролцогчдыг бухимдуулдаг. Тиймээс ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыгжолооч нар өер хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан шийдвэрлэхээр тохиролцсон бол цагдаа дуудахгүй байж болох талаар тусгасан байна. Энэхүү заалт нь одоо мөрдөж буй дүрэмд бүрхэг, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаагаас замын түгжрэл бууруулахад төдийлөн нөлөөлөхгүй байгааг холбогдох албаныхан тодотголоо. Зам тээврийн осол гарах бас нэгэн шалтгаан нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус явдал юм. Иймд аль ч талын хол, ойрын гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэх, хоёроос олон чиргүүл чирч буюу хагас чиргүүлийн араас чиргүүл залгаж замын хөдөлгөөнд оролцох, дугуйн хээний гүн нь үйлдвэрээс тоггоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн, мен улирал, цаг агаарын нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй тавьсан тээврийн хэрэгсэл ашиглах, салхины шилэнд гэрэл бууруулагч хальс наахыг хоригложээ.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин