sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Жижиглэн худалдаа эрхлэгч Д.Бурмаа, “Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө миний нөхөр С.Мишигээг  өчигдөр баривчиллаа. Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг зөрчлийн тухай хуулийн 1.1 1.2 1.4-т заасны дагуу манай нөхөрт гомдол гаргасан. Улмаар түүнд 15 хоногийн баривчлах ял оноолоо. Өмнө нь П.Эрдэнэбилэг худалдаа хийхийг хориглосон албан ёсны шаардлагаа бидэнд тавьж байгаагүй. Харин хувийн, ёс зүйгүй үйлдлээр хандаж байсан. Энэ хүнд хариуцлага тооцох арга хэмжээ аваасай гэж Цагдаагийн Ерөнхий газрын даргаас хүсч байна. Энэ мэт шударга бус байдлийг бид тэвчихгүй” хэмээв.
Энэ талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, “Жижиглэн худалдаа эрхлэгч, энгийн нэгэн хүн үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө цагдаагийн алба хаагч зүй бусаар хандаж, эцэстээ баривчилсан байна. Үндсэн хууль бүх хүнд ижил үйлчлэх ёстой. Гэтэл өнөөдөр хууль иргэдэд тэгш бус үйлчилсээр байна. Тиймээс өөрийнхөө амьдрах эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж, өөрсдөө ажлын байр бий болгож, амьдралаа авч яваа иргэдээ бид хамгаалах болно” гэв.
Мөн үеэр тэд тэмцлээ үргэлжлүүлж, жагсаал, цуглаан хийнэ гэдгээ мэдэгдсэн юм.
 
Ё.Ичинноров
Эх сурвалж: Монцамэ агентлаг