sonin.mn
Монгол Улсын Засгийн газраас мал, амьтны халдварт, гоц халдварт, шимэгчлэх өвчнөөс нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх бодлого баримталж буй. Энэ хүрээнд дархлаажуулапт, боловсруулалт, угаалга, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх уламжлалт аргыг сэргээн хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын явцын талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, тасаг, орон нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Эрхэмбаатартай ярилцлаа.
 
-Олон жил тасарсан мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх уламжлалт аргыг сэргээн хэрэгжүүлж эхлээд байна.Тухайлбал, угаалгын ажлыг ямар байдлаар хийж байна вэ?
 
-1990 оноос хойш мал угаах ажил тасарсан юм биш. Тодорхой хэмжээнд угааж байсан. Гэхдээ угаалга хийх арга нь бага зэрэг өөрчлөгдсөн болов уу. 1990 оноос өмнө малыг ваннанд хийж, шумбуулж угааж байсан бол үүнээс хойш буюу мал эмнэлэг, мал хувийн өмч болсон тэр цагаас хялбар байдлаар угаах арга сонгосон. Өөрөөр хэлбэл, шүршиж угаадаг болсон. Энэ нь учир дутагдалтай. Шимэгч амьтад малын далд хэсэгт үлдэх магадлал өндөр байдаг. Тиймээс хуучин арга барилыг сэргээж, малыг шумбуулж угаах ажлыг эхлүүлээд байна. Мал эмнэлэг, мал улсын мэдэлд байх үед малын эмч, мэргэжилтнүүд хаврын 13, намрын найман ажил гэж хийдэг байсан. Тиймээс үүнийг сэргээх, хэвшүүлэх зорилгын хүрээнд тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл урьдчилан сэргийлэх бүх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Тухайлбал, малын угаалга, хот бууцыг ариутгах, туулга, сэг зэм устгах гэх мэт ажлыг хийх ёстой.
 
-Мал угаалгын ажлын явц хэдэн хувьтай байна вэ. Энэ талаар орон нутгаас мэдээлэл авсан уу?
 
-Бүх аймаг, суманд мал угаах ажил ид өрнөж байна. Мэдээлэл авахаар холбогдох газар руу нь албан бичиг хүргүүлчихсэн. Гэхдээ энэ ажлыг хариуцсан хүмүүс нь малчны хотонд ажиллаж байгаа учраас одоохондоо бүх аймгаас мэдээлэл ирээгүй байна. 21 аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд 100.4 мянган бод, 324.1 мянган бог малыг угаалгад хамруулсны дотор Улаанбаатар хот 52.4 мянган бог мал угаасан байна. Манай улсын мал сүрэг нэлээд өссөн. Өнгөрсөн жил 66.2 сая мал тоолууллаа. Малын эмчийн нөөц бололцоо, санхүү зэргийг харгалзан угаах ёстой бог малын 30-40 хувийг хамруулах төлөвлөгөө бий. Ялангуяа өвчлөл их гардаг бүс нутгийг илүү хамруулах зорилт дэвшүүлсэн. Иймд энэ ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах үүднээс ХХААХҮЯ-наас мал угаалгын зөөврийн нийт 225 төхөөрөмжийг орон нутагт хуваарилах ажлыг эхлүүлээд байна.
 
-Мал угаахад хүндрэлтэй, тулгамдаж буй асуудал гарч байна уу?
 
-Сүүлийн үед зарим нутгаар бороо орж байгаа нь ажлын явцад сөргөөр нөлөөлж байна. Мал угаасны дараа бороо орвол шимэгчийг устгах зориулалтайгаар хэрэглэсэн бодисыг урсгаж, идэвхгүйжүүлдэг. Тиймээс мал угаах ажил зарим аймагт хойшилсон байна. Гэхдээ үүнд малчид санаа зовох шаардлагагүй. Хүйтрэхээс өмнө буюу ес, арван сарын дулаахан өдрүүдэд малыг угааж болно.
 
...Хуучин арга барилыг сэргээж, малыг шумбуулж угаах ажлыг эхлүүлээд байна. Мал эмнэлэг, мал улсын мэдэлд байх үед малын эмч, мэргэжилтнүүд хаврын 13, намрын найман ажил гэж хийдэг байсан. Тиймээс үүнийг сэргээх, хэвшүүлэх зорилгын хүрээнд тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл урьдчилан сэргийлэх бүх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна...
 
-Малчид малаа угаалгахын тулд ямар бэлтгэл хангасан байх ёстой вэ. Малыг угааснаар ямар давуу талтай вэ?
 
 
-Малчид өвөлжөө, хаваржааныхаа хот бууцыг бууцыг заавал ховхпох ёстой. Яагаад гэвэл, малын биеэс унасан шимэгч, халдварт өвчин үүсгэгчид чийгтэй орчинд тодорхой хугацаанд байж, дахин малд халдварлах тохиолдол байдаг. Мөн малчид малаа ноосолсон байх ёстой. Ийм үед нь малыг угаахад илүү тохиромжтой, шимэгч амьтад устдаг. Ер нь паразит өвчний эсрэг авч хэрэгжүүлдэг гурван арга бий. Тухайлбал, угааж ариутгах, боловсруулалт хийх, туулга өгч шимэгчдийг гадагшлуулах аргыг түгээмэл хэрэглэдэг. Мал угааж, хот бууцыг ариутгаснаар зөвхөн паразит төдийгүй гадна талд ил байгаа гоц болон халдварт өвчин үүсгэгчдийг устгах давуу талтай. Ялангуяа шүлхий өвчнийг үүсгэгч тэсвэр муутай учраас угаалга хийх үед амархан устдаг. Тийм учраас мал угаах ажлыг маш үр дүнтэй, зөв зохион байгуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
 
-Төсөв санхүүгийн хувьд ямар зохицуулалт хийсэн бэ. Малчдаас мөнгө гарах уу?
 
-Улсын төсөвт гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг суулгадаг. Харин паразит өвчний эсрэг авч хэрэгжүүлэх ажлын төсвийг суулгадаггүй. Тиймээс малын хувийн эмч нар мал угаах бодисын санхүүжилтийг өөрсдөө гаргана. Угаалгын бодисоо хэдэн төгрөгөөр худалдан авсан, хэчнээн хүнийг дайчилж ажиллуулсан, бензин шатахууны зардал гэх мэтээс хамаарч нэг богийг угаах үнэ харилцан адилгүй байдаг. Энэ бүхнийг харгалзаж тухайн аймгийн ИТХ нь нэг малд ногдох угаалгын хөлсийг тогтооно. Малчид хувиасаа мөнгө гаргаж малаа угаалгахдаа хойрго, өөрийнхөө өмчийг өөрөө мэднэ гэдэг хандлагаар ханддаг.
 
-Малчид малаа угаалгахгүй байж болох уу. Угаалгахгүй байснаар малд ямар сөрөг нөлөөтэй байх вэ?
 
-Монгол Улсын хэмжээнд 32 нэр төрлийн паразит өвчин байдаг. Үүнээс малын арьсыг гэмтээж, өвчлүүлдэг 4-5 төрлийн өвчнийг угаалгаар устгах бүрэн боломжтой. 2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын нийт мал сүргийн 0.5 хувь буюу 362 мянган  мал шимэгчлэх өвчнөөр өвчилсөн. Хөх ба шар ширх, шалз, хачиг зэрэг шимэгчлэгч нь малыг давжааруулж, биеийн эсэргүүцлийг сулруулан эрсдэл даах чадварыг бууруулж, улмаар түүхий эдийн гарц, чанарт сөргөөр нөлөөлдөг. Иймд урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, ариутгалыг хийлгэхэд малчин өөрөө санаачилгатай байх хэрэггэй. Гэхдээ аймаг, сумын удирдлага, малын эмч, багийн Засаг дарга нар малчдад шаардлага тавьж, малыг нь угаалгах ёстой. Хэрэв малаа угаалгад хамруулахгүй бол шимэгчид шим тэжээлийг нь сорж, тарга тэвээрэггүй болдог. Ингэснээр ашиг шимээ өгч чадахгүй, хүйтний улиралд амархан турж эцнэ. Мал ногоо идэж тарга тэвээрэг авах үед шимэгчид өмнөхөөсөө илүү идэвхиждэг. Энэ үед нь малаа угааж, хот бууцаа ариутгах нь зүйтэй. Ингэснээр мал эрүүлжиж, ямар нэгэн халдварт өвчнөөр өвчлөх магадлал буурдаг. Үүнээс гадна хэрэв малаа угаалгад хамруулаагүй малчнаас болж тухайн орон нутагт ямар нэгэн өвчлөл гарвал хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт бий. Тиймээс малчин өөрөө санаачилгатай байж, захиалга өгч малаа угаалгад хамруулах нь зүйтэй. Мал эрүүл байвал малчных, өвчин тусвал төрийнх болдог хандлагыг өөрчилмөөр байна.
 
-Малаа угаалгахаар төлөвлөж буй малчид юуг анхаарах ёстой вэ?
 
-Угаалгад хэрэглэж буй бодис маш хүчтэй. Тонн усанд нэг литр бодис хийгээд 400-500 мал угаадаг. Иймд гол мөрөн, булаг шанд, худаг зэрэг ундны усны хажууд мал угааж болохгүй. Мөн малчин өөрөө бие дааж малаа угааж болохгүй. Найрлагыг нь тааруулахгүй бол малаа хордуулах эрсдэлтэй. Тиймээс заавал мэргэжлийн хүний заавар зөвлөгөө, хяналтад хамтарч угаах хэрэгтэй.
 
-"Паразит өвчнөөс болж арьс шир, ноос, ноолуурын чанар 80 гаруй хувиар буурч байна" гэсэн мэдээллийг тухайн асуудлыг хариуцсан холбооноос өгч байсан. Энэ хэр магадлалтай вэ?
 
-Энэ бол ташаа мэдээлэл. Дээр дурдсан 32 нэрийн паразит өвчнөөр жилд хамгийн олондоо 600-аад мянган мал өвчилдөг. Гэхдээ түүхий эдийн чанарыг 80 гаруй хувиар бууруулах ямар ч боломжгүй. Өвчилсөн малын 90 гаруй хувь нь бүрэн эдгэрдэг. Өөрөөр хэлбэл, шимэгчийг нь арилгавал мал эрүүл болно гэсэн үг. Нийт малын 0.01 хувьд түүхий эдийг гэмтээх өвчин байдаг. Харин түүхий эдийн чанар муудаж байгаа нь бэлтгэлийн тогтолцоотой хамаатай. Яагаад гэвэл, арьс, нэхий үнэ багатай учраас махнаас нь салгаж л байвал огтлох, зүсэх бол ямар ч хамаагүй гэсэн хандлагатай болсон байна.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин