sonin.mn
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.
 
–СХД-ийн Эрүүгийн анхан шатны шүүх хурал саяхан болж, таныг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрөөс улсад хохирол  учруулснаа хүлээсэн гэх мэдээлэл цацагдлаа. Энэ үнэн үү?
 
-Би  шүүх хуралдааны үеэр улс төрийн захиалгатай хэргийг цаашдаа олон хүний хувь заяаг шийдэх хуульч, хяналтын прокурор нар гүйцэтгэж байгаад харамсал илэрхийлж, үг хэлсэн. Гэтэл хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслүүд намайг гэм буруугаа хүлээсэн мэтээр мушгин гуйвуулсныг гайхаж байна.
Намайг торгох,  дээр нь төрийн албанд дөрвөн жил оруулахгүй байх шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан.
Гэтэл надад хийсэн хэрэг байхгүй.Улсаас нэг ч төгрөг аваагүй, улсыг хохироогоогүй. Түрээсийн орон сууц нь улсын мэдлийнх, түрээслэгчдийн мөнгө улсын төсөвт орж, эдийн засагт ашигтайгаар эргэлдэж байгаа. Ийм учраас би давж заалдах шатны шүүхэд хандана,  нэр төрөө сэрээлгэнэ.  Засгийн газар бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэсэн тогтоолоор хэрэг үүсгэж,  хэн нэгэн сайдад ял үүрүүлдэг жишиг тогтох гэж байгааг эсэргүүцнэ. Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг, гаргасан шийдвэрт нэг сайд ял хүлээх ёсгүй.
 
–Энэ асуудал ер нь хэзээ үүсч, хэрхэн шалгаж ирсэн юм бэ?
 
-Гэр хорооллыг дахин төлөвлөх асуудал сүүлийн хэдэн жил эрчимтэй явагдаж байна. Үүний нэг нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдээ орон сууцжуулахад чиглэсэн  “Түрээсийн орон сууц” хөтөлбөр юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  Төрийн орон сууцны корпорацийг байгуулж, түүгээр дамжуулан Улаанбаатар хот,  хөдөө орон нутагт төрийн орон сууцыг барьж эхэлсэн байдаг. 
Журмыг нь барилга хот байгуулалтын яамнаас боловсруулж, Засгийн газраас батлан,  ажил үргэлжилж байхад буюу 2015 онд миний бие Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажилласан юм. Ажил хүлээж аваад  салбарын яамнаас хэрэгжүүлж буй төслүүдтэй газар дээр нь очиж танилцах  үеэр  СБД-ийн VII хороонд байрлах “Хангай” хотхоны   дэд бүтцийн төсөл бүтээн байгуулалттай танилцсан. Тэнд 720 айлын м/кв багатай орон сууц баригдаж байгаа нь хотын төвд ойр, дээр нь  зорилтот бүлгийн иргэдэд тохиромжтой байгаад олзуурхсан.Явсан ажлаа  Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Ерөнхий сайд чиглэл бүрээр нь асууж тодруулж,  энэ төсөл хэрэгжих боломжтой юу, үгүй юу гэдгийг танхимын зарчмаар  ярилцаад “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоход  манайд  ганцхан үнийн санал ирсэн нь “Бээжин инженеринг” компанийн борлуулалт хариуцсан  “Бэрэн” компаниас ирүүлсэн нийт 720 айлын орон сууцны м/кв-ын үнийн санал байсан.
Түүнийг нь  Ерөнхий сайдад танилцуулж, Сангийн яаманд  уламжилсан. Сангийн яам 223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгт багтаан  шийдэх боломжтой гэсэн хариу өгснийг 2016 оны тавдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас дэмжиж,  тогтоол гарсан. Худалдан авах ажиллагаа Сангийн яам, тухайн компанийн хооронд болохоос БХБЯ энд хамаагүй.
Гэтэл одоогоос хоёр жилийн өмнө намайг АТГ-аас Засгийн газрын тогтоолтой холбогдуулан эхлээд гэрчээр дуудаж, дараа нь сэжигтэн, яллагдагч болгоод  шалгаж эхэлсэн. Миний болон гэр бүл, үр хүүхэд, ах дүү амраг садан, надтай холбоотой байж болох бүгдийг   шалгасан. Өөрөөр хэлбэл, намайг ямар нэгэн байдлаар мөнгө авч энэ компанид давуу эрх олгож, байшин худалдаад авчихсан гэдэг өрөөсгөл ойлголтоор шалгаж эхэлсэн.
 
–Хэн ийм нэхэмжлэл гаргасан юм бэ?
 
-Гомдол, нэхэмжлэл  гаргасан хүн байхгүй. Ингээд гэрчээр байцааж, цаашдаа  сэжигтэн болгож эхэлсэн. Би  үйл явцыг бүгдийг  дэс дарааллаар  нь тайлбарласан.  Харин шалгаж буй хууль, хяналтынхан  үнэн зөвийг нь олъё гэдэг үүднээс хандаагүй. Анхнаасаа л энэ  мөнгө авчихсан байх гэж бодсон зүйлээ нотлох гэж л ажилласан. Надтай холбоотой  нэг ч  хөрөнгө мөнгөний асуудал гараагүй. Эцэст нь   намайг Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй зүйлийг танилцуулж, сайдуудаар хүч түрэн батлуулж тогтоол гаргуулсан гэсэн хэрэг тулгаж,  ийм зүйлчлэлээр  яллагдагчаар татсан. Надтай холбоотой 14 хавтаст хэрэг цуглуулсан.
Тэнд надтай  холбоотой хөрөнгө мөнгө, ашиг сонирхлын зөрчил байхгүй. Шүүх хуралд   Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Засгийн газрын ХЭГ-ын  дарга асан С.Баярцогт, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Сангийн сайд асан Б.Болор, Сангийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга асан н.Нямаа нарын 16-17 хүн гэрчээр орсон. Засгийн газрын тухай хуульд хэлэлцэх асуудлын дарааллыг зөвхөн Ерөнхий сайд тогтооно гэж заасан байгаа. Хэлэлцэх асуудлын дарааллыг хэн нэгэн салбар хариуцсан сайд тогтоохгүй. Хуралдаан эхлээд хэлэлцэх асуудлын дарааллыг Ерөнхий сайд танилцуулдаг.
“Хэлэлцэх асуудалтай, санал оруулах   сайд байвал гараа өргөнө үү, саналаа хэлнэ үү” гэж зарчмын дагуу хуралдаанаа хийдэг. Сайд нар өөрсдийнхөө салбарын асуудлуудыг оруулах гэж бүгд л асуудлаа дэвшүүлдэг. Өөрөөр хэлбэл, сайд өөрийнхөө салбарын асуудлыг Засгийн газар, УИХ-ын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ гэдэг бол тэдгээрийн хуулиар хүлээсэн үндсэн үүрэг шүү дээ. Ийм л  дарааллаар асуудал  хэлэлцэгдсэн.Хүн болгон дэмжих,  дэмжихгүй талаар саналаа хэлж олонхоор асуудлыг шийддэг. Гарсан тогтоолд Ерөнхий сайд, асуудал хариуцсан сайд хоёр гарын үсэг зурдаг. Үүнийг гэрчүүд мэдүүлсэн атал  шүүх  асуудлыг ойлгохыг хүссэнгүй.
Зөвхөн намайг яллахын тулд ажилласан. Мөн  БХБЯ-ны  Төрийн нарийн бичгийн даргын албыг  түр орлон гүйцэтгэж байсан М.Болортуяа гэдэг эмэгтэйг надад хамаатуулж шалгасан. Намайг яллахын тулд мөнгө хайсан, байгаагүй. Дараа нь  албан тушаалын байдал гэж үзсэн ч тэр нь   тогтоогдоогүй. Ямар нэгэн байдлаар буруутгах арга саам хайж, төрийн албаны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан Төрийн нарийн бичгийн даргыг надад хамаатуулан оруулж ирж,  нэг жил хорих,  гурван жил төрийн албанд орох эрхийг хязгаарлах ял оноосон.
 
–Та улсад хохирол учруулаагүй, төрөөс нэг ч төгрөг завшаагүй гэлээ. Олон нийтийн сүлжээнд  976 сая төгрөг идчихээд 19 сая төгрөгөөр торгуулиад өнгөрлөө гэлцэн буруутгаж байна. 976 сая, 19 сая гэх мөнгөний тоог хаанаас гаргаж  ирээд байгаа юм бол?
 
-АТГ-аас  Сангийн яам мөнгийг нь шилжүүлж,  Засгийн газрын худалдан авсан 223 айлын орон сууцыг машин үнэлдэг  хувийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн байгаа юм. Тэр байгууллага нь  970-аад сая төгрөгийн зөрүү  гэгчийг гарган ирж, АТГ үүнийг нь З.Баянсэлэнгийн  улсад учруулсан хохирол гэж үзэж  байгаа юм. Энэ үнэлгээний байгууллага бол “Хөрөнгө эстимэйт” гэх нэртэй,   үнэлгээ хийх  эрхтэй боловч,  үнэлсэн тогтоолд нь гарын үсэг зурсан үнэлгээчид нь мэргэжлийнх бус.
Тухайлбал, үнэлгээний тогтоолд  гарын үсэг зурсан н.Бат-Энх гэгч нь  шүүх хуралдааны явцад үнэлгээ хийдэг мэргэжлийн хүн  биш гэдгээ хэлсэн. Тэр хүн 900-гаад сая төгрөгийн хохирол гээгчийг хаанаас  яаж гаргаж ирснээ хэлээгүй. Нотлох баримт байхгүй. Өөрсдийнх нь гаргаж өгсөн 900 гаруй сая төгрөг дутуу гэж гаргасан тайланд 223 айлыг бүрэн зурагжуулсан баримт   байхгүй байгаа. Хамгийн сонирхолтой нь үнэлэх явцдаа нэг давхарт байгаа  зургаан айлын нэг ижил байрыг өөр, өөр үнэтэй үнэлсэн байсан.
Яг адилхан тоосго, обой, шавар орсон байхад шүү дээ. Мөн  дөрвөн айлыг дутуу үнэлсэн зэрэг асуудлууд гарсан. Ингээд  хохирол учруулсан гэж зохиомол үндэслэл  гэгчийг гаргаж,  шүүх түүнийг нь бариад  ял оноосон.  970 гаруй сая төгрөгийн хохирлыг  З.Баянсэлэнгэ гэдэг хүн  учруулаагүй гэдгийг олон нийт ойлгох байх. Одоо тэнд 223 айл  түрээсээ төлөөд   амьдарч байна. Тэр байр байдгаараа байна шүү дээ. Сар болгон нэг айл төрд түрээсийн төлбөрт дунджаар 250 мянган төгрөг төлдөг. Жилийн хугацаанд өчнөөн төгрөг улсад өгч байна. Төр ямар ч алдагдал байхгүй. Хэн ч хохироогүй. Хохирсон хүн гэвэл би. 
Энэ асуудлыг тууштай  шалгуулъя, хууль хяналтынхан шударга ажиллах байх, үнэн зөвийг тогтоолгож   хоёр ээждээ дуулгаад  сэтгэлийг нь амраая гэж бодож явсан. Шүүхээр хоёр жил гаруй шалгагдах хугацаанд өөрийн болон хадам ээж маань бурхан болсон.Тэр хоёрыгоо асарч харж байхад шүүхээс  “Одоо ир” гээд дууддаг, хурдан ирэхгүй бол гээд сүрдүүлдэг байсан.
Эцэст нь хэлэхэд  намайг  МАХН-ын гишүүн  гэдгээр нь  яллаж  байна. Хэрэв би МАХН-ын гишүүн биш байсан бол яах байсан бэ. Өнөөдөр тэрбум тэрбумаар нь мөнгө төгрөг идэж уусан, гадаадад өч төчнөөн байшин, хаус авсан хүмүүс ямар ч ял шийтгэл авахгүй зугаалж цэнгээд явж байна. Зарим нь зүгээр нэг уучлал гуйгаад өнгөрч байна. Бас нэг зүйл нь  миний  нэр дэвшиж УИХ-д  төлөөлөл нь болж сонгогдсон  Сонгинохайрхан дүүрэгт шүүх хурлыг  хийж байгаа юм. Хэрэв Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн гэх юм бол харьяаллаар  нь Сүхбаатар дүүрэгт, Барилга хот байгуулалтын сайд гэдгээр нь ял үүрүүлэх гэж байгаа бол Чингэлтэй дүүрэгт шүүх хурал болох ёстой.
Яагаад заавал Сонгинохайрхан дүүрэгт шүүж байгаа юм. Энэ бүхэн учир холбогдолтой гэж би харж байгаа. Дээр нь  2016 оны сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компанид өгсөн асуудлыг ил болгож, олон нийтэд мэдээлсний  хариуд надтай улс төрийн тооцоо бодож  байх шиг байна. Энэ бүхэн дээрээс шидсэн чулуу хэдий ч би бууж өгөхгүй.
 
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин