sonin.mn
Таны хүүхдийн фэйсбүүк чат руу хэн нэгэн “Нүцгэн зургаа явуулна уу” гэж илгээсэн бол, “Санхүү өгнө, авна”, “Сайн ахтай болъё”, “Эмо” зэрэг цахим хаягт хүүхэд чинь нэгдсэн байвал яах вэ. Фэйсбүүкийн энэ мэт групп хүүхэд залуусыг амиа хорлох, элдэв янзын тоглоом болон садар самуунд уруу татах гол “даллагч” болдог байна. Монгол Улсад интернэт хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гэмт хэргийн тоо өсч байгааг албаныхан тодотгож, түүнээс урьдчилан сэргийлэхийг анхааруулдаг. Гэсэн ч цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо буурахгүй байгаа нь харамсалтай. Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг болон бусад төрлийн гэмт хэргийн гаралт өнгөрсөн онд улсын хэмжээнд 299 бүртгэгдсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 болон нэмэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
 
Д.БУДЗААН: 50 ОРЧИМ ГРУПП, АРВААД ПЭЙЖ ХУУДСЫГ УСТГААД БАЙНА
 
Фэйсбүүкт хуурамч хаяг нээж бага насны хүүхдүүдтэй холбоо тогтоон тэднийг залилах, нүцгэн зургийг нь авч, түүгээр нь эргээд дарамталдаг этгээдийг шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдэв. Хууран мэхлэлтэд өртсөн хохирогч хүүхдүүд эцэг, эхдээ хэлэхээс айж, хаана хандахаа мэдэхгүйгээс гэмт хэрэг нууцлагддаг байна. Иймд “Unfriend” хөдөлгөөн өрнүүлж, иргэдээс цахим гэмт хэргийн талаар санал гомдол хүлээн авах “Black list” буюу “Хар жагсаалт” вэбсайт ажиллуулж байна. Тус сайтад ирүүлсэн мэдээллийн дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж, цахим гэмт хэргийг таслан зогсоох юм. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯ, ЦЕГ, Монголын сурагчдын холбоо, дуучин Б.Анхбаяртай хамтран тус хөдөлгөөнийг сарын хугацаанд өрнүүлэхээр эхлүүлээд долоо хонож байна. Энэ хугацаанд ямар үр дүнд хүрч байгаа талаар ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаанаас тодрууллаа. Тэрбээр “Бид цахим гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор фэйсбүүкт “Хар жагсаалт” гэсэн групп нээсэн. Үүнд одоогоор 15000 орчим иргэн нэгдсэн байна. Тэд гэмт хэрэг зөрчил, садар самууныг сурталчилсан групп, хуудасны мэдээллийг өгдөг. Түүний дагуу 50 орчим групп, арваад пээж хуудсыг устгаад байна. Хөдөлгөөний хүрээнд цагдаагийн байгууллагаас иргэдэд хандсан сэрэмжлүүлэг бүхий ухуулга сурталчилгааг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хүргэхээс гадна ерөнхий боловсролын 900 орчим сургуульд сургалт зохион байгуулж байна” гэв.
 
ӨСВӨР НАСНЫХАН ТӨДИЙГҮЙ НАСАНД ХҮРЭГЧИД “UNFRIEND” ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
 
Манай улсад сүүлийн жилүүдэд интернэт хэрэглээ, түүний хүртээмж жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, Монголд фейсбүүк хэрэглэгчдийн тоо 2012 онд 654 мянга байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 2.7 сая болж нэмэгдлээ. Интернет хэрэглээ өсч, буруу зан үйлд уриалан дуудсан мэдээ, мэдээллээр дамжин өсвөр насныхан цахим гэмт хэргийн золиос болж байгаа учраас урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчин дахь зүй зохистой хэрэглээг бий болгох, эцэг эх, ар гэр, асран хамгаалагчаас нь цахим хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн арга хэмжээг ЦЕГ-аас эхлүүлсэн. Энэ хөдөлгөөнийг эхлүүлээд долоо хонож байгаа ч нэлээд олон хүнийг хамраад байгаа юм. Хөдөлгөөний хүрээнд өсвөр насныхан гэлтгүй насанд хүрэгчид фэйсбүүк найзуудаа эргэн харж өөрийн зургаа тавиагүй, этгээд, сонин нэр өгсөн, үл таних хүмүүсийг “unfriend” хийж эхэлжээ. Мөн элдэв янзын группээс татгалзаж буй нь хөдөлгөөний үр дүн гэж болно. Сүүлийн үед сэтгэл сэртхийлгэм олон гэмт хэрэг цахим орчинд үйлдэгдэх болсон. Цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхийг зөрчсөн 44 гэмт хэрэг өнгөрсөн онд бүртгэгдсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 200 гаруй болж өссөн судалгаа бий. Иймд эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ хаана, юу хийж яваад хяналт тавихын зэрэгцээ гар утас, цахим хаягийг нь шалгаж, танихгүй хүмүүсийг найзын жагсаалтаас хасахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
 
ФЭЙСБҮҮКТ СӨРӨГ ТАЛ ОЛОН Ч САЙН ЗҮЙЛ БАС БИЙ
 
“Фэйсбүүкийг өдөрт 6-8 цаг ашигладаг. Өглөө сэрээд хамгийн түрүүнд фэйсбүүктээ нэвтэрдэг. Өдөр хичээл дээр, автобусанд явж байхдаа, орой унтахаасаа өмнө 2-3 цаг тогтмол ордог. Сургууль, анги бүр өөр өөрийн гэсэн фэйсбүүк групптэй. Хүүхдүүд тухайн группт бие биенийхээ онцгүй, сонин гарсан зургийг оруулж гадуурхах, доромжлох тохиолдол гардаг” хэмээн нэгэн сурагч сэтгэгдлээ хуваалцав. Фэйсбүүкийн ийм сөрөг тал олон ч сайн зүйл бас бий. Тухайлбал, боловсролын группт нэгдэж англи хэл болон бусад хичээлийнхээ мэдлэгийг дээшлүүлэх боломжтой гэдгийг онцолсон юм. Тэрбээр “Хүүхдүүд фэйсбүүкийг зөв ашиглаж, аливаа зураг, бичлэг нийтлэхдээ, үүнээс болж хэн нэгнийг гомдоох вий гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд өөрсдөө фэйсбүүкийг цаг, минут тутамд ашиглаж байгаа атлаа хүүхдэдээ “Битгий ашигла” гэсэн шаардлага тавих нь буруу. Өөрсдөө хэрэглээгээ хязгаарлаж, үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй” гэж зөвлөсөн юм. Монгол Улсын өсвөр насны хүүхдүүдийн 95 хувь нь ухаалаг утас, фэйсбүүк хэрэглэдэг аж. Эдгээр хүүхдэд гурван төрлийн эрсдэл учирдаг байна. Тухайлбал, хүүхдийн нас, сэтгэхүйд тохироогүй мэдээлэл буюу садар самуун, хүчирхийлэлд уриалан дуудсан агуулга бүхий бичлэг, зураг үздэг. Бага насны хүүхэд ихэвчлэн огт танихгүй хүн рүү найзын хүсэлт явуулдаг бөгөөд үүний улмаас өөрсдөө гэмт хэргийн золиос болох, үйлдлийн буюу хүүхдүүд үе тэнгийнхнийгээ гутаан доромжлох, гадуурхах тохиолдол гардаг байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ ёс зүйн төлөвшилд ихээхэн анхаарах шаардлагатайг албаныхан сануулдаг. Эдгээр эрсдлээс үүдэн гэмт хэргийн золиос болох бие мах бодь болон сэтгэл санаагаараа хохирох нь улам бүр нэмэгдэх болсон учраас холбогдох байгууллагынхан энэ чиглэлийн хууль эрхзүйн орчныг бий болгох, төрийн гурван өндөрлөгт зөвлөмж хүргүүлсэн удаатай. Мөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт цахим орчны зохистой хэрэглээний чиглэлээр тусгайлсан хичээл оруулах талаар БСШУСЯ-нд хандсан байна.
 
ЗАРИМ УЛС ОРОН 18 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАДАГ
 
Япон, АНУ, ХБНГУ зэрэг зарим улс орон 18 хүртэлх насны хүүхдийн цахим орчны хэрэглээнд тодорхой хязгаарлалт тавьдаг байна. Тухайлбал, хэн нэгэн хүүхдэд гар утасны дугаар худалдан авахад үүрэн телефоны оператор компани төрсөн оныг нь харгалзан тухайн хэрэглэгчийн насны онцлогт тохирсон сайтуудад орох эрхийг нээдэг аж. Мөн өрх бүр утасгүй интернэт байрлуулахдаа тухайн компанид хүүхдүүдийнхээ насыг хэлдэг бөгөөд үүний дагуу хүүхдийн насны онцлогт тохирсон сайтуудад хандах боломж олгодог байна. Энэ мэтээр цахим орчны хэрэглээг хязгаарладаг. Учир нь, кибер гэмт хэрэг нь дэлхий дахинд учруулж болох хор хохирол, аюул заналын түвшингээр терроризмын аюул заналаас илүү бодит эрсдэлийг бий болгодог байна. Олон улсад кибер гэмт хэрэг гэдэгт кибер халдлага, пишинг, онлайн мөрдлөгө болон залилан, заналхийлэл, скиминг буюу картны гэмт хэрэг, садар самуун дүрс бичлэг тараах болон интернэтэд суурилсан оюуны өмчийн эсрэг гэмт хэргийг багтаадаг аж. Манай улс ч эдгээрийг кибер гэмт хэрэгт тооцож, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэх нь зүйтэй. Мөн үүрэн телефоны оператор болон интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран ажиллаж, дээр дурдсан зохицуулалтыг нэвтрүүлэх бүрэн боломжтойг мэргэжилтнүүд сануулав. Дэлхий нийтэд эцэг эхчүүд өөрсдийн гар утсаа хүүхдийнхээ утастай холбож, ямар сайтад хандсан, хэнтэй харилцсан гэдгийг хянах программ бүтээсэн. Энэ мэт дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг мөн зөвлөж байна.
 
ЦАХИМ ОРЧИНД ХУВИЙН НУУЦАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ
 
Цахим орчинд хувийн мэдээллийг маш олон аргаар олзолж авах боломжтой тул зөвхөн та л өөрөө түүнийг хамгаалах бүрэн боломжтой юм. Иймд “Unfriend” хөдөлгөөний хүрээнд иргэн, олон нийтэд цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөмжийг гаргажээ. Тодруулбал, өөрийн цахим хаяг болон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжид том, жижиг үсэг, тоо, тэмдэгт зэргийг оролцуулж нууц үг хийх нь чухал ач холбогдолтой. Онлайн хаяг руугаа нэвтрэхдээ хоёр нөхцөлт нэвтрэлтийг хэрэглэх /“twofactor authentication”/ нь гэмт этгээдэд өөрийн хаягаа алдахаас хамгаална. Өөр хүний гар утас, компьютер зэргийг ашиглан та цахим хаяг руугаа нэвтэрсэн бол ашиглаж дууссаныхаа дараа заавал Sign out хийж гарах ёстой. Мөн онлайнаар өөрийгөө ямар нэгэн газрын ажилтан гэж танилцуулсан үл таних этгээд танаас хувийн мэдээллээ өгөхийг шаардвал өгөхгүй байхыг зөвлөж байна. Тантай онлайнаар шинээр танилцсан этгээд хувийн мэдээлэл болон зураг, бичлэг зэргийг солилцох санал тавьсан тохиолдолд бүү зөвшөөр. Учир нь, хувийн мэдээллийг тань ашиглан заналхийлж болзошгүйг анхааруулав. Таны найзын онлайн хаягийг эсвэл түүнтэй төстэй хаягийг гэмт этгээд ашиглан тантай харилцаж мөнгө зээлэхийг гуйж болзошгүйг үргэлж санаж, гар утас болон бусад хэрэгслээр холбогдон баталгаажуулахыг сануулж байна. Фэйсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээнийхээ мэдээлэл харагдах тохиргоог friends only болгохыг зөвлөдөг. Интернэт орчинд өөрийн хувийн мэдээлэл агуулсан текст, зураг, бичлэг болон файлыг аль болох нийтлэхгүй байх, веб сайтуудад зочлохдоо Https хамгаалалт байгаа эсэхийг шалгах, өөрийн ашигладаг компьютерт үргэлж вирусийн эсрэг программ хангамж суулгаж хувийн нууцаа хамгаалах нь илүү найдвартай юм.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин