Иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчийн автомашинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад худалдах, банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байгааг Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлээ. Монгол Улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжийн емчлөлд 851 мянга 179 автомашин бүртгэлтэй байдаг аж. Гэвч тээврийн хэрэгслийн өмчлөгч нь татвар, торгуулиа төлдөггүй, даатгалд хамруулдаггүй, оношлогоонд оруулдаггүй зөрчил байнга гаргадаг байна. Иргэн, аж ахуйн нэгжийн энэхүү тоймжиргүй байдлыг гэмт этгээдүүд ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийг нь бусдад худалдах, банк санхүүгийн байгууллагад барьцаалах тохиолдол олноор бүртгэгдэх болжээ. Иймд Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөгч иргэн, байгууллагын дарга удирдлагуудад өмчлөлийн автомашиныхаа ашиглалтад хяналт тавих, аливаа өөрчлөлт шилжилт хөдөлгөөнийг хийлгэхдээ биечлэн очиж хэвшихийг уриаллаа. 

 

У.Орхон

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин