sonin.mn

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын Ойн тухай хууль, тогтоомж зөрчсөн 32 гэмт хэрэг гарч, шүүхээс 43 хүнийг энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулжээ. Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх, худалдах гэмт хэргийн улмаас тус аймгийн ойн нөөц санд 668.55 м.куб модыг буюу ойг сүйтгэж, экологи эдийн засагт 94.495.400.00 төгрөгийн хохирол учруулсан байна.

Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үилдсэн этгээдүүдээс хууль бусаар бэлтгэсэн тээвэрлэсэн модыг хураан авч улсын орлого болгосны зэрэгцээ экологи эдийн засагт учруулсан 72.064.801.00 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгө, малаар нөхөн төлүүлж, 22.430.590.00 төгрөгийн хохирлыг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн аж.

Мөн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн цахилгаан хөрөөнүүдийг хураахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашин гуравыг хураан улсын орлого болгов. Шүүхээр ял шийтгүүлэгсдээс таван хүн нь хорих ял биечлэн эдэлж, хоёр хүнийг баривчлах ялаар шийтгэсэн байна.

Мөн 35 хүнд оногдуулах хорих ялыг тэнсэлж цагдаагийн газрын хяналтад шилжүүлжээ. Тус аймагт Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд гэмт хэрэг үйлдэж буй иргэд хувийн хэрэгцээгээ хууль зөрчин хангаж буй буруу сэдлээс болдог аж. Түүнчлэн зарим гэмт хэрэг гарахад сумдын засаг захиргаан зохих албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн буюу ой нээгдэхэд хэдэн хүнд хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл олгосон, зөвшөөрөл олгосон иргэд нь зөвшөөрсөн газраас ямар хэмжээний мод бэлтгэж буй нь хяналтгүй байдаг гэнэ.

Иймд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хууль бусаар мод бэлтгэх тээвэрлэх гэмт хэрэг зонхилон гарч байгаа Хүдэр, Цагааннуур, Ерөө сумдын Засаг дарга нарт энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна. Мэдэгдэлд “Сумдын иргэдийн төлөөлөгчдын хурлаас шийдвэр гарснаар эсхүл Засаг даргаас иргэдийн хүсэлтэд цохолт хийснээр мод бэлтгэсэн, зөвшөөрлийг эрх бүхий албан тушаалтнаас тодруулж, үндэслэх бичиг баримтыг авахгүйгээр хууль зөрчиж, гэмт хэрэгтэн болсон тохиолдол цөөнгүй гарч байгаа.

Энэ асуудлаар иргэдэд нэг мөр ойлголт өгч хууль журмын заалтыг тайлбарлаж өгөх, гарын авлага материалаар үйлчилдэг байх хэрэгтэй. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас учрах хор уршигт засаг захиргааны зүгээс хууль зөрчин гэмт хэрэг үйлдсний дараа анхаарах биш үйлдэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, таслан зогсоох бүхий л талын арга хэмжээг авахыг дурьджээ.

Мөн ойд мод бэлтгэх ажлыг тусгай зөвшөөрөл бүхийн аж ахуйн нэгж дагнан бэлтгэх журамд шилжиж байгааг иргэд буруу ойлгож хууль зөрчих хандлагатайг зөвөөр ойлгуулах ажлыг зохион байгуулахыг хүссэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс тооцох хариуцлагыг өндөрсгөх шаардлагатай хэмээн албаныхан үзжээ.

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"