sonin.mn
Цахим мэдээллийн "Numbeo" сангаас жил бүр гаргадаг дэлхийн хамгийн аюулгүй хотын жагсаалтыг Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хот дахин тэргүүлжээ. Дэлхийн хамгийн аюулгүй хотын индекст 338 хотыг жагсаасан байна. Өнгөрсөн оны эхний хагаст тус хотын аюулгүй байдлын индекс 86.46 оноотой байсан нь энэ онд 88.26 болж өсчээ. Эмиратын нийслэлээс адна Германы Мюнхэн, Хятадын Тайпэй, Швейцарийн Базель, Катарын Доха, Сингапур, Швейцарийн Цюрих хот жагсаалтын эхэнд багтжээ. Тухайн хот дахь гэмт хэргийн гаралт 20 онооноос бага байвал аюулгүйд тооцно гэж мэргэжилтнүүд үздэг байна. Абу Даби хотод энэ үзүүлэлт 14.4 оноотой гарсан аж. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот уг жагсаалтад 59.88 оноотой 288 дугаар байрт бичигджээ. Жагсаалтыг гаргахдаа иргэд, эрүүл мэнд, дэд бүтэц, цахим аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтийг харгалзан үздэг аж. Хүний аюулгүй байдалд гэмт хэргийн гаралт, терроризм, бусад харгис хэрцгий, танхай үйлдлийг хамруулжээ. Цахим аюулгүй байдалд кибер халдлага, эрүүл мэндийн аюулгүй байдалд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж, хүрэлцээ, эмнэлэг, түргэн тусламжийн үйлчилгээ, дэд бүтцийн аюулгүй байдалд байшин барилгын чанар, зам, гүүрийг голлон тооццог байна. "Numbeo" хамтарсан цахим мэдээллийн сан нь улс орон болон хотууд дахь амьжиргааны зардал, аюулгүй байдлын тухай мэдээллийг хуваалцах, харьцуулах боломжийг хэрэглэгчдэд олгодог юм. Дашрамд өгүүлэхэд, дэлхийн хамгийн аюултай хотоор Венесуэлийн нийслэл Каракас шалгарчээ.
 
Х.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин