sonin.mn
Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсад хамгийн хурдац, эрчимтэй хөгжиж байгаа салбар нь интернэт хэрэглээ, цахим технологи гэж хэлж болно. Үүнийг Монголын иргэдийн цахим, фэйсбүүкийн хэрэглээ дэлхийд эхний арав /хүн амын тоотой харьцуулснаар/-т бичигдэж, Азид толгой цохиж байгаа гэх судалгаа баталж байна. Энэ нь хүүхдүүд өөрийн хүсэл сонирхол, үзэл бодлыг бусадтай хуваалцах, мэдлэг мэдээлэл олж авах, авьяас чадвараа хөгжүүлэх өргөн дэлгэр боломжийг олгож байгаа нь сайшаалтай. Гэвч хүүхэд цахим орчинд бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртөх, хэт ачааллын улмаас донтох өвчин эмгэг, байнгын хамааралтай болох магадлалтайг мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаа юм. Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд энэ төрлийн өвчний хамааралтайгаар оношлуулж эмчлүүлэх хүүхдийн тоо жилээс жилд өсч байгаа нь анхаарахгүй байхын аргагүй асуудал боллоо. Тийм ч учраас Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамнаас НҮБ- ын Хүүхдийн сантай хамтран "Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Насанд хүрээгүй охинтой цахим орчинд холбогдож харилцсан нэг этгээд нүцгэн зургаа илгээхийг хүсч, улмаар түүгээр нь барьцаалж бэлгийн харьцаанд орсон тухай ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан сэтгэл эмзэглэн ярьж байлаа.
Тухайн этгээдийг шалгах явцад насанд хoрээгүй 200 гаруй охины зургийг цуглуулаад байсныг нотолжээ. Иймэрхүү байдлаар хохирсон хүүхэд хаана хандахаа мэдэхгүй, эцэг эхээсээ нуун далдалж байдаг нь гэмт этгээд ямар ч ял шийтгэл хүлээхгүй байх, улмаар тэднийг өөгшүүлж дэврээх нэг хүчин зүйл, шалтгаан болдог байна. Үүнд эцэг эх, ойр дотнын хүмүүсийн хяналт үгүйлэгдэж буйгаас гадна тухайн салбарын үйл ажиллагаа ч дутагдаж байх шиг. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд даргаас тодрууллаа.
 
-Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл дарамтаас урьдчилан сэргийлэх талаар танай байгууллагаас ямар ажил хийж байна вэ? 
 
-Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу бид тодорхой үүрэг хүлээдэг. Тиймээс манай байгууллага Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газартай хамтран шийдвэр гаргаж, ажлын төлөвлөгөө батлаад ажиллаж байна. Үүний дотор цахим орчин дахь хүүхдийн гадуурхал болон гар утасны зохистой хэрэглээ, интернэт орчны талаар эссэ бичлэгийн уралдаан зарлаж, 10 мянга орчим хүүхэд хамрагдлаа.
 
...Сурагчдын гар утасны хэрэглээний судалгааг хийлгэж үзсэн. Эндээс харахад нийт сурагчдын 80-с дээш хувь, түүний дотор 230 мянга нь ухаалаг гар утас хэрэглэж байна. Мөн 98 хувь нь интернэт орчин болон сүлжээнд хамрагддаг болжээ. Бидний хийсэн судалгаагаар Монгол Улсад фэйсбүүк хэрэглэгч 2.1 сая иргэн байна...
 
Хүүхдийн эзэмшиж байгаа утсыг тодорхой эзэнтэй байлгаж, дугаарыг тогтвортой хадгалах, аппаратыг бүртгэлжүүлж хамгаалах ажлыг хийснээр 98 хувийн биелэлттэй болсон. Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний зөвлөл, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран оператор компаниудын тусламжтайгаар энэ ажлыг хийж гүйцэтгэлээ. Саяхан цагдаагийн байгууллагаас санаачлан эхлүүлсэн "UNFRIEND” аяныг бид үргэлжлүүлж, гар утасны зохистой хэрэглээ, интернэт орчин тал руу чиглүүлэхээр төлөвлөж байна.
 
-Гар утасны зүй зохисгүй хэрэглээ, түүний үр дагаврын талаар та ямар бодол дүгнэлттэй байдаг вэ, мэргэжлийн хүний хувьд?
 
-Сөрөг үр дагавар бас байна. Тухайлбал, хүүхдийг янз бүрийн байдлаар гадуурхах, дарамтад оруулах, боловсрол хүмүүжилд нь сөргөөр нөлөөлөх, хэрэглээний донтолтод өртөх зэрэг үзэгдэл гарч байгаа юм. Бид сурагчдын гар утасны хэрэглээний судалгааг хийлгэж үзсэн. Эндээс харахад нийт сурагчдын 80-аас дээш хувь, түүний дотор 230 мянга нь ухаалаг гар утас хэрэглэж байна. Мөн 98 хувь нь интернэт орчин болон сүлжээнд хамрагддаг болжээ. Бидний хийсэн судалгаагаар Монгол Улсад фэйсбүүк хэрэглэгч 2.1 сая иргэн байна. Саяхан "Фэйсбүүк"-ийн төлөөлөгчид манайд айлчилсан. Тэдэнтэй хүүхдийн хамгааллын талаар ярилцаж, хуурамч мэдээ мэдээлэл, гаж буюу хүүхдийн нас, биеийн хөгжилд зохихгүй, сөрөг үр дагавартай контентыг яаж зохицуулах, бага өсвөр насныхныг түүнээс хэрхэн хамгаалах талаар санал бодлоо солипцлоо. Удахгүй тодорхой алхмуудыг хийж эхэлнэ.
 
-Засгийн газраас сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэглүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ямар ажил зохиох вэ?
 
-Үүнийг маш зөв шийдвэр гэж дэмжиж байгаа. Энэ талаар БСШУСЯ-наас тодорхой дүрэм журам баталж ажиллах бол бид гар утасны оператор компаниудтай хамтарч зарим тодорхой ажлыг хийнэ гэж бодож байна. Уг нь "Фэйсбүүк" компани насанд хүрсэн иргэдэд сүлжээнд нэвтрэх зөвшөөрөл олгох бодлого барьдаг юм билээ. Монгол хүүхдүүд болохоор хуурамч акаунт үүсгэж, "18+" зэрэг контент руу хандах явдал байна. Манай хорооны зүгээс аль болох зөв зохистой контентыг дэлгэрүүлэх, дэмжих бодлого барьж, хааж боохоос илүүтэй хэрэглээг зүй зохистой болгоход л анхаарч ажилладаг. ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Мөнхсоёлоос тэдний санаачлан хэрэгжүүлж буй "UNFRIEND" аяны талаар тодруулахад, энэ арга хэмжээний хүрээнд фэйсбүүк хэрэглэгчдийн дунд судалгаа явуулахад 90 гаруй хувь нь 12-17 насны хүүхэд байгааг тогтоосон тухай ярьж байлаа. Тиймээс цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалж, гэмт хэрэг, хандлага, бэлгийн хүчирхийлэл, дарамтад яавал өртөхгүй байх талаар ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сурагч, оюутнуудад хичээл заасан байна. Үүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллагуудад энэ чиглэлээр заавар зөвлөмж хүргүүлсний дээр 1000 орчим төлөөллийг хамруулсан томоохон зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөс гаргасан удирдамж, шийдвэрийг ХЗДХЯ болон ЦЕГ-аас Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн байна. Өнөөдөр дэлхийн нийт хүн амын 42 хувь /3.2 тэрбум/ нь интернэт орчинд идэвхтэй хамрагддаг бол цөөхөн монголчуудын маань 90 хувь нь сошиал сүлжээг ашиглаж, 50-60 аж ахуйн нэгж тэдэнд тасралтгүй үйлчилж байгаа гэх судалгааны дүн гарчээ. Интернэт хэрэглэгчдийн 60 хувь нь өсвөр насныхан байгаа төдийгүй бүтэн хоногийн 30 хувийг тэнд өнгөрөөж байгаа хүүхдүүд ч байдаг гэнэ. Тиймээс цахимаар үйлдэгддэг залилан, мэдээллийн аюулгуй байдалд халдах, заналхийлэх, хүүхдийг садар самуунд уруу татах зэрэг гэмт хэрэгт өртөх магадлал их байна.
Улсын хэмжээгээр цахим орчинд үйлдсэн гэмт хэргийн тоо энэ оны эхний найман сарын байдлаар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад тав дахин өссөн үзүүлэлт гарчээ. Энэ байдлаас өсвөр үе, хүүхэд багачуудыг хамгаалах зорилгоор "UNFRIEND" аяны хүрээнд "Black list” группийг нээсэн нь "18+", "Санхүү өгнө, авна", "Сайн ахтай болно" зэрэг гэмт хэргийн шинжтэй мэдээллийн хуудасны эсрэг авсан арга хэмжээ байлаа. Энэ нь онцын шаардлагагүй харилцагчаа өөрийн хуудаснаас хасах, гаж буюу дээрхийн адил утга агуулга бүхий группийн талаар "Фэйсбүүк" рүү "report" хийж мэдэгдсэнээр хаалгах зэрэг эерэг ач холбогдолтой ажил болсныг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм. Учир нь, "UNFRIEND" аяныг зохион байгуулсан гурван долоо хоногийн хугацаанд өсвөр насныхныг садар самуунд уруу татах, сурталчлах агуулга бүхий 180 орчим фэйсбүүк групп, чаатыг устгасан байна. Цаашдаа иргэд хувийн мэдээллээ ил тод, нээлттэй тодорхой тавихгүй байх, санхүүгийн хохирогч болохгүйн тулд харилцагч талтай амьд харилцаа тогтоох /утсаар ярих гэх мэт/-ыг цагдаагийн байгууллагаас байнга анхааруулж байгаа юм. 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин