sonin.mn
Хар тамхины хор уршиг Монгол хүний удмын сан, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг нотлох тоо баримт хангалттай бий. Одоогоос 3-4 жилийн өмнө л Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж ярьж, бичиж байсан бол өдгөө энэ аюул ангалаа улам томруулж Монголын нийгмийг, залуу хойч үетэй нь “залгиж” байна. Тиймээс аюулыг оновчтой бодлого, дорвитой үр дүнгээр хурдацтай сөрөхгүй бол мөд улс орныг маань мөхлийн аюул руу чирээд орох нь.
Монголын өдөр тутмын сонинууд нийгэмд бугшсан арван асуудлыг хөндөж II форумаараа онцолсны нэг нь “Нийгэмд үүрлэсэн хар тамхины эрсдэл” байв. Тиймээс олны эрх ашгийг хамгаалах сэдвийг нэг хөндөөд орхих биш нийтээрээ тэмцэж, дуу хоолойгоо “чангалж”, гар бие оролцох нь илүү үр дүнтэйг форумын үеэр хэлэлцсэн.
Нэг ёсондоо хар тамхи мансууруулах бодистой холбоотой асуудлаар төр, иргэний нийгмийн байгууллага гэлтгүй  нэгнээ чичилж, шүүмжилж  суух биш нэгдсэн уялдаа, бодлогоор нэг зүгт харж, тууштай тэмцэхээс өөр гарцгүй болсныг хэдхэн тоо л хэлээд өгчихнө. Мөн хар тамхины аюулыг зогсооход иргэн таны үүрэг оролцоо чамгүй их гэдгийг мэдэх нь зүйтэй.
Цагаан тахал Монголын залуу үеийг онилж байгаа баримтаас цухасхан дурдвал, энэ төрлийн гэмт  хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 20-30 хувь нь давтан хэрэг үйлдсэн бол 70 хувь нь шинэ хэрэглэгч байна. Мөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 60 орчим хувиар нэмэгдэж  388 гэмт хэрэгт 1112 хүн холбогдсон нь хүн ам цөөн манай улсын хувьд яах аргагүй Үндэсний аюулгүй байдалд нөлөөлснийг илтгэж байгааг хууль хяналтынхан анхааруулсаар.
Түүнчлэн  энэ төрлийн аюулд голдуу 18-30 насныхан өртөж байгаа. Тэр дундаа өсвөр насны 130 гаруй мянган хүүхэд ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж үзсэн гэсэн судалгаа байгаа нь ямархуу нийгэм бүрэлдэн тогтож, улс орны хөгжил хаашаа явахыг харуулж байна гэхэд хол зөрөхгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа залуусын насны ангиллыг харвал 18-20 гаруй насныхан төдийгүй жилд 20 гаруй хүн эмчлүүлдэг байсан бол өнгөрсөн жил гурав дахин нэмэгдсэн зэргээд дурдаад байвал тоо баримт дуусахгүй. Эндээс харвал Монгол Улс хар тамхитай өнгөрсөн хугацаанд дорвитой тэмцээгүй,  хайхрамжгүй явсны гор нь 2002 онд хар тамхитай холбоотой гэмт хэрэг хоёр  бүртгэгдэж байсан бол 2016 онд 109 болж өссөнөөс харж болно.
Тиймээс энэ алдаагаа давтахгүй, улс орноо ангал руу орохоос сэргийлэх нь юу юунаас илүү хоолойд тулсан, нэн тэргүүний ажил болжээ.
 
САЙН ДУРЫН БОЛОН АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО
 
Нэг үеийг бодоход  Монгол Улс хар тамхитай тэмцэх чиглэлээр ганц ч болов алхам урагшилсан гэж хэлж болно. Энэ бол өнгөрсөн онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан явдал юм.
Хөтөлбөр хэрэгжээд удаагүй ч одоогоор хар тамхитай тэмцэхэд урдаа барьж байгаа цогц баримт бичиг нь энэ юм.
Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдэн орсон бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг.
Харин хамгийн сүүлд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрт мансуурлын аюулаас улс орон, ард түмнээ татаж гаргах, урьдчилан сэргийлэх чиглэлээр таван зорилт дэвшүүлжээ.
Эдгээр зорилтын хүрээнд бүх төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж  Үндэсний хороо байгуулж салбар бүрийн үүрэг оролцоог тодорхойлж төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Эхний ээлжинд өнгөрсөн жил гурван тэрбум төгрөгийн хөрөнгө шийдэж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Хар тамхитай тэмцэх газар, хил, гаалийн байгууллага, 21 аймагт  сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болжээ.
Мөн үндэсний хөтөлбөрт тусгасан бас нэг чухал асуудал нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтсон этгээдэд үзүүлэх сайн дурын болон албадан эмчилгээний эрх зүйн зохицуулалтыг боловс­ронгуй болгож, эмчил­гээний стандарттай болох. Залуучуудыг урьдчилан сэргийлэхийн тулд ерөнхий боловсролын сургууль, тусгай мэргэжлийн коллеж, их, дээд сургуулийн сурагч, оюутны дунд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, тархалтын талаар судалгаа хийж, судалгааны үр дүнд суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх юм. Мөн хууль сахиулах, тагнуулын байгууллага гадаад улс болон хил орчмын бүс нутгийн эрх бүхий байгууллагатай үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн талаар харилцан мэдээлэл солилцох,  хилийн бүс, зурваст ургаж байгаа сэтгэцэд нөлөөт, мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац, байршлын судалгааг гаргаж, тэдгээрийг устгах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих зэргээр цогцоор нь урагшлуулах юм.
 
 
ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨВИЙГ НИЙСЛЭЛД НЭГ, ОРОН НУТАГТ ГУРВЫГ БАЙГУУЛНА
 
Тэгвэл мансуурлын эсрэг үйл ажиллагаанд төрийн байгууллагуудыг татан оруулж, үүрэг оролцоог нь тодорхойлсон үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл ямар үр дүнд хүрэх вэ.
Хөтөлбөрийг  2017-2019, 2019-2021 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үр дүнд  нь дотоодын хууль тогтоомжийг олон улсын гэрээтэй нийцүүлж  эрх зүйн орчин боловсронгуй болгоно. Ингэснээр хар тамхитай тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажиллагаа сайжирч гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход ахиц гарч, гэмт хэрэг зөрчлийн тоо буурна гэж үзжээ.
Түүнчлэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх хүүхэд, залуус, иргэдийн мэдлэг дээшилж, донтсон болон хэрэглэгч болсон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоо бий болох аж.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийсэн суурь болон хавсарга судалгааны дүнд суурилан төлөвлөж боловсруулдаг болох нь том дэвшил авчирна гэж хөтөлбөрт тусгажээ. Шинжлэн судлах орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдаж, алба хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилж, донтсон болон хэрэглэгч болсон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх, дахин хэрэглэгч болохоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий төвийг нийслэлд нэг, орон нутагт гурвыг байгуулахаар зорьж байгаа юм. Мэдээж энэ бүхнийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага тэр дундаа олон нийтийн оролцоо, хяналт чухал юм.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин