Ардчиллын удирдагч С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсан аймшигт хэрэг гарснаас хойш 20 жил болж байна. ЦЕГ, ТЕГ хамтран 2016 оноос хэрэг илэрсэн хэмээн Орхон аймгийн иргэн Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 21-24 жилийн ял оноож, чанга дэглэмд эдлүүлэхээр Хорих 405 болон 407 дугаар ангид шилжүүлсэн юм. Гэтэл өнгөрсөн баасан гаригт Б.Содномдаржаад, Ц.Амгаланбаатар нарын дэглэмийг бууруулж Хорих 409 дүгээр анги руу шилжүүлжээ.
Тэд үнэхээр энэ гэмт хэргийг үйлдсэн бол нийтийн хориход хорьж болох хөнгөн болон хөнгөвтөр зүйлчлэл бүхий хулгай, дээрмийн хэрэг биш юм. Төрийн зүтгэлтний амийг хөнөөсөн захиалгат аллага учраас онц ноцтой бөгөөд хүнд гэмт хэрэгт тооцогдож таарна. Иймд хэргийг эцэслэн шийдвэрлэх, ялангуяа захиалагчдыг илрүүлж ял шийтгэл оноох хүртэл гэрч болон гүйцэтгэгчдийг төрийн тусгай хамгаалалтад байлгах ёстой. Өөрөөр хэлбэл, төр тэднийг иргэнийх нь хувьд, онц ноцтой хэргийн гүйцэтгэгч гэрчийн хувьд амь нас, аюулгүй байдлыг нь бүрэн хангаж, хариуцах учиртай.
Хэдийгээр захиалагчийг олоогүй байж гүйцэтгэгч гэж зохиомол ял тулган барьж хорьсон гэх шүүмжлэл, эргэлзээ хардлага нийгэмд байдаг ч бодит байдалд ийм логик, дүр зураг харагддаг. Тэд аллагын гүйцэтгэгч байлаа ч гэсэн нөгөө талаас захиалагчтай нүүрэлдүүлэхэд гэрч болно. Гэтэл ЦЕГ, ТЕГ-аас аллагын захиалагчийг илрүүлэхээр ажиллаж байгаа атал “гүйцэтгэгч” гэх хоёр хүний дэглэмийг нь буруулж, нийтийн хориход шилжүүлснээр аюулгүй байдлыг нь хангаж байна уу. Тэдний амь нас эрсдэхгүй гэсэн баталгаа байна уу гэдэг асуудал хөндөгдөж байна.
Мөн уг хэргийн цорын ганц гэрч, С.Зориг агсны эхнэр Б.Булган хаана явна. Түүний амь нас, аюулгүй байдлыг хангасан уу гэдэг асуулт тавигдаж байгаа юм. Хэргийн гүйцэтгэгч, гэрчийн амь насанд эрсдэл учирвал ард нь хэн нэгэн ял завших, ялаас мултрах нөхцөл байдал үүсэж мэдэх юм.
Хорих ангийг яагаад өөрчлөх болсон, ямар учраас шилжүүлснийг тодруулахаар бид Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаатай холбогдсон юм. Тэрээр “Хорих ангийн дэглэмийг өөрчлөн гэнэт шилжүүлснийг гайхаж байна. Хүүгийн минь амь насанд халтай зүйл болох вий гэдэгт санаа зовж бас айж байгаа. Би жирийн нэг эх хүн. Хүүгийнхээ төлөө яваа ээж. Ард түмэн, төр, засаг минь туслаарай, хүүг минь амьд байлгахад анхаарлаа хандуулж өгөөч” хэмээн ярьж байна.
 
-Хүүг тань шилжүүлснийг та хэзээ мэдсэн бэ?
 
-Эргэлтийн хуваарь нь энэ сарын 24-нд байсан юм. Тэр өдөр гурван хүүхэд, нэг дүүг нь дагуулан Хорих 405 дугаар ангид очтол байгаагүй. Бидэнд “409 дүгээр анги руу шилжүүлсэн” гэснээс өөр юм хэлээгүй. Тэр анги нь Улаанбаатар хотын зүүн тал руу байдаг юм билээ. Явсаар байгаад очоод уулзсан. “Яагаад шилжүүлэв” гэж хүүгээсээ асуухад “Харгалзагч нар гэнэт толгой, хүзүүн дээрээс доош хүчтэй дарж, хар юмаар нүдийг минь боогоод машинд суулгаад авчирсан” гэсэн.
Өмнө нь хоригдож байсан Хорих 405 дугаар анги бол чанга дэглэмтэй, аюулгүй байдал талаас ч чанга байсан. Гэтэл одоо шилжүүлсэн Хорих 409 дүгээр анги нь хулгай, дээрэм, хүн амины гэмт хэрэг хийсэн хүмүүсийг хорьдог газар юм байна. Гэтэл хорих ангийг өөрчлөн зориуд тийм хүмүүс дотор зохион байгуулалттайгаар авчраад хийж байгаа нь хүүгийн минь амь насыг аюултай байдал руу аваачиж байгаа явдал гэсэн ойлголт төрлөө. Дээр нь аравдугаар сарын 2-ны өдөр ч дөхөж байна. Яаж ч бодсон хүүгийн минь амь насанд эрсдэл учирлаа. Иймд ард түмэн, төр засгаасаа хүүгийн минь амь насыг аюулгүй байлгахад анхаарч өгөөч гэж гуйя.
 
-Хорих 405 дугаар ангид ял эдэлж байхад нь ямар нэг дарамт, шахалт учирсан юм болов уу?
 
-409 дүгээр анги руу шилжүүлэхийн өмнө ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Баттөмөр нар очиж уулзахдаа хурууны хээг нь авсан гэнэ. Өмнө нь өчнөөн авсан байж дахин авдаг нь ямар учиртайг мэдэхгүй. Хүү маань “Би хэрэг хийгээгүй шүү. Тиймээс хурууны хээ өгөхөд татгалзах юмгүй” гэж хэлээд хурууныхаа хээг өгсөн байна лээ.
Ер нь бол энэ хэрэг анхнаасаа зохиомол зүйл байсан гэдгийг бид өмнө нь зөндөө ярьсан. Хэвлэлийн хурал ч хийлгэж байсан. Захиалагчаа одоо болтол олоогүй атлаа гүйцэтгэгч гэж гурван хүнийг барьж хорьсон шүү дээ. Ц.Элбэгдоржийн гар хөл бологчид Монголын цагдаа, тагнуулын байгууллагад байгаа нөхцөлд ямар ч нууц бөгөөд аюултай асуудал үүсч болно шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгч үүнд анхаараасай.
 
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин