sonin.mn
Та амгалан морилж, тарган тавтай намаржиж байна уу. Өнгөрсөн хавар Та Өвөрхангай аймагт ажилласан боловч, тантай жирийн иргэн над мэтийн хүмүүс уулзаж, санал бодлоо илэрхийлэх боломж байгаагүй тул энэхүү захидлыг бичиж байна.
Нэгэн зүйл: Эдүгээ цагийн Монгол орон эдийн засгаасаа илүү, Үндсэн хуулиас эхлэлтэй эрх мэдлийн хуваарилалтын буюу төрийн тогтолцооны хямралтай байгааг эрдэмтэн мэргэд хэлж сануулж байгааг та мэргэн оюундаа нэг тунгааж, засч залруулах зам мөрийг ард олонтойгоо хамтарч олох санал, санаачилга гаргана уу. Засгийн газрын эрх мэдэл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, шүүх, хуулийн байгууллагыг нэг эрх мэдэлтэнд үйлчлэхээс өөр аргагүй болсон өнөөгийн тогтолцоог нэн тэргүүнд өөрчлөх цаг боллоо. Өнгө мөнгөн дээр тогтож байгаа өнөөгийн нийгмийн тогтолцоог өөрчлөхгүйгээр, нийгмийн шударга ёсны тухай хэчнээн тунхаглаад ч нэмэргүй. "Зургийн зул мянга байсан ч зузаан харанхуйг гийгүүлдэггүй" гэсэн эртний мэргэдийн сургаалийг нэг бодолцоорой.
Нэгэн зүйл: Танаас эхлээд төр түшиж байгаа Та бүхний эв нэгдэл, эх орноо, эгэл түмнээ гэх халуун дулаан сэтгэл хариуцлага сахилга ихэд дутагдаж, эд баялаг элдэв зугаа цэнгэлд хэт ташуурч байгаагаас улс орны хөгжил дэвшил удааширч, хүн төрөлхтөний хөгжлийн хурдаас хоцорч эхэлснийг ухаарч нэг харна уу. Төрийн түшээдийн хэрүүл тэмцлээс шалтгаалж эгэл олон бүтээлч хөдөлмөрөөс холдож, төрийн бус байгууллага гэж өөрсдийгөө нэрлэж буй гэмт бүлэглэлүүдийн нийгэмд түгээж байгаа хов живээр өдөр хоног төөрүүлж, ажиллаж биш жагсч хоолоо олж байгаа эмгэнэлт дүр төрхийг өөрчлөхгүй бол энэ улс орон чинь хэцүүдлээ. Нэгэн жарны хугацаанд хонь, чоно шиг байсан хоёр Солонгос хүртэл хэл амаа ололцож байхад нэг байранд ажиллаж байгаа төрийн түшээд, та бүхэн бие биедээ бичиг бичиж, хэрүүл бодож суулгүй, гар барилцаад эх орон, улс ундэснийхээ төлөө хамтран ажиллацгааж болно оо доо. УИХ-ын энэ намрын чуулганыг "Эв нэгдлийн чуулган" болгож эх орон ард түмнийхээ төлөө ажиллах ухаарлыг та манлайлна уу.
Нэгэн зүйл: Төрийн албаны бүтэц зохион байгуулалтыг тогтвортой болгож, мэргэшсэн ажилтнаар бэхжүүлэх замаар нэр хүндийг нь дээшлүүлмээр байна. Төр хүчгүйдэж, нийгэм зохицуулалтгүй боллоо. Төрийн байгууллага, тэнд ажиллаж байгаа хүн болгоныг нүдэнд торсон хог, шүдэнд орсон мах мэт ад үзэх болсон эдүгээ цагийн өнгийг өөрчлөхгүйгээр энэ улс орон өөдлөхгүй нь. Шинээр томилогдож байгаа сайд дарга нар "өөрийн баг" гэж сайхнаар нэрлэсэн гэр бүл найз нөхдөө дагуулж очдог бичигдээгүй хуулийг цуцалж, зөвхөн Төрийн албаны зөвлөлийн санал болгосон хүнийг төрийн ажилд томилдог хатуу чанд дэг журам тогтоож байж төрийн албыг шилдэг хөвгүүд, охидоор бэхжүүлнэ. Төрийн албыг түмний шившиг болгож байгаа улс төрийн намуудын шахаагаар орж ирдэг энэ олон "орлогч, зөвлөх"-үүдийн орон тоог үгүй болгож, төрийн албанд эрдэм боловсрол өндөртэй, зөв хүн болж төлөвшсөн хүн ажилладаг өндөр шалгууртай болгох цаг боллоо.
Нэгэн зүйл: Улс орны хөгжил урагш муутай байгаа нь хуримтлуулсан хөрөнгө мөнгө, баялаг хуримтлуулдаг үйлдвэрлэл, худалдаанд биш урлаг спортын арга хэмжээ рүү хэт цутгаж байгаатай холбоотой. Урлаг спортоор хөгжсөн түүхтэй улс гүрэн хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдээгүй байна. Урлаг спорт нь үндсэн агуулгаараа хүний эр зориг, эрүүл саруул, гоо сайхны туйл боловч нөгөө талаасаа уйдсан нэгний зугаа, цэнгэл, хувь хүний алдарших арга хэрэгсэл төдий зүйл болохоос биш эдийн засгийг тэтгэгч баялаг бүтээдэг, үйлдвэр худалдаа биш ээ. Баатар тамирчин, Ардын жүжигчин дуучны оёсон цамц, барьсан талх гэх мэтээр нэрлэх баялаг Монголд байхгүй. Урлаг спортоос илүү баялаг бүтээгчдээ дэмжиж тэтгэх төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхгүй бол энэ улс орон чинь эртний Ромын эзэнт гүрэн шиг уралдаж барилдаж, дуулж хуурдсаар байгаад мөхөх аюул нүүрлэж байна.
Нэгэн зүйл: Монгол төрийн тэргүүн таны ааш араншингаас эх орны минь өнгө төрх шалтгаална. Та минь зөвд зөөлөн бурууд хатуу байвал, Монгол хэмээх нэгэн айлын амьдрал өгсөж өөдлөх болно. Энэ намрын багш нарын "ажил хаялт" хэмээх гэмт явдлыг хөхиүлэн дэмжиж байгаа таныг хараад үнэндээ урам хугарсан. Манай боловсролын салбарт багш нарын нийгмийн асуудлаас эхлээд олон арван тулгамдсан асуудал байгаа. Түүнийг шийдвэрлэх цорын ганц арга нь ажил хаялт биш ээ. Боловсролын салбар дахь сурах бичгийн бизнесийг зогсооход л багш нарын цалинг нэмэх хөрөнгийн эх үүсвэр бий болно. Багш нарын "ажил хаялт" хэмээх гэмт явдал олон мянган шавь нарынхаа оюун ухааныг хөнөөх хар тахал шүү дээ. Хэдэн арван мянган хүүхэд амьдрахын утга учир, ажиллаж суралцахад биш, амар жимэр суучихаад нэхэж шаардаж хөрөнгө мөнгө олох "сургуульд" суралцлаа. Бидний хойд үеийнхний ой ухааныг ийнхүү хөнөөж байхад та баяртайгаар дэмжиж байсан. Монголын Үйлдвэрчний Эвлэл гэж өөрсдийгөө өргөмжилдөг тэр хоёр гуравхан өрөвдөлтэй сэтгэлгээтэй хүнтэй ханьсаж явахын утга учир танд байхгүй биз дээ. Хүнийг танихын тулд хэнтэй нөхөрлөж байгаагаар нь шинж гэдэг эртний мэргэдийн сургаалыг нэг бодож үзээрэй, та. Улс төрийн өчүүхэн ашиг хонжоо харж, том зорилтоосоо ухарч болохгүй дээ.
Нэгэн зүйл: Монгол түмний үлэмж хэсэг үгүйрэн хоосорч байна. Үүний цорын ганц шалтгаан нь амьжиргааны гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой байгааг та эрх биш мэдэх байх. Та болон таны зөвлөхүүд эгэл бидэн шиг өлсч цангах, хөрч даарахын зовлон үзээгүй болохоор мэдэхгүй байж магадгүй хэмээн сануулж байна. Төрийн зохицуулалт эдийн засагт зайлшгүй хэрэгтэй. Чөлөөт эдийн засагт үнийн хязгаар байж болохгүй мэт тунхаглаж байгаа нь бид мэтийн ядарсан иргэд амьдрах эрхгүй гэж байгаатай агаар нэг зүйл. Хүний амьжиргааны гол нэрийн бүтээгдэхүүнд үнийн хатуу хязгаар тавьж байж ард түмний амьдралыг аварна. Энэ ажлыг төрийн тэргүүн та санаачлахгүй бол өөр хэн хийх вэ.
Нэгэн зүйл: Улсын нийслэлийн цахилгаан дулааны шугам сүлжээ, Дархан, Эрдэнэт хот, 20 шахам аймаг, гурван зуу гаруй сумын төвийг өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран улаан гараараа барьж байгуулсан, атрыг эзэмшиж, хүн ардаа тариа будаагаар хангасан, говийг усжуулж мал аж ахуйг хашаа байртай болгосон 1960, 1970, 1980-аад оныхон өнөөдөр өчүүхэн бага тэтгэврээр өлөн зэлмүүхэн амьдарч, улсын баяр наадмаар гандсан орос жигүүн дээлэн дээрээ МХЗЭ-ийн тэргүүний ажилчин малчин залуу алтан медаль, таван жилийн гавшгайчийн хэдэн тэмдгээ зүүж нэг баярлаж байдгийг эс тооцвол, алдар хүндийг ажил үйлсээрээ биш өнгө, мөнгөөр худалдаж авсан шинэ цагийн алдартнуудын тоосонд дарагдан гундуухан амьдарч байна. Хоног хоногоор цөөрч байгаа энэ хэдэн хүнийхээ авдаг тэтгэврийг арай жаахан өсгөж өгнө үү. Улстөрчид та бүхний халаасанд байгаа хэдэн арван тэрбумаар тоологдож байгаа хөрөнгийг бидний үеийнхэн бий болгосон юм шүү. Энэ олон баяр цэнгэлийг жаахан цөөлөхөд л бидний тэтгэврийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ шүү дээ.
Нэгэн зүйл: Та цаазын ялыг сэргээх санал бодлоосоо татгалзмаар байна. Өнгөрсөн он жилүүдэд бидний эцэг дээдсийг "ардын дайсан" гэж цаазалсан. Харин өнөөгийн бидний үр хүүхдийг "зулзаган коммунист" гэж цаазлахаар энэ ялыг сэргээж байгаа хэрэг биш үү. Харь гүрний гар хөл болсон 1930-аад оны "ногоон малгайтнууд" өнөөдөр ардчилагчийн дүрд хувилж аанай л гаднын бодлогыг улс гэрт оруулах гэж улайрч байна. Иргэд бидний сонголтоор эрхт төрийн тэргүүн болсон та энэ бусармаг явдпыг зогсоо. Бүрэн эрхээ дууссаны дараа өмнөх шиг уйлан хэллэж, хэрүүл хийж явмааргүй байна. Орчлонгийн юмс үзэгдэл бүхэн өөрийн оршин байх цаг хугацаатайг нэг бодож үзнэ үү.
 
Таныг хүндэтгэсэн өндөр настан, Онолт овогт Пагамын АДЬЯАСҮРЭН