sonin.mn
Монголын сэтгэл судлал, нийгмийн болон байгалийн ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдөр “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд ба Хөгжлийн тухай буруу “философи” /ойлголт/” сэдвээр хамтран чууллаа. 
Тус зөвлөгөөн дээр “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд ба Хөгжлийн тухай буруу “философи” /ойлголт/” гэсэн үндсэн илтгэлээс гадна “Хүүхэд залуусын хүмүүжлийн чиг хандлага”-ыг судалсан социологийн судалгааны сонирхолтой үзүүлэлтүүд бүхий тайлан, “Эрдэмтэд үгээ хэлэх цаг”... гэх зэрэг илтгэлүүд тавигджээ.   
Зөвлөгөөнд оролцсон эрдэмтэн судлаачид яригдсан статистикийн тоо мэдээ, тодорхой үзүүлэлтүүдийг үндэслэн Монголын нийгмийн сэтгэл зүй уруудан доройтсоныг зөвшөөрч, энэ нь улс орныг мөхөлд хүргэх аюултай төлөв байдал мөн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 
Үүнээс гарахын тулд хөгжлийн тухай буруу ойлголтоо засаж, улс орныг мөхөл рүү залуурдаж буй “неолибриализмын” бодлогоос татгалзах  шаардлагатай гэж үзжээ. Мөн буруу хандлагыг засахад эрдэмтдийн нэгдмэл дуу хоолой, үлгэрлэл хоёр чухал үүрэгтэй гэж үзэж, үүний тулд өөрсдийн ёс зүйн баримтлалыг батлажээ.      
Тус зөвлөгөөнөөс гаргасан, нийгмийн талаархи ноцтой дүгнэлтүүд бүхий Тунхаглал болон Монголын эрдэмтэн, судлаачдын ёс зүйн баримтлалыг та бүхэнд бүрэн эхээр нь толилуулж байна. 
 
 
МОНГОЛЫН СЭТГЭЛ СУДЛАЛ, НИЙГМИЙН БОЛОН БАЙГАЛИЙН
УХААНЫ ЭРДЭМТЭД, СУДЛААЧДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНӨӨС
МОНГОЛЫН ТӨР, АРД ТҮМЭНД ХАНДАЖ ГАРГАСАН 
ТУНХАГЛАЛ
 
2018.10.05.                                                                          Улаанбаатар хот
 
Монголын сэтгэл судлал, нийгмийн болон байгалийн ухааны эрдэмтэн судлаачид 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдөр “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд ба Хөгжлийн тухай буруу “философи” /ойлголт/” сэдвээр хамтран чуулж дараахи ТУНХАГЛАЛЫГ гаргаж байна. Үүнд:
 
1. Өнөөдөр монголын нийгмийн сэтгэл зүйд уруу дорой байдал давамгайлан ужгирч буй нь цаашид энэ хэвээр үргэлжлэх аваас монголчуудын хүн ёсны эрүүл ухааны хэм хэмжээ алдагдан, нийгмийн ёс суртахуун шуудай дотроо ялзарч муудсан ногоо адил дахин сэргэх боломжгүй хэмжээнд хүрч болзошгүйг сэрэмжлүүлэн анхааруулж байна. 
2. Нийгмийн сэтгэл зүй уруудан доройтсоны шалтгаан нь төрийн гажуу бодлого, хөгжлийн тухай буруу “философиос” үүдэлтэй болохыг энэхүү хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй мэдэгдэж байна. 
3. Энэхүү хэлэлцүүлгээс “Хөгжил гэдэг бол итгэлээр ханасан нийгмийн өөдрөг сэтгэл зүйд тулгуурлан цогцолж буй, хүн бүрийн авъяас чадвар, урам зориг, хүсэл тэмүүллийг нээн гаргасан, эмх цэгцтэй бүтээлч үйл явц, нийт  ард түмнийхээ баяр жаргалтай амьдралыг хангасан, хүчирхэг, цул улс гүрний амар тайван, урт удаан оршин тогтнол мөн” гэсэн томъёоллыг дэвшүүлж байна. 
4. Харин өнөөгийн Монголын төрийн “хөгжлийн төлөө”, “хөгжүүлнэ” гэх элдэв сурталчилгаа бүхий, хүнээсээ ангид хөгжлийн тухай яриагаар халхавчилсан “зүтгэл” нь барууны гэгдэх неолибрализмын бодлогоор хэрэгжүүлдэг дараахи зорилтуудыг л хангахад чиглэж иржээ. Үүнд: 
 
а/ Ахуйн тэгш байдлыг үл зөвшөөрөх  сэтгэл зүйг нийгэмд бүрдүүлэх, 
б/ Нийгмийг нэгдмэл зорилго, үзэл санаагүй, тарж бутрах төлөвт байлгах, 
в/ Ард иргэдийг юм ойлгох чадваргүй болгох, 
г/ Нийгмийг үнэн бодит мэдээллээс ангид байлгах, 
д/ Төрийг хүчгүй байлгах, 
е/ Ард иргэдийг эдийн засгийн болон бусад талаар ядуу дорой, мөнгөний хараат байлгах, 
ё/ Эдийн засгийн харилцааг луйврын шинжтэй болгох, 
ж/ Нийгмийн ёс суртахууныг алдагдуулах, 
з/ Нийгмийн сэтгэл зүйг уруу дорой байлгах, 
и/ Хүмүүсийг бэртэгчин үзэлтэй болгох, 
Энэ бүхнийг бүрдүүлснээр Төрийн эрх мэдлийг гэмт хэргийн бүлэглэлүүдийн зэвсэг болгож, гадны эзлэн түрэмгийлэгчид өөрсдийн эрх мэдлээ тогтоон, дур зоргоороо эд баялгийг нь цөлмөж, ард иргэдийг нь ан амьтан, мал сүрэгтэй нь адил өмчлөн ашиглах эд хэрэгсэл төдий болгодог ажээ.      
5. Тус бүртээ хэрэгжүүлдэг арга технологиуд бүхий, бие биенээ харилцан нөхцөлдүүлж хангадаг неолибрализмын дээрх 10 зорилт Монголд “амжилттай” хэрэгжиж, улс орон бүхэлдээ өөрсдийг нь өөрсдөөр нь устгуулах, улс үндэстнийх нь хувьд мөхөөн үгүй хийх сэтгэл зүйн дайны золиос, гамшгийн талбар болгоод байгааг өнөөгийн нийгмийн сэтгэл зүйн төлөв, бусад үзүүлэлтүүд батлан харуулж байна. 
6. Иймд өнөөгийн энэхүү сэтгэл зүйн дайны арга технологи, үйл явцыг таслан зогсоож, ард иргэдээ авран хамгаалж, хүн ёсны эрүүл ухаан, ёс суртахуунтай хүмүүн чигээр нь авч үлдэх эрхэм зорилго Монголын Төр, ард түмний нэн тулгамдсан зорилт болж байгааг тунхаглаж байна.
7. Дэлхий дахиныг мөхөл сүйрэл рүү хөтлөж, Монгол улсыг төдийгүй хүн төрөлхтнийг гай гамшиг руу түлхэн оруулаад байгаа сэтгэл зүйн дайны энэ үйл явц, хор аюулыг зайлуулах их үйл хэргийг Монголдоо эхлүүлэхийн төлөө тус зөвлөгөөнд оролцогч эрдэмтэд, судлаачид хүч зорилго, үйл хэргээ нэгтгэн тэмцэх болсноо энэхүү тунхаглалаар илэрхийлж байна.
 
ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД
2018.10.05.
 
 
Монголын эрдэмтэд судлаачдын 
2018 оны 10 дугаар сарын 05-ны 
хамтарсан зөвлөгөөнөөр батлав
 
 
МОНГОЛЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН 
ЁС ЗҮЙН БАРИМТЛАЛ
 
2018.10.05.                                                                          Улаанбаатар хот
 
Эрдэмтэд бол бэртэгчдийн нүүр царайг “чимэглэх” биш соён гэгээрлийн үйлсийг магнайлж явах учиртай билээ.  
Энэхүү эрхэм үүргийг удирдлага болгон Эрдэмтэн хүний нэр төрийг өргөж явахын тулд дараахи ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөх ёстой. Үүнд:
1. Даруу төлөв байдлыг эрхэмлэх зан төлвөөрөө бусдад үлгэр дууриалал болдог байх, 
2. Алдар нэр, цол, шагнал хөөцөлдөх, ихэрхүү, нэрэлхүү зан суртахуун, бусдад атаархан хорсох аминч бэртэгчний явдлаас ангид байх, 
3. Шударга ёсыг эрхэмлэдэг, хамгаалан тэмцдэг байх, 
4. Шинжлэх ухаанч мэдлэгийг дээдлэж, шинжлэх ухаанч бус аливаа онол баримтлалыг няцаан залруулдаг байх,
5. Улс үндэстнийхээ эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавьдаг байх,
6. Мөнгөний төлөө өөрийн мэдлэг, сэтгэл оюунаа гэмт хэрэгтэнд худалдахгүй байх,
7. Улс үндэстний нэгдэл нягтрал, нийгмийн урам зоргийг бадраан өргөх үйл хэргийг өөрийн даган баримтлах ёстой үүрэг гэж үзэх ухамсар, хүсэл тэмүүлэлтэй байх,
8. Хүмүүсийг төөрөгдүүлэх, олон нийтийг явцуу ашиг сонирхлын золиос болгох ямарваа үйл ажиллагаанд эрдэмтэн, судлаачийн нэр төр, бүтээл, туурвилаа ашиглахгүй, ашиглуулахгүй байх, 
9. Эрдмийн ажлыг амьжиргааны арга хэрэгслийн хэмжээнд бус харин нийгмийг гэгээрэлд хөтлөх дээд зам мөр гэж ойлгож хандах сэтгэл зүйн эрхэмлэлтэй байх, 
Энэхүү 9 мөрдлөгийг зөвхөн эрдэмтэн судлаач нар төдийгүй Шинжлэх ухааны байгууллагууд ч үйл ажиллагаандаа баримтлах ёстой, ёс суртахууны хэм хэмжээ гэж үзвэл зохино.