sonin.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанд энэ сарын 5-8-ны өдөр нийслэл хотын хэмжээнд 1416 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын 1017 дуудлага бүртгэгдэж,  5 хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарчээ. Осол, хэргийн улмаас 52 хүн хөнгөн, хүндэвтэр гэмтэж бэртсэнээс  бага насны  12 хүүхэд осолд өртсөн мэдээ өглөө.  Үе  үе цас орж буйн улмаас зам тээврийн гэнэтийн ослын дуудлага  цөөнгүй ирж байна. Өнөөдөр үүрээр, Энхтайваны гүүрэн дээр гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарсан. Цас орж шөнөдөө замын хальтиргаа гулгаа үүссэнээс болж хурдаа тохируулж яваагүй жолооч нар ийнхүү мөргөлджээ. Иймд цас орж гулгаа үүссэн үед зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

 

Ж.Батсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг