sonin.mn

...Авлигатай тэмцэх газар тэр сургуулийн захирал, энэ цэцэрлэгийн эрхлэгчийг газар дээр нь саатууллаа. Энэ сумын Засаг дарга хандив нэрээр авлига авч... хэмээн чадварлаг ажиллаж байгааг нь гайхаад байх юм. Гэхдээ цаана чинь сарын 5.4 сая төгрөгийн цалинтай, өмнө нь санхүүч байхдаа төслийнхөө мэдээллийг задруулсан хэргээр халагдаж байсан нөхөр хэн нэгний татаасаар өнөөх төслийн багийнхаа удирдагчаар ажиллан бужигнуулж байгааг шалгаач, Х.Энхжаргал дарга аа.

Тус төслийн багийнхны хийж, хариуцаж буй ажил тоглоом биш гэдгийг монгол хүн бүр ухаарч, хянах эрхтэй. Учир нь, тэнд ажиллаж байгаа нөхдийн цалин өндөр. Хамгийн доод тал нь 2.5 сая төгрөг авдаг, нийт 10 гаруй хүн ажилладаг. Хангамж, төсөл, тендер хэлбэрээр олгож буй төгрөг бүрийг хүүтэй нь буцаан төлөх ёстой. Нэг цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих мөнгийг хэн нэг улстөрчийн фракц зоргоороо шийдэж, цацаж байх вий. Яагаад үүнийг шалгаж, хянадаггүй юм бэ. Уг нь уг төслийн багийн ажлыг Сангийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хянах ёстой. Гэтэл төслийн багийн зохицуулагч Д.Авирмэд нь "Бидний ажлыг Азийн хөгжлийн банк хянаж байгаа" гэсэн утгатай ярилцлага өгч биеэ өмөөрч сууна. Хамгийн сүүлд шалгаруулсан гэх тендер нь бөөн хэл ам, гомдол, маргаан дагуулжээ. Монголын компани 6.2 сая ам.долларт багтааж хийж чадна гэсэн ажлыг нь "Бүтэхгүй байх" гээд 9.1 сая ам.долларт хийнэ гэсэн гаднын компанид өгч байна. Монголчууд яагаад чадахгүй гэж. Энэ дүнгийн зөрүү 7.8 тэрбум төгрөг хайран биш гэж үү. Харсаар, мэдсээр байж ийм өндөр өртгөөр зээл авч ажиллах хэрэгтэй юү. Бидний татварын мөнгө хайран биш үү. "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" нэртэй энэ төслөөр хэн нь мэдэхгүй нөхөд үнэндээ л наадаж, наргиж байгаа бус уу. Өөрийгөө өмөөрөн хаацайлж буй Д.Авирмэдийн удирдсан төслийн багт аудит оруулж, ажлын нь үнэн мөнийг шалгах цаг болжээ. Өмнө нь төслийнхөө дотоод мэдээллийг задруулсан хэмээн халагдаж байсан нөхөр яахаараа дарга нь болоод буцаад ирдэг юм. Ямар ажил болоод сар бүр 5.4 сая төгрөгийн цалин хангамж эдлээд сууж байгааг шалгаач. АТГ-ын дарга аа.

 

У.Орхон

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин