sonin.mn
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын санд заналхийлээд байгаа хар тамхины аюултай хэрхэн тэмцэх талаар Цагдаагийн сургуулийн захирал доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатартай ярилцлаа.
 
-Хар тамхи, мансууруулах бодис Монгол Улсад аюулын харанга дэлдээд удаж байна. Таны хувьд олон жил энэ чиглэлийн гол байгууллагыг толгойлж, хар тамхитай тэмцэх ажлыг гардан хийж явсан хүний хувьд өнгөрсөн хугацааны алдаа, оноог хэрхэн дүгнэдэг вэ?  
 
-Төрийн бодлогыг зөв, буруу гэж шүүмжлэхээс илүү судлаачийнхаа хувиар  хэдэн зүйл хэлье. Өнгөрсөн хугацаанд хар тамхитай тэмцэх олон хөтөлбөр боловсруулж, энэ дагуу төрийн байгууллагууд ажиллаж ирлээ. Мэдээж ажил хийгээгүй биш хийсэн. Харин хэрэгжилт биелэлт ямар, хэдэн хувьтай байсныг шат шатны байгууллагууд дүгнэдэг байх. Арай ойр дотнын хувьд цагдаагийн байгууллагыг авч үзвэл тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарч байна.
Анх 2-3 хүн хар тамхитай тэмцэж байсан цаг үеийг бодоход хэлтэс, газар болж өргөтгөлөө.  Хар тамхины аюул Монгол Улсын хэмжээнд  үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах хэмжээнд хүрснийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүний тоо, тэр дундаа хохирогч нь түлхүү залуу хүмүүс болж байгааг анзаарч, ач холбогдол өгч  олон зүйл хийх гэж оролдож байгаагийн нэг нь  байх гэж олон жил энэ чиглэлийн ажилтай хутгалдсан хүний хувьд талархаж байгаа.
Харин хар тамхитай тэмцэх хөтөлбөрүүдэд тусгасан ажлууд үр дүнтэй, бодитоор хэрэгжсэн эсэх нь өөр асуудал. Төрийн байгууллагуудын уялдаа холбооноос эхлээд зовлон их бий. Тиймээс эдгээр байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, тэнд ажиллаж байгаа боловсон хүчний мэдлэг боловсрол, мэргэшлийг цогцоор нь авч үзэж байж хар тамхитай тэмцэх ажил үр дүнтэй болох юм. Манай улсын ашиглаж байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгсэл шаардлага хангахгүй, хүртээмж муу, боловсон хүчнийг сургах, мэргэшүүлэх шаардлага байна.
 
Хар тамхитай тэмцэх чиглэлээр гаргаж байгаа төр, засгийн бодлого цаасан дээр үлдэж байна.
 
Хар тамхитай тэмцэх чиглэлээр гаргаж байгаа төр, засгийн бодлого цаасан дээр үлдэж байна. Тиймээс төрийн бодлогыг хэрэгжүүлж чаддаг, гэмт хэргийг таслан зогсоож, урьдчилан сэргийлдэг бие даасан нэгж байгуулах цаг болсон. Төв, хороо гэх зэргээр юу гэж нэрлэх нь хамаагүй.
Надад эх орноо төлөөлж хар тамхитай тэмцэх талаар ОХУ-тай ойр дотно ажиллах боломж гарсан. Дэлхийн томоохон улс орнууд аюулыг бага дээр нь дарж, урьдчилан сэргийлж, хар тамхины аюултай тэмцэхийн тулд ямар их анхаарал тавьж, хүч хөрөнгө хаядгийг харсан. Дэлхийн 180 гаруй улс орны хар тамхитай тэмцэх үүрэг хүлээдэг удирдлагуудыг цуглуулсан томоохон хэмжээний хуралд улсаа төлөөлөөд оролцож байлаа. Тэр хурал дээр өндөр хөгжсөн улс орны хүмүүс “Хар тамхины аюултай ганц улс дангаараа тэмцээд нэмэргүй болжээ. Хууль хяналтын байгууллагууд нь хамтарч ажиллаж, хамтын бодлогоор тэмцэж байж үр дүнд хүрч, урьдчилан сэргийлэх ёстой юм байна” гэж хэлж байсан.
 
Үүний дараа хар тамхитай тэмцэх чиглэлээр нарийвчилсан нууцын зэрэглэл бүхий зөвлөгөөн болоход мөн оролцох боломж гарсан. Гэтэл тэр үед маш олон нууц мэдээлэл, тоо баримтуудыг хэлсний дотор  Монголтой холбоотой ноцтой баримтууд яригдсан.
 
-Та тухайн үед ямар албан тушаал хашиж байв. Олон улсын нууц зэрэглэлийн хурлын үеэр Монголтой холбоотой ямар нууц баримтууд яригдаж, тэдгээр баримтуудыг яасан бол? 
 
-2013-2016 онд Орост Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Хуульзүй дотоод хэргийн яамны байнгын төлөөлөгчөөр хууль, шүүх, прокурор, цэц зэрэг 18 газрыг төлөөлж байсан. Нэг улсын цагдаагийн газар, тагнуулын алба  биш ОХУ-ын тусгай алба, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам, Испанийн эзэн хааны Үндэсний цагдаагийн газар гээд Европ Азийг дамнасан гурван том улсын тусгай албад хэрхэн хамтарч ажиллах талаар ярьж байгаа юм. Тэд хамтраад улс орнуудын мафи, хар тамхины сүлжээ, урсгалыг  илрүүлсэн тухайгаа ярьсан. Гэтэл тэдний ярьж байгаа мэдээлэлд хар тамхины томоохон гэмт хэргийн нууц бүлэглэлтэй Монголоос хүмүүс холбогдсон байсан. Үүнийг хэн ч мэдэхгүй өнгөрсөн.
 
Хар тамхины томоохон гэмт хэргийн нууц бүлэглэлтэй Монголоос хүмүүс холбогдсон байсан. 
 
Тэр үед маш нууц гэсэн олон дардас, тэмдэг дараад Хуульзүй, дотоод хэргийн сайдын нэр дээр явуулж байсан. Тусгай албад хүлээж авсан л байх. Үр дүнг эргэж танилцуулаагүй. Танилцуулах ч албагүй байх. Миний хувьд үүргээ биелүүлээд мэдээллийг явуулж байсан. Өмнө нь Монгол Улс хар тамхийг тээвэрлэгч орон байсан бол одоо хэрэглэгч болоод зогсохгүй олон улсын мафийн сүлжээнд холбогдсон  нь  энэ гэмт хэрэг огцом өсөх нэг шалтгаан болж байхыг үгүйсгэхгүй.
 
-Тэгвэл хар тамхины аюулыг уг үндэс болсон тэрхүү мафи, бүлэглэлтэй яаж тэмцэх вэ?
 
-Монголын цагдаа, тагнуул ч юмуу тусдаа тэмцээд амжилт олоход хэцүү. Хамтын хүчээр л үр дүнд хүрч чадна. Хэдийгээр илрүүлж байгаа ч цаана нь мэдэгдэхгүй хэчнээн байгааг таашгүй. Аялал жуулчлал хөгжсөн даяаршлын үед хэн ч ямар ч нарийн арга хэрэгслээр оруулж ирж мэднэ. Тиймээс  бусад улс орнуудтай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамтай нь хамтраад ч юмуу зохион байгуулалттай бүлгийг нь илрүүлээд үндсээр нь таслан зогсоох хэрэгтэй. Бид хар тамхи гэж зөөлрүүлж  яриад байгаа болохоос албан ёсоор бол Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх гэж дэлхий нийтэд нэрлэдэг.
 
-Монгол Улсын яг өнөөгийн нөхцөл байдалд хар тамхитай тэмцэх ямар гарц, шийдэл байна вэ?
 
-Хар тамхитай тэмцэх чиглэлээр гаргаж байгаа төр, засгийн бодлого цаасан дээр үлдэж байна. Тиймээс төрийн бодлогыг хэрэгжүүлж чаддаг, гэмт хэргийг таслан зогсоож, урьдчилан сэргийлдэг бие даасан нэгж байгуулах цаг болсон. Төв, хороо гэх зэргээр юу гэж нэрлэх нь хамаагүй. Төрийн бодлогыг  зангиддаг УИХ, Засгийн газрын дэргэд хар тамхитай тэмцэх бие даасан нэгж байгуулах хэрэгтэй.  Энэ нэгж нь хар тамхитай тэмцэх  үүрэг хүлээсэн байгууллагуудыг нэгтгэж, зохион байгуулж, хяналт тавьдаг байх ёстой. Түүнээс өнөөдөр цагдаа, тагнуул, гааль, хилийн цэрэг тус тусдаа ажиллаж, тайлан гаргахаас  хэтрэхгүй байна.  Орон тооны бус зөвлөл байгаад ч үр дүнд хүрэхгүй. Бүгд өөрсдийнхөө хийсэн ажлыг л ярина. Гэтэл тэнд төрийн бодлогыг хэн ярих юм. Хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлт, үр дүнг хянах бүтэц байх ёстой. Асуудлыг цаг тухайд нь шат шатанд хэлж шийдвэрлүүлж, сургалт, сурталчилгаа явуулах сайн менежер бүхий улсын хэмжээний нэгдсэн бүтэц, бодлоготойгоор хар тамхитай тэмцэж, урьдчилан сэргийлэх бодлого үгүйлэгдэж байна. Үүнийг хувь хүний амбици гэхээс илүү Монголын ирээдүйг аврах гарц, шийдэл гэж хараасай.
 
-Хар тамхи ч гэлтгүй бүхий л салбарт урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байна. Хар тамхины аюулаас залуу үеэ татан гаргахын тулд урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн хийвэл өгөөжтэй бол?
 
-Урьдчилан сэргийлэх гэдэг гэмт хэрэг гарсны дараа таслан зогсоохоос хэд дахин хямд зардал, илүү үр дүнтэй. Урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын нэгдсэн бодлогоос гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо маш чухал. Сурагчид цавуу, гааз үнэрлэж байна л гэнэ. Хор аюулыг нь Ерөнхий боловсролын сургуульд зааж, гэр бүлийн хүмүүжил, төлөвшилд нь оруулах зэргээр цогц шийдэл байх хэрэгтэй. Хэддүгээр ангид нь ямар хэмжээний мэдээлэл өгөх ёстой, оюутнуудад юуг нь ойлгуулах шаардлагатай юм гэсэн бодлого дутагдаж байна.
Өнөөдөр бол цагдаа хэрэг гарахаар нь илрүүлэхээс илүү урьдчилан сэргийлэх ёстой байгууллагуудын үйл ажиллагаа доголдолтой байна. Тухайлбал, ЕБС-ийн хөтөлбөрт хар тамхины хор хөнөөлийг ойлгуулах талаар одоо хүртэл яагаад оруулахгүй байгаа юм. Сайд, дарга нарт энэ чиглэлээр бодлогын хэмжээнд зөвлөдөг мэргэжлийн хүмүүс алга.
 
-Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг яллахаас илүү эмчилж, ялын бодлогыг суллах хандлага дэлхий нийтэд байна гэсэн байр суурийг хууль хяналтын байгууллагын төлөөлөл илэрхийлдэг?
 
-XXI зууныг техник технологийн эрин зуун гэж нэрлэж байна. Техникийн дэвшлийг дагаад хар тамхи хууль бус бараа нэвтрүүлэх арга, төрөл ч нарийсч байна.
Хар тамхины хор аюул улс орныг мөхөлд хүргэж чадах хөнөөлтэй учраас ялын бодлогыг хэтэрхий суллаж, толгойг нь илсэн маягаар хандаж болохгүй. Тэр дундаа урьдчилан сэргийлэхэд ганц хатуу чанга бодлогоор биш ч гэсэн төрийн цогц бодлого хэрэгтэй. Тохирсон ял шийтгэл, гэм бурууг нь оноож байх нь зүйтэй. Харин хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрддөг сэтгэхүй хүмүүст бий болно гэдэг нийгмийн асар том өөрчлөлт. Улс орны хөгжлийг иргэдийн оюуны санааны өөрчлөлтөөр л хэмжих ёстой. Хуулийг хүлээж авдаг, биелүүлдэг сэтгэхүй, ухамсар суулгасны дараа л улсын хөгжил ярих хэрэгтэй. Нэгдүгээрт, хүүхдийн хүмүүжил, төлөвшил юм. Хүн болгон дээд боловсролтой биш хүмүүжилтэй, шударга сайн хүн байхыг л хэлж сургадаг байх хэрэгтэй.
 
C.Уянга
Эх сурвалж: Монцамэ агентлаг