sonin.mn

Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж агсан "Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян. Хэл, хил, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй вэ, Монгол эмгэнэлтэй" хэмээн хэлсэн нь өдгөө афоризм мэт болжээ. Нүүдэлчин ухаанаар жилийн дөрвөн улиралтай зохицон амьдарч ирсэн монголчуудын амьдралын чухал баялаг нь тал дүүрэн бэлчих таван хошуу мал юм. Өвөг дээдсээс уламжилсан малч ухаанаар мал сүргээ өсгөн үржүүлж буй малчид өнөө цагт нийгэмтэйгээ зохицон нүүдэллэн амьдарч байна. Нийгэм хөгжиж, хүмүүсийн мөн чанар өөрчлөгдөхийн хэрээр малчдад олон саад бэрхшээл тулгарч буйн нэг нь малын хулгай юм. Бусдын өмч болох мал хулгайлж, улмаар худалдан борлуулах, ашиг хонжоо олох хэрэгсэл болгох явдал гарсаар байна. Айлын гадаа байсан хурдан буянуудыг буруу гартнууд тууж, унагалах дөхсөн гүүний амийг тасалчихсан байсныг сошиапаар зурагтай нь мэдээлж байсан. Монгол хүнээс гарахааргүй ийм харгис үйлдлийг харсан малчид халаглахаас өөрөөр хулгайлагчдын эсрэг арга хэмжээ авч чаддаггүй байсан. Уг нь манай улсад Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжээд олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү хуулийн талаар малчдад сурталчлан таниулж, орон нутгийнхан дорвитой арга хэмжээ авч чадвал малын хулгайчдын эсрэг тэмцэх боломжтой юм. Тухайлбал, уг хуулийн 4.3-т "Иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар мал сүргийг хамгаалах зорилготой малчид, мал бүхий иргэдийн бүлгийг баг, хороонд ажиллуулж болох бөгөөд бүлгийн үлгэрчилсэн дүрмийг хүнс, хөдөө аж ахуйн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" хэмээн заасан байдаг. Үүнээс санаа авч малчин болон мал бүхий иргэд хамтран бүлэг байгуулан ажиллавал урт гартнаас буянт сүргээ хамгаалах боломжтой. Энэ ажлыг зарим аймгийн малчид санаачлан айл саахалт, нутаг нуга, ахан дүүсээрээ хоршин мал сүргээ хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна. Төв аймгийн ерөнхий прокурор С.Алимаа "Орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд малчидтайгаа хамтран малчны бүлгийг ажиллуулдаг. Малчид хоорондоо эвлэлдэн нэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж ирсэн. Жишээлбэл, хэн нэгэн малчин ажил гараад өөр тийшээ явахад ард үлдсэн малчид нь түүний малыг харж, хараа хяналт тавин хамгаалах чиглэлээр ажилладаг бүлэг сумдад ажиллаж байгаа. Энэ нь маш үр дүнтэй байна" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Газар орноо сайн мэддэг, айл хотлынхоо малын им тамга, зүсийг анддаггүй малчид ингэж нэгдвэл мал сүргээ хулгайд алдахаас сэргийлж чадна. Түүнчлэн малчид, мал бүхий иргэн олонтой аймаг, сумдынхан хуулиа чандлан биелүүлбэл эд хөрөнгөөрөө хохирохгүй. Танил бус нэгэн мал тууж явбал учрыг нь лавлаж, шөнө орой ганц нэгээр бэлчээрт хоцорсог малд санаа тавих нь аймаг, сумдын иргэдийн үүрэг юм "Сайн санааны үзүүрт тос" гэдэг. Ингэж нэг нэгэндээ тусалсан тохиолдолд урамшуулах талаар ч Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан байдаг. Тус хуулийн 16.5.3-т "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж, урамшуулах" тухай дурдсаныг ч малчин, мал бүхий иргэд анхааралдаа авах шаардлагатай. Түүнчлэн 11.3-т "Алдуул малыг өөрийн эзэмшилд байлган маллаж байсан этгээдэд Иргэний хуулийн 116,117 дугаар зүйлд заасан урамшуулал олгоно". 14.1-т "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу урамшуулна" хэмээн заажээ. Ийм байдлаар иргэд малчидтайгаа хамтран ажиллах нь олон талын ач холбогдолтой. Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргийн гаралт багасч байгаа талаар сайхан мэдээг дуулгах болсон ч буруу гартнуудын арга улам нарийсах болсон нь тэдний санааг зовоож буй юм. Хулгайд малаа алдсан хэрэгт ихэвчлэн ойр дотнын эсвэл танил хүмүүс холбогдсон байдаг аж. Урт гартнууд бүл цөөтэй айл өрхийг онилж байгаад малыг нь хулгайлдгийг малчид хэлж байсан юм. Малын хулгайн гэмт хэрэг 10 жилийн өмнөх үетэй харьцуулбал харьцангуй буурч байна. Малын хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд 2007 онд 1863, 2010 онд 1067, 2016 онд 804, 2017 онд 901 бүртгэгджээ. Арван жилийн өмнөх үетэй харьцуулахад мал хулгайлах гэмт хэрэг хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна. Малын хулгайн гаралт Төв, Архангай, Хэнтий, Дорнод, Хөвсгөл аймагт хамгийн их бүртгэгдсэн байдаг бол Дорноговь, Говьсүмбэрт хамгийн бага байна. Малчин хүн малынхаа үр шимийг хүртэхийн тулд борви бохис хийлгүй үүрийн таван жингээс үдшийн бүрий тасартал хөдөлмөрлөдөг. Ийн ариун цагаан хөдөлмөрөөрөө өсгөн үржүүлсэн буянт малаа бусдад алдах даанч хайран, нэн их хохирол болдог. Тиймээс малчин, мал бүхий иргэд буянт сүргээ байнгын хариулгатай байлгах нь чухал. Мал сүргээ хамгаалах нь ганцхан цагдаагийн байгууллагын үүрэг бус, иргэн бүрийн оролцооноос хамаарахыг ойлгох хэрэгтэй байна.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин