sonin.mn
Монголчууд цахим хэрэглээний идэвхитэй байдлаараа дэлхийд аравт, Азидаа тэргүүлж буй нь цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах мэдээллийн давуу талтай мэт харагдаж байгаа боловч эргээд их хэмжээний эрсдэл дагуулж буйг давхар илэрхийлж байна. Тэр дундаа хүүхдүүдийн цахим хэрэглээнд анхаарахгүй бол хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болох аюулын дохиог улам нэмэгдүүлж буйг хууль хяналтын байгууллагаас анхааруулсаар байгаа юм. Тэгвэл өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээнд анх удаа үндэсний хэмжээний томоохон судалгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хийжээ. Өсвөр үе цахим хэрэглээ судалгаанд улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд,  378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтнуудыг хамруулсан байна.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 92 хувь  нь интернэт хэрэглэдэг гэж хариулсан бол  орон нутгийн сурагчдын 76 хувь нь интернэт мэдэхгүй гэсэн нь дийлэнхдээ 11-12 насныхан байжээ.
Тэднээс өдөрт дунджаар хэдэн цаг интернэт хэрэглэдэг вэ гэхэд 11 хувь нь дөрвөөс дээш цаг, 20 хувь нь 2-4 цаг гэж хариулсан байна.
 
МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ ДЭЛХИЙН ХӨГЖИНГҮЙ ОРНУУДААС ДЭЭГҮҮРТ БАЙНА
 
 
 
 
Эндээс харахад Монгол хүүхдүүдийн 92 хувь нь интернэт хэрэглэж байгаа гэсэн бол Европт 25 залуугийн нэг  нь интернэтэд холбогдоогүй,  африкт таван залуу тутмын гурав нь холбогдоогүй байдаг бол  хөгжиж байгаа оронд энэ тоо 40 хувьтай, хөгжингүй оронд 82 хувьтай байна. Тэгвэл монгол хүүхдүүдийн цахим хэрэглээ дэлхийн хөгжингүй орнуудаас дээгүүрт байна гэдгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албаны хүмүүс онцоллоо.
 
Хүүхдүүдийн цахим хэрэглээтэй холбоотойгоор гэмт хэргийн хохирогч болох, донтох эрсдэл нэмэгдсэн төдийгүй Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн энэ төрлийн дуудлага эрс өсчээ. 108 утасны “Цахим дарамт” төрөлд ирсэн дуудлага 2016-2017 онд 278 хувиар өсчээ.  Тухайлбал, 2015 онд 58, 2016 онд 85, 2017 онд 237, 2018 онд 129 дуудлага ирснийг агуулгаар нь авч үзвэл “Хүчирхийлэл үйлдэгдэж буй болон садар самуун байдлыг сурталчилсан зураг бичлэг фейсбүүк хуудсанд байршуулж байна”, “Хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй авч фейсбүүкт байршуулах, хуурамч хаяг нээж хүүхдийн мэдээллийг зөвшөөрөлгүй оруулж доромжлох”, “Хүүхдийн нүцгэн зургийг зөвшөөрөлгүй, үнэ тохирч авах, сүрдүүлэх   зэргээр авч фейсбүүк хуудсаар хүмүүст зарж худалдаалах болон, хүүхдийн нэр төрд халдах, сүрдүүлэх оролдогыг хийж байна” гэсэн дуудлага өгчээ. Мөн цэнхэр халим гэх тоглоом тоглохыг санал болгох, сүрдүүлэх, айдаст автуулах, гар утсаар залгаж гэрийн хаяг, мэдээллийг хэлж мөнгө нэхэх болон бусад байдлаар  айлган сүрдүүлж байна гэсэн дуудлагууд ирсэн байна.
 
Хүүхдүүдийн цахим хэрэглээтэй холбоотойгоор гэмт хэргийн хохирогч болох, донтох эрсдэл нэмэгдсэн төдийгүй Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн энэ төрлийн дуудлага эрс өсчээ. 108 утасны “Цахим дарамт” төрөлд ирсэн дуудлага 2016-2017 онд 278 хувиар өсчээ.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн кейсээс дурдвал,
 
Кейс 108 утас
 
-… дүүргийн, …  дугаар  сургуулийн  сурагчдын  “only in … “  нэртэй 2200 гаруй  сурагч дагадаг фейж хуудас байдаг бөгөөд сурагчдын нүүр хувирал, биеийн хөдөлгөөний зургийг санамсаргүй байдлаар нь дарж хулгайч, янхан, орк гэх мэтчилэн зүй бус үгээр гутаан доромжилж оруулдаг. Мөн  хүүхэд ширээ дэрлэж унтаж байгаа зургийг нь шөнийн ажил хийдэг охидууд ядраад, өдөр нь унтдаг гэж пост оруулсан байсан.
 
Кейс 108 утас
 
-Охин  А. 14  настай /охи­ны утасны дугаараар фэйсфүүкээр шүүхэд … -аар сургуульд сурдаг гэсэн мэдээлэл гарч ирсэн./ ….  гэх фэйсбүүк хаягийн эзэнтэй  10-аад хоногийн өмнөөс чаталж эхэлсэн бөгөөд охинд 20000 төгрөг өгнө гэж амлан, биеийн тодорхой хэсэг ил гарсан зургийг нь чатаар авсан.   Одоо охиныг сүрдүүлэн, “Би чиний бүх мэдээллийг мэдэж байгаа,  иймээс  надтай бэлгийн харилцаанд ор, үгүй бол би чиний мэдээллийг найз болон бусад хүмүүст  чинь тараана гэж дарамталж байна. Охин  гэр бүлийн гишүүд болон найзууддаа мэдэгдэхээс айж,  мөн нэр хүнд нь унаж, бусад хүмүүс буруугаар ойлгох байх гэсэн түгшүүр байна.
 
Гэх мэтээр хүүхдийн тусламжийн утсанд цахим дарамттай холбоотой ирэх дуудлага өдөр ирэх тусам өссөөр байна.
 
ХҮҮХДҮҮДИЙН 85 ХУВЬ НЬ ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭЭГ БИЕ ДААН СУРСАН ГЭЖ ХАРИУЛЖЭЭ
 
 
 
 
Хүүхдүүдийн цахим хэрэглээний судалгааны дүнгээс харвал цахим орчны зохистой хэрэглээний мэдлэгийг сургуулиар дамжин олгох шаардлагатай байгааг судалгааны багийнхан онцоллоо. Учир нь судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 85 хувь нь интернэт хэрэглээг бие даан сурсан гэж хариулсан бол 38 хувь нь найз нөхөд, 11 хувь нь эцэг эх, дөрвөн хувь нь хичээл дээр гэж хариулсан байна. Мөн  гар утасны дугаарын 35 хувь  нь хүүхдийн нэр дээр бүртгэлгүй байдаг аж.
Судалгааны явцад хүүхдүүд фэйсбүүкт насаа нэмж бүртгүүлдэг  болох нь тогтоогджээ. Фэйсбүүк, инстаграмм хэрэглэгчийн насны доод хязгаар нь 13 буюу түүнээс дээш байдаг. Гэтэл судалгаанд хамрагдсан 11-12 насныхны 70 гаруй хувь нь фейсбүүк, зургаан хувь нь инстаграммыг хамгийн түгээмэл ашигладаг гэж хариулсан нь тэд дээрх нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ насаа нэмж бүртгүүлдэг болохыг гэрчилж байна. Түүнчлэн хүүхдүүд цахим гэмт хэргийн золиос болж байгаагийн нэг илрэл нь таван хүүхэд тутмын нэг нь танихгүй найзын хүсэлтийг хүлээн  авдгаа хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, найзын хүсэлт авахдаа хэнийг нэмдэг вэ гэсэн хариултад 2.6 хувь нь таньдаггүй хүн, 19.5 хувь нь таньдаг болон танихгүй хүн, 77 хувь нь таньдаг хүн гэж хариулсан байна. Хамгийн эрсдэлтэй нь хүүхдүүдийн 82 хувь нь зүй бус утгатай зурвас и-мэйл, фэйсбүүкийн хэрэглэгчдээс авч байсан гэсний 60 хувь нь гутаан доромжилсон, 19 хувь нь дарамталсан, 15 хувь нь олон нийтэд зөвшөөрөлгүй хувийн мэдээллийг нь тараах агуулгатай мессеж авсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 43 хувь нь садар самуун агуулга  бүхий мэдээлэлтэй тааралдаж байсан бол 33 хувь нь интернэтэд танихгүй хүнтэй чаталж байсан гэж хариулжээ.
Ийнхүү нэр, нүүрээ халхавчилсан танихгүй хүмүүстэй цахим орчинд найзууд болж хүүхдүүд маш олноороо аюул, эрсдэлд орж байгаа учраас НҮБ-ын Хүүхдийн сангаас дараах зөвлөмжийг гаргасан байна. Хүүхдийг цахим орчинд зөв мэдээлэлтэй, оролцоотой, аюулгүй байлгах. Мөн тэдэнд цахим хэрэглээний ур чадвар эзэмшүүлэх зорилгоор цахим орчны зохистой хэрэглээний мэдлэгийг сургуулиар дамжин олгох, цахим орчинд боловсрол мэдлэг олгох найдвартай эх сурвалжуудаар хүүхдийг хангах, багш нарын цахим хэрэглээний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхийг зөвлөсөн байна. Түүнчлэн контент бүтээх, түүнийгээ бусадтай хуваалцахын эрсдэлүүдийг ойлгож ухамсарлах, цахим орчин дахь хувийн нууц мэдээллээ хэрхэн хамгаалах талаар хүүхдэд зааж сургахыг чухалчилжээ. Өөрөөр хэлбэл, цахим орчинд өөрийгөө эрсдэлээс хамгаалах үйлдлийг сургуулиар нь дамжуулж олгохоос гадна аливаа эрсдэлүүдийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулах нь хамгийн үр дүнтэйг онцолжээ.
 
С.УЯНГА
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин