sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийг соёрхон батлав.
Монгол Улс, БНКазУ-тай “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай” гэрээг 1993 онд байгуулжээ. Улмаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахтан Улс хоорондын гэрээ” байгуулах тухай Казахстаны талын саналыг Монголын тал дэмжиж, энэ оны гуравдугаар сард гарын үсэг зурсан байна. Ялтан шилжүүлэх асуудлын хүрээнд манай улс 2014 онд хоёр иргэн, 2016 онд нэг иргэнийг дипломат шугамаар шилжүүлж авчээ. Одоогоор 6 иргэн Казахстан улсад ял эдэлж байгаа бөгөөд тэднээс нэг  нь эх орондоо шилжих хүсэлт гаргаад байгаа юм байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Н.Оюундарь Монгол Улсад ял эдэлж буй Казахстаны иргэн байгаа эсэхийг тодруулав. Тус улсаас Монголд ял эдэлж буй иргэн байхгүй гэсэн хариултыг ажлын хэсэг өглөө.
Мөн үеэр Л.Болд гишүүн Монгол Улсаас гадны иргэнийг хулгайлахыг завдсан үйлдэл ямар шатандаа явааг тодрууллаа. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “Энэ хэргийг хуулийн байгууллагууд нууцын зэрэглэлтэй шалгасан. УИХ-аас холбогдох байгууллагуудтай уулзаж, дэлгэрэнгүй тодруулах боломжтой” хэмээв.
Түүнчлэн Д.Мурат гишүүн, “1990 онд Баян-Өлгий аймгаас Казахстанд очиж амьдарч байгаад Монгол Улсад буцаж ирсэн олон иргэн бий. Эдгээр иргэдийг Монгол Улсын иргэнээр бүртгэхэд Засгийн газар болон холбогдох албаныхан шийдэж өгөхийг хүсч байна. Мөн Монгол, Казахстан хооронд шууд нислэгтэй болоход анхаарах нь зөв” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь дэмжиж, хуулийг соёрхон батлав.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг