sonin.mn
Францын “Арева Монгол” компанийн  салбар  “Кожеговь” ХХК  Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул, олборлолт явуулснаар тэр хавийн малчид ундны  усгүй болж, мал сүрэг  онош нь олдохгүй өвчнөөр хорогдож, хээл хаядаг эсвэл генийн өөрчлөлттэй үр төл гаргах болсон. Хамгийн анх 20 гаруй үхрээ алдсан малчин Д.Норсүрэн энэ талаар мэдээлж тэмцэл өрнүүлж байв. Түүний охин малын их эмч, судлаач Н.Нэргүйтэй сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар  ярилцлаа.
 
–Дорноговийн Улаанбадрах суманд уранаас болж  нэг айлын 19 үхэр хорогдсон нь танай аавынх  байсан. Түүнээс хойш  олон жил өнгөрлөө. Одоо нөхцөл байдал ямар байна?
 
-Одоо ямар байгааг ярихын өмнө анх юу болсныг эргэж сануулах нь зүйтэй байх. Тэгж байж хүмүүст ойлгомжтой болно.  Манай сумд 2000 оноос  “Кожеговь” ураны хайгуулын лицензтэй орж ирсэн. Тэр компани төв кэмпээ манай бууцнаас тавхан км-ийн зайтай барьсан. Цаашаа  хоёрхон км-т мал, хүн унаалдаг Баруун Баянбулаг гол, мөн  гурван км-т манай өвөлжөө байдаг. 2010 онд “Кожеговь” компани туршилтын олборлолтыг нэг жил хэртэй явуулсан.  2013 оны эхээр манай 19 бяруу ганцхан сарын дотор тодорхой өвчний шинж тэмдэггүй  бэлчээртээ үхсэн. Аймаг, сум, багаараа дамжуулан малын эмч  дуудаж, үзлэг шинжилгээ хийлгэсэн. Тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг арав гаруй байгууллагын оролцоотой, 90 гаруй сая төгрөгийн төсөвтэй ажлын хэсэг байгуулснаар судалгааны баг манай  нутагт долоо хоногт ажилласан. Хариу  нь Засгийн газрын 11-11 төвөөс зарлагдахад “Бүс нутагт олон тооны мал үхсэн нь халдварт өвчин биш, селен,зэс,сурма зэрэг химийн бодисын хордлого байх магадлалтай. Цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай” гэсэн. Тэр дагуу  аймаг, сум багийн удирдлагаас ямар ч арга хэмжээ аваагүй. 2013 оноос манай малын дотор эрхтэн, таван цулд ихээхэн өөрчлөлт орж, уушги  нь цус хурж уйланхайтдаг,  идээлж бугладаг болсон. Иймээс манайх малынхаа гэдэс дотрыг идэхээ больсон. Дээр нь манай сумд Монгол Улсад бүртэгдэж, оношлогдож байгаагүй, мөн дахин сэргэж байгаа гэх бог малын уушги барьж тусдаг гурван төрлийн халдварт өвчин оношлогдсон.  Судлаад үзэхээр дээр үед уул уурхайтай улс оронд гарч байсан малын өвчнүүд  байдаг. Халдварлах замыг нь судлахад  манай нутагт тэр өвчин гарах, оношлогдох  ямар ч боломжгүй, эх сурвалжгүй байсан. Уурхайн бүсэд байгаа айлын малд тэр өвчнүүд яагаад гэнэт илэрч оношлогдов гэдэг нь сонин. Эдгээр  өвчин  нь хязгаарлалтын бүс тогтоодог, эзэн нь зөвшөөрвөл бүх малыг нь устгаад улсаас 40-хөн хувийн нөхөн олговор олгодог заалттай. Аав минь энэ талаар баг, сум, аймаг, улсын бүх  байгууллага, мэргэжлийн  газруудад хандсан. Ганц манай ч биш олон айлын мал үхсэн. Гэтэл “Кожеговь”  компани тэр айлуудын хүүхдийг ажилд авах, худаг гаргаж өгөх  зэргээр амыг нь хааж, нөгөө малчид нь ч  малынхаа үхлийг нууж дардаг болсон. Эцэст нь манай ааваас өөр энэ талаар дуугардаг хүн байхгүй болсон. Аав минь өөрийнхөө, гэр бүлийнхээ эрх ашгийг яриад байгаа юм биш шүү дээ. Монголчууд малынхаа  ашиг шимийг нийтээрээ хүртдэг, түүнээс нийгмийн эрүүлийн мэнд шалтгаална. Малын эрүүл мэндээс нутаг орны,  цаашлаад улс орны эрүүл мэндийн асуудал хамаарна. Миний аав нийгмийн эрх ашиг, нийтийн сайн сайхны төлөө  тэмцэж, ганцаардаж зөндөө явлаа. Одоо өндөр настай болсон болохоор хөл нь муудаад ийшээ, тийшээ яваад байж чадахгүй байна.Гэтэл  “Кожеговь” компани нэрээ л сольсноос өөр  нөхцөл байдал өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй, харин ч улам аюултай байдал бий болж, урхагшиж байгаа.
 
-2013 онд хүн малын ундаалдаг Баруун Баян булгийн усанд шинжилгээ хийхэд 10 гаруй төрлийн хүнд металл мэдээлж байсан санагдана?
 
-Хүн мал хоёр нэг л уснаас ууж байгаа. Гэтэл ус авчраад цай чанахаар гашилж ээддэг болсон. Шинжлүүлэхээр олон төрлийн  хүнд металл байх ёстой стандарт хэмжээнээс их гардаг. Ийм байна гэсэн лабораторийн хариу  ирэхээс  биш аймаг, орон нутгаас ямар ч арга хэмжээ авдаггүй.  Одоо ч энэ л уснаас хүн, мал ундаалсаар байна. Судалгаа, шинжилгээ хийсэн лабораториудад нь эргээд хандахад “Бид судалгаа, үзүүлэлтийг  гаргаж өгөхөөс биш арга хэмжээ авдаг байгууллага нь биш. Аймаг, орон нутагтаа ханд” гэдэг. Тэдэнд хандахаар хариу өгөхгүй хэдэн жил, сар дамнаад таг болчихдог. Хүсэлт өгсний дараа хуулийн дагуу 30 хоног хариу  хүлээгээд дахиад биеэр очно. Тэгэхээр байгууллагууд  бие бие рүүгээ чихэж чирэгдүүлдэг.  Аав минь хөл муутай болсон болохоор би өмнөөс нь явна. Манай малын данс аавын нэр дээр байдаг болохоор Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, бусад байгууллага нь “Чамд хамаагүй. Норсүрэн гэдэг хүн өөрийн биеэр ирж материалтай танилцах эрхтэй” гэдэг. Олон байгууллага дамжиж хэчнээн давхар шатаар өгсч, уруудах   хөл муутай аавд минь бэрхшээлтэй. Ингээд бид мухарддаг. Ийм байдалтай  ирэх он гэхэд долоо дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна даа. Усны 2018 шинэчлэгдсэн стандартыг үзэхэд усанд агуулагдах хүнд металлын агууламж нь нэмэгдсэн байна лээ. Жишээ нь, селен гэхэд 0.01 хувьтай байсан нь 0.04  болсон байгааг  үнэхээр гайхаж байна.
 
–Энэ хооронд танай мал болон тэр хавийн газар нутаг, ус худаг дээр төрөөс хийсэн ажил, хэрэгжүүлсэн ажил байхгүй юм уу?
 
-Улсаас болоод “Кожеговь” компаниас хийж, хэрэгжүүлсэн  ажил байхгүй. Үндсэн хууль дахь Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй газарт амьдрах ёстой гэдэг заалт зөрчигдөж байна. Эцэст нь аавын минь нэр төрд халдаж, “Норсүрэн гуай хэдэн малаасаа болж  бухимдаж яваад  харвачихсан гэнэ лээ. Өөрийгөө удирдах чадваргүй болж, энд тэндхийн  хурал зөвлөгөөн үймүүлж, манай малын үхэл уранаас боллоо гээд хашгичаад явж байдаг болсон” гээд манай Зүүнбаян багийнхан хүмүүст сурталчлаад явж байдаг болсон. Намайг ХААИС-ийн II курст сурч байхад манай мал анх хорогдож эхэлсэн юм. Тэр үед “Тэдний охин нь хотод оюутан болсон, “Кожеговь” компаниа хотод гурван өрөө байр аваад өгсөн гэнэ лээ. Ганцаараа байж гурван өрөө байранд амьдардаг гэнэ” гэж гүтгэлэг тараасан байсан. Би малын эмчээр суралцаж  төгссөн. Дээр нь манай гэр бүлд ийм асуудал тохиолдсоноос болж надад нутаг орондоо мэргэжлээрээ ажиллах  боломж олддоггүй. Манай аймгийн мал эмнэлгийг  нэг гэр бүл хувийн компани шиг эзэмшин  монополь тогтоогоод олон жилийн нүүрийг  үзэж байгаа. Малынхаа асуудлаас болж аав минь тэдэнтэй хэл ам хийж байсан учраас намайг юу гэж ажилд авах вэ. Би ч гэсэн малын эрүүл мэндийн төлөө ажилладаггүй тэр хүмүүстэй  яалаа гэж хамтарч ажиллая, ажлын байр байна уу гэж  гүйж  очих вэ. Ер нь бол хүнд металлын хорноос болж малын өвчнүүд гарч, хээл хаядаг, гаж төл гардаг, дотор эрхтэн таван цул нь авах юмгүй идээ бээр болсон. Ийм малыг эмчлэх арга дэлхийд байхгүй байхад би  эмчилнэ гэж юу байх вэ. Энэ талаар малчдын мэдлэг, мэдээлэл ч муу. Иймээс “Нөгөө Норсүрэнгийн охин малын эмч болоод дуудлагад явж, вакцин  тариа хийгээд   байдаг. Тэр нь ямар ч  нэмэргүй үхээд  байх юм” гэж  ярихаас нөгөө хүнд металлын уршиг нь малын үр хөврөлд  яаж нөлөөлж байгааг мэдэхгүй.  Гэсэн ч  номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусных мэргэжлээрээ ажиллах хүсэл надад байдаг. Иймээс би судалж байгаад тусгай мэргэжлийн мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлье, зөвхөн вакцинжуулалтын чиглэлээр улсын төлөвлөгөөт ажил авч эмийн сан нээж ажиллая гээд Сайншанд сумын Засаг даргатай уулзахад “Ерөнхий мал эмнэлгийн бүх ажиллагаа явуулдаг мал эмнэлэгтэй гэрээ байгуулна” гээд зөвшөөрөл өгөөгүй. Одоо байгаа мал эмнэлэг нь манайд л лав дуудлагаар очдоггүй. Тэгсэн хэрнээ “Тэр Норсүрэн хэл ам хийгээд дуудлагын мөнгө өгдөггүй” гээд аавыг  гүтгэдэг. Би аавыгаа малын эмч дуудчихаад ирэхээр нь бензиний мөнгө өгөхгүй, эмний мөнгө өгөхгүй гэж хэл ам хийж хэрэлдэж байхыг огт сонсоогүй, тийм зүйл огт болж байгаагүй. Тэр эмчийг дуудлагаар ирж байсныг ч мэдэхгүй. Тиймээс “Хэдэн оноос хэдэн удаа ямар дуудлагаар ирж байсан, бүртгэл, баримтаа гаргаж шүүхэд өгөөд хохирлоо  барагдуул” гэж хэлсэн. Бид засаг захиргааны анхан шатны нэгж болох багаас эхлээд улсын хэмжээнд яваагүй газар өргөдөл өгөөгүй газар, байгууллага  байхгүй. Гарсан үр дүн үгүй. Хариу өгдөггүй, эсвэл “Кожеговь” компанийн талд шийдвэр гардаг. Мал нь ч, малчин нь ч, малчны үр хүүхэд ч, ийм л нөхцөл байдалтай, одоо хаана хэнд хандах вэ гэдэг асуудал байна.
 
–Дорноговь аймагт шинээр ураны  уурхай нээх гэж байгаа дуулдсан. Энэ үнэн үү?
 
-Дорноговь аймгийн Улаанбадрах сум өнөөдөр гамшгийн байдалд хүрсэн атал “Кожеговь” компани нэрээ сольж “Бадрах инержи” болоод   олборлолтын “А” лицензээ авч үйлдвэрээ барьчихсан. Удахгүй үйлдвэрлэл явуулах гэж байгаа гэж дуулдсан. Малчид, иргэд нь ч  тэмцэхээ байгаад цөхөрсөн. Уг нь тэнд малчид, иргэд орсон компанийн зөвлөл гэж байсан. Манай аав тэр зөвлөлд нь байсан, малчдын асуудлыг их ярьж шаардлага тавьдаг байсан. Энэ бүхнээс болоод аавыг тэр зөвлөлөөс гаргачихсан. Иргэд, малчдад танилцуулсан юм ч алга. Сүүлийн үед жижиг компаниудад төсөл тараадаг  сураг дуулдсан. Тэрэнд нь амаа үдүүлчихдэг юм уу,  юу болж байгаа, цаашид  хэрхэх талаар мэдээлэл  тун бүрхэг байна.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: Зууны мэдээ сонин