sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуульч А.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргасан байна. Энэ талаар өнөөдөр А.Эрдэнэцогт мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь заалтад, “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс үндэс, арьс өнгөөр ялгаврлан гадуурхсан бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан. 2016 оны УИХ-ын сонгуулийн үед төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгох талаар тухайн үеийн МАН-ын удирдлагууд ярилцаж буй бичлэг нийтэд ил болсон. Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан “60 тэрбум”-ын гэх тодотголтой энэхүү хэрэг нь МАН-ыг татан буулгах хууль зүйн үндэслэл болно. Энэ хэрэг үнэн болохыг одоогийн МАН-ын удирдлагууд болон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүлээн зөвшөөрсөн тул татан буулгах нь зөв” гэлээ.
Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-т зааснаар дээрх хүсэлтийг Улсын дээд шүүх ажлын таван өдөрт шийдвэрлэх ёстой юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг