sonin.mn
Өвчилж, үхэхээс наана эмнэлэгт очдоггүй.  Энэ бол бидний зовлон. 
Уул нь хүн төрөлхтний зовлон байсан. 
Одоо хөгжиж байгаа, хөгжилтэй улсуудын ялгаа болжээ.  Нийтийг хамарсан гамшиг болоход гамшгаас биш гамшгийн дараах эрүүл ахуйн нөхцөлөөс болж илүү олон иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирдог.  Гэхдээ гамшиг л бидний анхаарлыг татдаг.  “Нэг шүлс, Нэг үхэл” гэдэг тэмдэглэгээг 1906 оны Сан Францискогийн газар хөдлөлтийн дараа хаа сайгүй байрлуулж, нийтийн талбайд шүлс хаяхыг хориглож байв.  Ургац алдахгүйн тулд хортон шавжийг устгадаг химийн бодис нь хорт хавдрын шалтгаан болохыг өгүүлсэн “Чимээгүй хавар” ном 1962 хэвлэгдэхэд, бодисын хэрэглээг зогсоохыг шаардаж, нийт иргэд жагсаж, зогсоохоор хуульчилж байжээ.   Учир нь бараг нэг гэр бүлд нэг хорт хавдартай хүн байв. Зохиогч нь хүртэл хорт хавдраар нас барав.  1985 онд шатахуунд агуулагддаг хар тугалга (lead) нь хорт хавдар үүсгэгч тул хуулиар хориглов, 1999 онд асбестс (asbestos – шилэн хөвөн) нь мөн хорт хавдар үүсгэгч тул хориглолоо.  Дэлхийн бүх өндөр хөгжсөн улсад агаарын бохирдол хамгийн хүнд асуудал байсан. 30 жилийн өмнө Лос Анжелес хот хамгийн их агаарын бохирдолтой хотын нэг байсан бол 66 жилийн  өмнө Лондон хотод утаанаас болж 10,000 хүн нас барж байжээ.  Гэхдээ энэ бүх зовлонгийн шийдэл нь ХОРИГЛОСОН зохицуулалт байсан юм. 
 
Бид утааны зовлонтой болох нь гэдгийг Ардчилсан хувьсгал ялсны маргаашнаас мэдэж байсан.  Байгаль орчныг хамгаалах тухай хууль (1995 он), төрөөс экологийн талаар баримтлах бодлого (1999 он) гээд олон газар агаарыг хамгаалах зохицуулалт мэр сэр хөндөгдөж, тусгагдаж байсан.  Гэхдээ өвчлөөгүй байхад саранд хуцсантай адил байв.  2005 оноос агаар дахь нүүрс хүчлийн хий, тоосонцрыг хэмжих багаж, түүний хэрэглээг Монгол Улсын Их Сургууль дээр төслийн хүрээнд танилцуулж, хэрэгжүүлж эхэлсэн.  Агаарын бохирдол нүдэнд харагдахгүй ч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй нь тодорхой болсон тул УИХ-аас агаарын бохирдлын талаар авах арга хэмжээ нэртэй тогтоол баталж, агаарын бохирдлын зовлон эхэлсэн түүхтэй. Чихээр сонссон бүхэн худал, нүдээр үзэж итгэдэг тул 3 жил хүлээсэн.  Үүнээс хойш 2009, 2010, 2014 онуудад Дэлхийн Банк, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, UNICEF болон Профессор Кирк Смитийн зэрэг олон судалгаа хийгдэж, агаарын бохирдлын хор нөлөө, бохирдуулагч эх үүсвэрүүд болон бохирдлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байдаг.  Бүх судалгаан дээр шийдвэрлэх арга зам бол ХОРИГЛОХ гэжээ. 
Зовлон юунд байна вэ! Агаарын бохирдлын гол эх үүсвэр (80 гаруй хувь) нь гэр хорооллын айлууд. Хамгийн эмгэнэлтэй хохирогч нь мөн тэд. Ойролцоогоор 240 гаруй мянган өрх “гэр хороололд” амьдарч байгаа. 
 
Магадгүй Улаанбаатар хотод нийт сонгууль өгөх эрхтэй иргэдийн 50-60 хувь нь мөн тэр хэсэгт амьдарч байгаа болов уу.  Хэрэв эдгээр иргэдийн хэрэглээг хориглох, өөр эх үүсвэрт шилжихийг хуулиар шаардах аваас ямар ч улс төрийн хүчин олонхийн дэмжлэг хүлээхгүй.  Аль ч Засгийн газар нь хэвийн ажиллаж чадахгүй.  Тиймээс л дээрх судалгаанд зөвлөснөөр үр дүн багатай ч бохирдлыг хэт нэмэгдүүлэхгүй байх, багахан хэмжээнд бууруулах хөтөлбөрүүдийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн.  Үр дүнд нь утаа буураагүй. Судалгаанд буруу байхгүй, харин алаг цоог хэрэгжүүлсэнд л байгаа юм.  Утаа улам л өснө.  Төр хүлээсээр л байх болно.  Нийтийн сэтгэл зүй өөрчлөгдөх, өрх гэр бүл өвчлөх, сонгогчдийн олонх нь хориглосон зохицуулалтыг шаардах, түүний төлөө зогсохыг хүлээнэ.  Үр дүнд нь нэг үеийн эрүүл мэнд, амь нас хохирч, тэр үеийг ЭРҮҮЛ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙН тэмцэгчид гэх байх.  Ийм л түүхтэй байсан.  Ийм л түүх давтагдах байх, хэрэв бид ХОРИГЛОХГҮЙ бол.  
Агаар болон бусад бохирдлын асуудал бидний зовлон болоод удаж байхад, нэг ч төрийн институт энэ зорилгод байгуулагдаж, ажлаа хариуцаж ажилласангүй.  Сангийн зохион байгуулалтаар эсвэл салбар дундын удирдлагаар ямар ч улсад бохирдолтой тэмцдэггүй юм.  Мөн санхүүгийн эх үүсвэр нь уул уурхайгаас ирээдүйд бий болох орлого эсвэл зээл тусламж хэмээх хоосон лоозон дээр тогтдоггүй.  Энэ  мэт арга хийсэн үйлдэл бол төр хүлээж байгаагийн илэрхийлэл, гэхдээ бидний эрүүл мэнд, амь насыг дэнчин тавиад хүлээж байгаагийн илрэл.  
 
Хэрэв Улаанбаатарт 240,000 гаруй яндан байгаа бол тэр бүгдийг хурааж, буулгахаас нааш агаарын бохирдлоос салахгүй. Ядуурлаас гаргаж, орон сууцжуулж, ажлын байраар хангаж, соён гэгээрүүлэхээс чинь өмнө бүгдээрээ хохирогч болох, үүнтэй зэрэгцэн эрүүл мэндийн салбар, нийгмийн халамжийн тогтолцоо нурж унана.  Иймд ХОРИГЛОХ ёстой.  Ирээдүйд бий болох эх үүсвэрүүдийг хориглохоос эхлэх хэрэгтэй.  Шинээр шилжиж ирэх иргэдэд, шинээр хувийн сууц барихаар төлөвлөж байгаа иргэдэд, шинээр газар эзэмших гэж байгаа иргэдэд, өөр дүүрэгт шилжин суух гэж байгаа иргэдэд ухаантай, ухаангүй бүх зуух, яндан хэрэглэхийг хориглож, барьсан тохиолдолд гэрт нь орж нурааж, торгож, өмчлөх эрхэд нь хязгаарлалт тогтоох хэрэгтэй.  Дараа нь одоо байгаа эх үүсвэрээ хязгаарлах зохицуулалтыг хийх нь зүйтэй.  Бүсчлэлийн хууль батлах замаар аль бүсэд, хэзээнээс яндан хэрэглэж болохгүй болохыг тодорхой болгож, мөн тодорхой бүсэд бохирдлын төлбөр, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээг ихэсгэж, хөнгөлөх байдлаар энэхүү хязгаарлалтын зохицуулалтыг хийж болно.  Маш олон зохицуулалтын боломж байна. Гэхдээ бүх зохицуулалтууд нь яндангийн тоог бууруулахад чиглэх болохоос өөр яндан, түлшээр орлуулахад чиглэгдэж болохгүй.  
Коммунистууд бол хүчээр хориглох байх.  Учир нь энэ тогтолцоонд нийтийн ашиг сонирхол ямагт хувь хүний эрх чөлөөнөөс дээд байдаг: үүнийг ч өмнөд хөрш нотолж байна.  Харин бид нэгж иргэний эрх чөлөө, нийт иргэдийн ашиг сонирхлыг дэнсэлж, хуулийн хүрээнд зохистойгоор хязгаарлаж – агаарын бохирдлын эх үүсвэрийг ХОРИГЛОХ шаардлагатай.  Бидний зовлон утаа биш. Өвчилж, үхэх хүртлээ явахаар шийдсэн мугуйдал, биднийг өвчилж, үхэхийг хүлээсэн төр юм.  Уул нь ардчилсан төр чинь нийтийн ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалдаг төр юм шүү! ХОРИГЛОХ ЁСТОЙ. 
 
 
Д.Баяр