Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл буюу салют худалдаж авахгүй, хэрэглэхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Энэ талаар бид ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхантай ярилцлаа. 
 
Өнгөрсөн жилүүдэд баяр тэмдэглэхийн зэрэгцээ салют, пиротехник хэрэгслийг буруу ашигласнаас үүдэн хуруу гараа тайруулахад  ч хүрч байсан гашуун сургамж иргэдэд бий. Тэгвэл энэ жил иймэрхүү явдал давтахгүй байгаасай гэдэг үүднээс ОБЕГ-аас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? 
 
-Тиймээ пиротехникийн хэрэгсэл буруу ашигласан, чанар, аюулгүй байдлын баталгаагүй салют, бенгаллын гал хэрэглэснээс бэртэж гэмтэх тохиолдол иргэдийн дунд цөөнгүй тохиолддог.
Онцгой байдлын ерөнхий газраас энэ талаар пиротехникийн хэрэгсэл гар дээрээс худалдаалахгүй байлгах, зориулалтын бус газарт хэрэглүүлэхгүй байх, холбогдох тогтоол шийдвэр, норм, дүрмийн шаардлагын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх талаар засаг захиргааны нэгж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсүүдэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэх, пиротехникийн хэрэгслийн ослоос сэрэмжлүүлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлгийг тогтмол явуулах чиглэл өгөөд байна. Мөн хэвлэлийн бага хурал хийж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын талаар мэдээлэл хийсэн.
 
-НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглосон байдаг. Энэ хориг хүчин төгөлдөр хэвээрээ юу? 
 
- НИТХ-ын Тэргүүлэгчдийн пиротехникийн хэрэгсэл гар дээрээс худалдан борлуулахыг хориглосон тогтоол шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Дээрээс нь нэмж хэлэхэд тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжтай ажлын хэсэг пиротехникийн хэрэгсэл гар дээрээс худалдаалж байгаа зөрчлийг арилгуулахаар нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн байгаа.
 
- Зарагдаж байгаа салют, тэсэрч дэлбэрэх бодист ямар газар, хэрхэн хяналт тавьдаг вэ ?
 
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “пиротехниийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрэм”-д зааснаар гадаадаас орж ирж байгаа пиротехникийн хэрэгсэлд гаалийн байгууллага шалгалт хийж нэвтрүүлдэг. Ингэж орж ирсэн пиротехникийн хэрэгслийг мэргэжлийн хяналтын төв байгууллага туршин шалгаж ашиглаж болох талаар акт гаргасны үндсэн дээр тухайн импортоор оруулж ирсэн аж ахуйн нэгж, байгууллагын худалдан борлуулах, үйлчилгээ үзүүлэх эрх нь нээгдэх юм. 
Ингээд болоогүй ээ. Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн операторчинтой аж ахуйн нэгж, байгууллага нь үйлчилгээ үзүүлэх бүрдээ тухайн нутаг дэвсгэрийн Цагдаагийн болон Онцгой байдлын байгууллагад бүртгүүлж, зөвшөөрөл авна. Цагдаа, Онцгой байдлын байгууллага нь үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгсэл ашиглах тохиолдол бүрт хяналт тавин ажилладаг журамтай. 
Тодруулж хэлэхэд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд “пиротехникийн хэрэгсэл” гэж хурц гэрэл гэгээ цацруулдаг буюу чанга дуу чимээ үүсгэдэг баяр ёслол, үзвэр, цэнгээний зориулалтаар ашиглагдах хэрэгсэл гэж заасан. Мөн пиротехникийн хэрэгслийг 20 метрээс их зайд аюул учруулах хүч чадалтай бол үзвэрийн  20 метрээс бага зайд аюул учруулах бол хэрэглээний гэж ангилдаг. Өөрөөр хэлбэл нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэглээний пиротехникийн хэрэгслийг худалдаалах, ашиглахыг НИТХ тогтоолоор бүрэн хориглосон. Энэ нь иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ. 
 
-Иргэдийн гар дээрээс салют худалдан авахгүй байхыг анхааруулсаар байна. Үүнтэй зэрэгцээд хаанаас салют худалдан авах  нь найдвартай, аюулгүй вэ гэдэг асуулт гарч ирж байна? 
 
- Уул уурхайн яамнаас пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авдаг. Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани байгаа.
 
- Тэгвэл  пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдан борлуулсан иргэн аж ахуй нэгжид ямар хариуцлага тооцдог вэ?
 
- Зөрчлийн болон эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Мэдээж зөрчлийн хир хэмжээ, учруулсан хор, хохиролоос хамаарна.
 
- Иргэд салют худалдан авахдаа юуг  анхаарах ёстой вэ? 
 
- Хамгийн нэгдүгээрт мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, зөвшөөрөл тэгээд тухайн пиротехникийн хэрэгслийн гадаад байдал сав баглаа, ашиглах заавар, хадгалах хугацаа, хүчин чадал, зориулалт, аюулгүй ажиллагааны заавар зэрэгт анхаарна. Ер нь улсын хэмжээнд 2 албан ёсны тусгай зөвшөөрөлтэй байгууллага байдаг. Албан ёсны зөвшөөрөлгүй гар дээрээс, хууль бусаар худалдаалж байгаа пиротехникийн хэрэгсэл авч хэрэглээд хохирсон тохиолдолд ямар ч хариуцлага хүлээх эзэнгүй болдог гэдгийг иргэд ойлгож хариуцлагатай хандаарай гэж анхааруулмаар байна. Пиротехникийн хэрэгслийг бөөнөөр худалдан авч байгаа аж ахуйн нэгж, иргэд худалдаалагч байгууллагаас барааг, ашиглах заавар, аюулгүй ажиллагааны зааврын хамт авах шаардлагатай.
 
-Салют буюу пиротехникийн хэрэгслийг ашиглахыг хориглосон газар гэж байх уу? Жишээлбэл нийтийн эзэмшлийн орон сууц, барилгын зоорийн давхарт гэх мэтчилэн? 
 
- Пиротехикийн хэрэгсэл нь ямар нэгэн байдлаар тэсэрч дэлбэрдэг, гал, дөл, их дуу чимээ гаргадаг гээд дотор орчинд ашиглахад галын аюултай цаашлаад хүмүүсийн тав тух, амгалан тайван байдлыг алдагдуулна. Тиймээс пиротехикийн хэрэгслийг барилга объектод ашиглаж болохгүй. Зарим тохиолдолд гадна орчинд хориглоно жишээ нь, галын аюултай шатамхай, тэсэрч дэлбэрэх аюултай объектын ойр орчимд пиротехникийн хэрэгсэл ашиглаж болохгүй. 
 
- Цаг зав гарган  ярилцлага өгсөн танд баярлалаа.