sonin.mn
Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаар зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласантай холбогдуулан бүх нийтээр авлигыг үл тэвчин, тухай бүр илчилж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө хамтарч, нэгнээ дэмжин ажиллах хүрээнд Нийслэлийн прокурорын газраас “Авлига, албан тушаал, мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалахад” прокурорын хяналтыг чиглүүлэн ажиллаж байна.
 
 
Гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд, манай улсын хэмжээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан Мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оныхоос эрс өсч, холбогдсон хүмүүсийн 50-иас дээш хувийг 16-25 насны хүмүүс эзэлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчид өртөх явдал ихээр гарч байна.
Дээрх байдалд дүгнэлт хийн, холбогдох хууль тогтоомжуудыг таниулан сурталчлах, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эм бэлдмэл, бодисыг хэрэглэвэл хуулийн ямар хариуцлага хүлээх, хэрэглэхгүй байхын тулд хувь хүн өөрийгөө хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх талаар дангаараа болон зарим дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагуудтай хамтран Хөдөө аж ахуйн их сургууль, Улаанбаатар дахь Англи /Бритиш/ сургууль, Орчлон олон улсын сургууль, СУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, ХААИС, Глобал удирдагч, Их засаг Их сургууль, Улаанбаатар дээд сургууль гэх зэрэг их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын нийт 4558 гаруй оюутан, сурагч, албан хаагчдад тэдгээрийн насны онцлог, сэтгэл зүйд тохирсон сургалтуудыг зохион байгуулжээ.
 
 
Энэ оны зөвхөн 11-12 дугаар саруудад Хар тамхи мансууруулах бодистой холбоотой 23 хэрэг, мөн үүнээс гадна авлига, албан тушаал, хүрээлэн буй орчны эсрэг, бусдыг санаатай алах, залилах, бага насны хүүхдийг хулгайлах, улсын хилээр хязгаарласан, хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх зэрэг нийтдээ 44 хэрэгт Эрүүгийн хуульд заасан холбогдох зүйл, хэсгээр прокурорын яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлээд байна. Эдгээр хэргүүдийн заримаас дурдвал:
БНХАУ-ын иргэн Я нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 01 дүгээр сард бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг завдсан.
 
-“Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Р, Н нар, мөн Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ажилтан О нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус тус бусдаас хахууль авсан” гэх;
-“Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э гэгч нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгож, давуу байдал тогтоосон” гэх;
-“Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас олгодог байгалийн ургамал, ойн дагалдах баялаг тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн болох самрын идээг гадаадад гаргах зөвшөөрлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн ашиглаж, самрын идээг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар хил нэвтрүүлсэн, хуулийн байгууллагаас битүүмжилсэн байсан самрын идээг санаатай үрэгдүүлсэн” гэх М нарт холбогдох;
-“Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М нь 2018 оны 08 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-г зодож, алсан” гэх;
-“2018 оны 6 дугаар сард О гэгч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 5 хоногтой нярай хүүхдийг салхилуулна гэж, мөн энэ оны 8 дугаар сард Б нь Дархан-Уул аймагт хашааныхаа гадна тоглож байсан 5 настай хүүхдийг хуурч дагуулан явж, бага насны хүүхдийг тус тус хулгайлсан” гэх эрүүгийн хэргүүдийг гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхүүдэд шилжүүлээд байна.