sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ шинэ жилийн баярын өдрүүдэд 892 дуудлага хүлээн авснаас 306-г зам тээврийн ослоор бүртгэж, шийдвэрлэсэн талаар тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал мэдээлэв.
Тус алба ЦЕГ-ын даргын тушаалаар өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл албаны 2 дугаар зэргийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд энэ үеэр гарсан зам тээврийн осол, мэдээллийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв. 
 
ТЦА-ны УСХ-ийн мэргэжилтэн Б.Лхагважаргал, "ТЦА-ны алба хаагчид нийслэлийн хэмжээнд  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ачааллыг бууруулах чиглэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ 129 уулзвар, гудамж замыг хяналтандаа авч ажилласан.  Эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөн ачаалал багатай хэвийн үргэлжиллээ.
Бүртгэгдсэн зам тээврийн осол зөрчлийн улмаас 5 хүний амь нас хохирч, 35 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авсан. Зам тээврийн ослын улмааас амь насаа алдсан хүн өсөлт бууралт байхгүй. Гэмтсэн хүний тоо 12.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сүхбаатар, Баянхонгор, Орхон аймаг, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт  хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэн бөгөөд хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг нь авч үзвэл явган зорчигч 3, жолооч 1,  тээврийн хэрэгслээр зорчиж байсан 1 иргэн өртжээ. Эдгээр ослын 60 хувь нь орон нутгийн замд онхолдох хэлбэрээр гарав. Улсын хэмжээнд зам тээврийн осолд 3 хүүхэд өртөж гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.1 хувиар буурав. Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгааныг үзвэл харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гарч байх үедээ өртөх нь дийлэнх хувийг эзэлж байна.
Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 18.9 хувиар, нийслэлд 18.6 хувиар өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол улсын хэмжээнд 3.8 хувиар, нийслэлд 7 хувиар буурсан байна" гэлээ.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг