sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон байрны хулгай хийж байсан эмэгтэй, 32 настай Ш-ийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн баривчилжээ.
Тодруулбал, Өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, ахлах ахлагч Б.Батбаатар, дэд ахлагч Э.Мөнхжаргал нар айлын онгорхой цонхоор хулгайлах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй этгээдийг олж харжээ. Сэжигтэй этгээдийг даруй шалгахад өмнө нь энэ төрлийн 4 удаагийн хэрэг үйлдэж, ял эдэлж байсан этгээд байв. 
Түүний хулгайлж байсан эд зүйлийг урьдчилсан байдлаар 22 сая төгрөгийн үнэ бүхий Турк алтан ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяга, эдлэлүүд байсныг тогтоосон байна. Уг этгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ, "амьдралын боломж муу учраас нялх 2 сартай хүүхдээ тэжээхийн тулд хулгай хийсэн" гэжээ. Түүний гэмт үйлдэлд таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьсон байна. Мөн тэрээр дээрх хэргийг үйлдэхдээ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хулгайн хэргээг шалгагдаж байсан аж.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг